
Халхын нутагт хасаа, сумны хийцээрээ нэрээ цуурайтуулсан Монгол Улсын гарамгай мэргэн Ш.Батсүхийг шагайн харваачид “Мэргэн Баавай” хэмээн авгайлан ихэд хүндэлдэг. Тэрбээр шагайн харвааны эд хэрэгслийг хийхдээ тухайн хүний биеийнх нь онцлогт тааруулж, донжийг нь олж урладгаараа алдартай. Баавайгаар нутаг нутгийн харваачид баяр наадмын шагайн аравч, хашлага, сумаа хийлгэхээр зорьж ирэх нь олон. Наадмын өдөр хоногууд дөхөх тусам сэтгэл нь догдолж, малгай, дээл, бүс, шагайн харвааны эд хэрэгслээ зэхэж, сум тавихаар яаран шавь нартайгаа бэлтгэлээ эхлүүлдэг байна. Сүүлийн үед шагайн харваачид ур, хийц сайтай, ховор нандин эд зүйл хэрэглэдэг болсон.
Тэртээх 1974 оноос хойш өнөөг хүртэл шагайн харвааны эд хэрэгсэл урлаж буй түүний энэ спорттой нөхөрлөсөн түүх их сонирхолтой. 1966 онд ангийн анд Л.Цэнд-Аюуштай уулзахаар очих бүрд гэрийнхэн нь “Шагай харвахаар явчихсан” гэдэг байж. Нэг өдөр андынхаа шагай харваж буй газар яваад очтол “Чи сум тавь” гээд ганц шүдэнзний мод хөндлөн тавьсан зурхай руу заахад хашлага, сумыг нь аваад харватал оножээ. Тэр өдрөөс шагайн харваанд дурлаж, бүр хорхойссон гэдэг. Амьдралынхаа 70 гаруй жилд уран бүтээлээ туурвихаас гадна шагай харваж, мужаан, сийлбэр зэрэг элдэв ажил хийсэн тэрбээр “Бурхан надад авьяас билэг, ур ухааныг харамгүй хайрлахын зэрэгцээ туулах ёстой зүйлийг ч бас өгсөн гэж боддог” хэмээн өгүүлж билээ.
Шагайн харваачид цэц сорих эрдэм заасан багшаараа бахархаж, зааж, зөвлөснийг нь амьдралдаа хэрэгжүүлэх нь түгээмэл. Тэрбээр залуудаа Б.Цэвэграш багштайгаа тойром харваанд очиж, шагай харвадаг байв. Багш нь хошин үгтэй, олныг хөгжөөдөг, Монголын түүх, өв соёл, тэр дундаа шагайн харвааны үүх түүхийг мэргэжлийн судлаачаас дутахгүй мэддэг хүн байлаа. Шавьдаа “Дөрвөн сум тавьдаг, дөрөв онодог хүнийг шагайн харваач гэдэггүй. Хасаа сайхан малладаг, сайхан уухайлдаг, сум сайхан хаяж өгдөг, шагайн харвааны үүх түүхийг мэддэг, ахас ихсээ хүндэлдэг, залуусаа хайрладаг тийм хүнийг хэлдэг юм. Хожихоос илүү хожигдож байж шагай харваж сурдаг юм” гэж захидаг байжээ. Багшийнхаа зааж сургасан уламжлалаар явж, өдий зэрэгтэй харваач болсондоо тэрбээр баярлаж, багшийнхаа амьдрал, үйл хэрэг, шагайн харваатай нөхөрлөсөн он жилүүдийнхээ тухай “Миний мэдэх шагайн харваа” ном бичиж 2020 онд хэвлүүлсэн юм. Тэрбээр багшийгаа дурсахдаа “Би 16 настайдаа шагайн харваагаар хичээллэн, аймгийнхаа Сэврэй сумын харваач Доржжүг гуайн багт харваж сурсан. Шагай харвааны хэрэгслээс сум хийж эхлэх үед эдийн засагч мэргэжилтэй Б.Цэвэграш хэмээх хүн уулзаад “Чи дориун уран гартай хүү юм. Чамд шагай харвах авьяас харагдаж байна” гэлээ. Багш шагай харвааны дэг жаяг, дүрэм журмаас эхлээд шударга тоглох талаар “Оноо тааруухан улстай нийлбэл сайн онодог хүн ганцаарддаг юм. Тийм үед нь хожих гэж битгий улайрч бай. Шагай харвахдаа сайхан уухайлж сурах хэрэгтэй. Дэвсгэр, суудал дээрээ цэх сууж харва. Урдуур, хойгуур чинь хүн явахад тээглээд байхааргүй суу” гэх зэргээр зөвлөж захидаг байлаа” хэмээн өгүүлсэн юм. Тэрбээр мөн багшийнхаа адил шагайн харвааны уламжлалт ёс заншлын талаар залуу харваачдад ойлгуулж, “Шагайн харваа өөрийн гэсэн дэг жаягтай. Суудал дээрээ зөв сууж харва. Зүүн өвдөгнөөс шагай харвахад суудал шахагддаггүй юм” гэх зэргээр ажил, амьдралд нь хэрэг болох олон зөвлөгөө хэлдэг байна.
