Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээнд 15 аймаг, Улаанбаатар хотын таван дүүргийн нийт 350 хүүхэд, залуус зургаан насны ангилалд өрсөлдөв. Багийн нийлбэр дүнгээр П.Ганхуяг дасгалжуулагчтай Баянхонгор аймгийнхан тэргүүлж, С.Банзрагч дасгалжуулагчтай Увсынхан мөнгө, Б.Сүхбаатар дасгалжуулагчтай ДарханУул аймгийнхан хүрэл медальтай нутаг буцлаа. Энэ удаа 10 насныхны ангилалд Б.Бизьяа, 11 насныхад Ц.Хишигбаяр (Баянхонгор), 12 насныхад Д.Алтан-Эрдэнэ (Өмнөговь), 13 насныхад Г.Баттогтох (Увс), 14 насныхад Н.Эрхэмбаяр, 15 насныхад Д.Мөнхтөгс (Сэлэнгэ аймаг) түрүү бөхөөр шалгарсан юм. Нэрэмжит барилдааны эзэн Д.Цэрэнтогтох аварга үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор “Москва-1980” зуны олимпод шагналт V байр эзэлж, “Теге¬ран-1974” Азийн зуны спортын наадмаас алт, “Шинэ Дели-1982” наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ.