Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан байлдааны болон спорт самбо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийнхан 25 орны 600 тамирчинтай өрсөлдлөө. Эхний өдөр тэмцээний салхи хагалж, эрэгтэйчүүдээс Д.Гансүх, эмэгтэйчүүдээс Д.Сарантуяа мөнгө, С.Буянзаяа хүрэл медаль хүртэв. Хоёр дахь өдрийн барилдаанд байлдааны самбогийн төрөлд эрэгтэйчүүдээс 64 кг-ын жинд Ц.Төгсболд анхны алтан медалийг гардлаа. Түүний амжилт багаа долоон байр урагшлахад нөлөөлжээ. Өсвөр үеийн шигшээгээс охидын 59 кг-д Г.Энхжин алт, П.Эрдэнэбулган, Л.Эрдэнэчимэг нар мөнгөн медаль зүүсэн юм. Тэднээс гадна 14 тамирчин медалийн эзэн болж, шагналын тавцанд зогслоо. Жин тус бүрийн ангилалд нийт 24 медаль хүртсэн нь манайхны хувьд сүүлийн таван жилд гаргаагүй томоохон амжилт байв.