“АЛТАН ХУМСТ” ХЭМЭЭН ХОЧЛУУЛАХ БОЛСНЫ УЧИР
Шагайн харваа олон зуун жилийн түүхтэй наадгай. Ухаан төвлөрүүлж, ур чадвартай болгохоос гадна харваачдын нөхөрлөлийг батжуулж, олонтой эвсэг, нээлттэй, даруу төлөв болгодог. Тэрбээр 60 жил шагай харваж буй. Хол, ойр явахад, эсвэл тэмцээн болж буй газарт очиход түүнийг таньдаг, мэддэг хүнтэй таарна. Үгүй дээ гэхэд л сургийг нь дуулсан хүн заавал байдаг. Залуу байхаасаа л шагайн харваачдын дунд “Алтан хумст” хэмээх хочтой явсан түү нийг нутгийнх нь зон олон, газар газрын харваачид “Мэргэн Баавай” хэмээн хүндлэх болсон юм. Монголын шагайн харвааны торгон ногоон зүлгэн дээр Халхын цуутай харваачидтай мөр зэрэгцэн хүрэн зандан зурхайд сум тавьж эхэлснээс хойш тэрбээр өдгөө 30 гаруй шавь энэ спортод бэлджээ. Түүнээс “Таныг уран гартай болохоор хүмүүс “Алтан хумст” гэх болсон биз” гэж асуухад “1990-ээд оноос өмнө шагайн харваачид жилдээ нэг тойром харваанд цуглан, мэнд усаа мэдэлцэж, сайхан нааддаг байлаа. Би тойром харваанд бэлдэх санаатай зурхай, аравч хийгээд хөвөөний мод зүлгэж суутал нарсны өргөс хумсны завсарт орчихов. Тэгээд л тал хумстай Хонхорын тойром харваанд очлоо. Би ч одтой сайн харваж, оносон юм. Моторын гэрэлд шагайн харваачид шөнөжин харвахад хүмүүс шаваад л үзлээ. Тэгтэл харваж байтал тал хумс минь уначихав. “Халхын хар” нэрээр алдаршсан Ж.Бархас бид хоёр эртний танил. Надтай шагай харвах гээд манайхаар байсхийгээд зочилдог сон. Миний хумс унаж, харваж болохгүй тул аймгийн театр, модны үйлдвэрийн залуусыг цуглуулж, түүнтэй шагай харвуулна. Тэднээс хэдэн залуу миний шавь болж, шагай харваж сурсан. Ж.Бархасыг ирэхээр нь би шавь нараа дууддаг байв. Тэрбээр нэг өглөө тээвэрт явахынхаа өмнө надад “Хүн шүд хийлгээд мах идэж болоод байхад чи уран дархан байж хумс хийгээд шагай харвахгүй юу” гэлээ. Түүний хэлснийг олон хоног бодсоны эцэст эвэр үрж, хумсмаягийн зүйл хийж, хуруундаанаахааршийдэв. Эхнэр бид хоёр нэр нэгтэй. Манай хөгшин аймгийн ахуйн үйлчилгээний газарт гуталчнаар олон жил ажилласан. Хөгшнийхөө гутлын шар цавуугаар наатал тогтож байна. Нөгөө наасан хумстайгаа нэг хэсэг шагай харвалаа. Тэгтэл Булган аймгийн Могод сумын харьяат, шавь Шарав “Та тал хумстай шагай харваж байснаас бүтэн болгоод харваач” гэлээ. Бүтэн хумс хийх гэхээр төмрөөс өөр зүйл бодогдсонгүй. Нимгэн гууль хяргаж байгаад л эмэгтэй хүний хумс шиг болгоод универсаль цавуугаар наав. Хэнтий аймагт 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн баярыг тэмдэглэхэд нутгийнхаа харваачидтай очиж харвахад хүмүүс харчихаад “Алтан хумст харваач” хэмээн ярьж эхэлсэн. Үүнээс хойш намайг ийн хочлох болсон юм” гэв.
