Монголын шатрын үндэсний шигшээ багийнхнаас эмэгтэй найм дахь их мастер төрлөө. Словени улсын Марибор хотод өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан Каспаровын шатрын сангийн нэрэмжит “Friendship festival” тэмцээний нээлттэй ангилалд Б.Мөнгөнзул оролцохдоо олон улсын чансаагаа 29.2 оноогоор ахиулан 2451 үзүүлэлттэй тоглож, эрэгтэйчүүдийн олон улсын мастер (IM) болон эмэгтэйчүүдийн их мастер цолны нэг нормыг тус тус биелүүлсэн. Тэрбээр өмнө нь цолны хоёр нормыг амжилттай биелүүлж, 2300 чансааны босгыг давсан тул эмэгтэй их мастер цолны болзлыг хангаснаар найм дахь их мастер цолтон боллоо. Мөн эрэгтэй чүүдийн олон улсын мастер (ОУМ) цолны хоёр дахь нормыг биелүүлж, 2400 чансааны босгыг давсан түүнд сүүлийн нэг нормоо биелүүлэх л үлдэж байна. Дээрх тэмцээнд оролцсон ОУМ Х.Итгэлт 180 тоглогчоос 16 дугаар байрт орж, олон улсын чансаагаа 6.7 оноогоор ахиуллаа.