МОНГОЛ УЛСЫН ГАРАМГАЙ МЭРГЭН ЦОЛ ХҮРТЭВ
990 оноос хойш тэмцээнд байр эзэлсэн шагайн харваачдад цол, зэрэг олгодог болсон. Тэрбээр 1994 онд УАШТ-д мөнгөн медаль хүртэж, 1998 онд шагайн харваач Д.Арцадын багт нэгдэв. Харин Д.Арцад моринд хорхойсож, хурдан хүлэг наадамд сойдог болжээ. Багийнхаа харваачидтай нэг өдөр ярилцаж суух зууртаа Ш.Батсүх “Шагайн харвааны багаа Д.Арцадынх гэж нэрлэх үү, яах вэ” гэхэд нөхөд нь “Д.Арцад уяач болохоор явчихлаа. Танаар нэрлээд, тэмцээнд оролцъё” гэжээ. Тэр жилийн наадмаар багаараа мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч агсан П.Очирбаттай гар барьж үзсэн гэдэг. Дараахан нь ахмадын аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнээс хүрэл медаль зүүв. Хоёр мөнгө, нэг хүрэл медальтай тэрбээр шагай харваачдын эрэмбээр цол хүртэхэд арай дутуудаад байлаа. Тэгтэл олон шавь төрүүлж, энэ спортыг эх орондоо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан, мөн шагайн харвааны эд, хэрэглэл урладаг хичээл зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын гарамгай мэргэн цол хүртээж, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цолоор шагнасан байна.
Шагайн харваачид гарынхаа бяд тамир, нясалгааны арга техникт тохирсон сум барих нь чухал. Түүнд байгалиас заяасан нэг онцлог бий. Залуугаасаа хашлага, сумтай ноцолдсон болохоор тухайн хүний нясалгааг хараад сумыг нь засаж, эсвэл хийж өгдөг тул олноос урам хайрласан магтаал цөөнгүй сонсдог байна. Тэрбээр Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул. Залуудаа Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Гомбосүрэн гуайн шавь болж, Дундговь аймагт уран зургийн дамжаанд суралцжээ. БНХАУ-ын Бээжин хотын уран зургийн дээд сургуульд 1956-1963 онд сурсан багшийнхаа зурах эрдмээс суралцсаны үр дүнд тэрбээр улсын IV зэрэгтэй зураач болж, аймгийнхаа дүрслэх урлагийн салбарт нэг хэсэг ажиллажээ.
БҮЖИГЧИН ЗАЛУУ ШАГАЙН ХАРВААЧ БОЛСОН НЬ
Гурван үеэрээ энэ спорттой хувь заяагаа холбосон айл цөөн байдгийн нэг нь Ш.Батсү хийнх. Түүний хүү Монгол Улсын дархан мэргэн Б.Баатарбат. Өмнөговь аймгийн хөгжимт драмын театрт 1987 онд бүжигчнээр орж, байгууллагынхаа II багийнхантай хамт шагай харваж чамгүй амжилт гаргажээ. Ач хүү Б.Чингэсболд мөн л шагай харвадаг. Аймгийн гоц мэргэн цолтой. Аав, өвөөгийнхөө заасан эрдмээс суралцаж, Монголд шагайн харвааг хөгжүүлэх үйл хэрэгт зүтгэж буй. Б.Баатарбат өдгөө Франц улсад амьдардаг. 2009-2019 он хүртэл Европ дахь монгол шагайн харвааны холбооны тэргүүнээр ажиллажээ. Аавынхаа аравч, зурхай, сэнтий, хашлага, сум урлах өвөрмөц ур хийцийг ч бас өвлөсөн юм. Тэрбээр улсын наадамд багийнхантайгаа хоёр удаа IV байрт шалгарч, УАШТ-д мөнгө, хувийн цуваа харваанд хүрэл, Холбооны цом, Улаанбаатар хотын АШТ-ээс алтан медаль хүртэн, Өмнөговь аймагт болсон анхдугаар нээлттэй тэмцээн, Баянхонгор аймаг дахь Баянцагааны тойром харвааны түрүү харваачаар тодорч байв. Европын олон оронд үндэсний спортоос Монгол түмний түүхт наадгай болох шагайн харвааг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Тэрбээр гэр бүлийнхээ хамт 2009 оны нэгдүгээр сард Францыг зорьж, Монгол Улсын мэргэн Ё.Чүлтэмбаяртай хамтран Бельгийн вант улсад очихдоо яруу найрагч С.Билэгсайхан агсантай танилцжээ. Тэд уулзалтынхаа үеэр Антверпен хотод дөрөвдүгээр сарын 11-нд болох шагайн харвааны тэмцээнтэй Монгол соёлын өдөрлөгийг хамтад нь зохион байгуулахаар ярилцаж, ерөнхий зохион байгуулагчаар С.Билэгсайхан агсан, ерөнхий ивээн тэтгэгчээр нь Ё.Чүлтэмбаяр, шагайн харвааны тэмцээнийг Б.Баатарбат хариуцсанаар Европт шагайн харвааг хөгжүү лэх тулгын гурван чулууг анх тавьжээ.
Франц дахь монголчууд Аттила хааны цэргийн хуарангийн туурь байрладаг түүхэн газарт наадмаа хийдэг. Гадаадынхан шагайн харваанаас Монголын түүх, ёс заншил, нүүдэлчдийн өвөрмөц ахуй амьдралыг олж харахыг хүсдэг байна. Түүнийг шагайн харвааг сурталчилж явахад Монголын түүх, соёлтой холбоотой зүйл сонирхож их асуудаг аж. 2009 онд дөрвөн баг тус бүр дөрвөн харваачтай эхлүүлж байсан бол өдгөө Европын 10 гаруй улсад Монгол шагайн харвааны салбар холбоо байгуулагджээ. Тэрбээр 2019 онд Европын орнуудад шагайн харвааг хөгжүүлсний 10 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж, холбооныхоо тэргүүний ажлыг залууст албан ёсоор хүлээлгэж өгчээ. Одоо Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Батзориг Европ дахь монгол шагайн харвааны холбооны тэргүүн, ерөнхий нарийн бичгийн даргаар нь А.Баярхүү ажилладаг аж.
ШАГАЙН ХАРВААГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛЭХЭД ХҮҮ НЬ ГЭРЧЭЭР ОРОЛЦЖЭЭ
Шагайн харвааг олны сэтгэл зүтгэл, хөдөлмөрийн хүчээр ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэсэн. ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан Францын Парис хотод 2014 оны арваннэгдүгээр сарын 24-28-нд болсон билээ.Тус хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцэж, Монгол Улсаас нэр дэвшүүлсэн шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхын саналаар бүртгэн авсан юм. Монгол шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд Б.Баатарбат гэрчээр оролцож, төв байрт нь хуран цугласан хүмүүст гурван өдөр сурталчилсан гэдэг.
Б.Баатарбат 2003 оны шагайн харвааны УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, үүнээс хоёр жилийн дараа нь Р.Нямаа хэмээх хүний багт нэгдэж, багийн цуваа харваанд хүрэл медаль зүүсэн юм. Тэр жилээ Үндэсний их баяр наадмын шагайн харваанд түрүүлж, Монгол Улсын гарамгай мэргэн цол хүртэв. Тэрбээр багийнхантайгаа бэлтгэл базааж, наадмын үзүүр түрүүнд тунахаар сайн ч тоглосон. Аваргын төлөө өмнө нь хамт тоглодог байсан “Монголросцветмет” нэгдлийн багийнхантай өрсөлдөж, төрийн наадамд түрүүлэн аав, багшийгаа баярлуулсан юм. Түүнээс хойш 2012 онд Архангайн аймгийн Хайрхан сумын уугуул, Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранзын багийнхантай УАШТ-д түрүүлж, Монгол Улсын дархан мэргэн цол хүртжээ.
Хүүхэд байхаасаа аавынхаа шагайн харвааны сумыг зөөж, үндэсний спортод сэтгэл татагдсан тэрбээр гэрийнхнээсээ хамгийн тууштай хичээллэсэн нь. Түүнд шагайн харваа заасан анхны багш нь аав нь ч харвах ухааныг нэг бүрчлэн зааж, сургасан ачтан бол Өмнөговь аймгийн шагайн харваач Монгол Улсын хошой мэргэн Ц.Батбаяр аж. Ааваасаас сурсан эрдмээ тэрбээр мөн хүүдээ ч өвлүүлж яваа юм. Энэ талаар тэрбээр “Аав шагайн харвааны эд, хэрэгсэл урлаж дуусаад багажаа надаар хураалгадаг байлаа. Үлдсэн ганц нэг модны өөдсөөр хашлага, сум өөрийнхөө хэмжээнд хийж эхэлсэн. Хашлагад давхар хөмсөг татахыг (барьц нааж хийх) аав анх санаачилсан юм шүү дээ. Аавынхаа урлахыг харсаар хашлага, сум хийж сурсан. Аав сум хийцээрээ бусдаас ялгардаг. Миний хувьд урладаг хэмжээнд нь хараахан хүрэхгүй. Тухайн харваачийн нясалгааг аав ганц хараад сумны жин, хэлбэрийг нь тохируулж урладаг авьяас нь гайхамшигтай” хэмээсэн юм.