Казахстаны Астана хотод зохион байгуулсан жүдо бөхийн “Их дуулга”-д Монголын үндэсний шигшээ багийн тамирчид зодоглолоо. Тэднээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Азийн аварга, дэлхийн хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн эхний тойрогт Италийн тамирчин Р.Кианог вазаригаар, дараагийнхад нь Пан Америкийн аварга Н.Силваг торгуулиар цэвэр ялав. C хэсэгт алтан медалийн төлөө ХБНГУ-ын жүдоч, Европын аваргын хошой хүрэл медальт Ф.Столзед ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан юм.
Шийдвэрлэх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга, Испанийн тамирчин Л.Васкес Фер¬нандесийг үндсэн цагт гарт өчих мэхээр буулган авч шагналын тавцанд зогслоо. Эрэгтэйчүүдээс 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Анхзаяа Узбекистаны А.Норбутаевыг цэвэр ялж, “Их дуулга”-аас хүрэл медаль анх удаа хүртэв. Тус тэмцээний эхний өдөр 66 кг-д хүч сорьдог жүдочдын дунд нэгэн цахиур хагалсан барилдаан өрнүүлсэн шинэ танил бол Ө.Жанцандорж байв. Энэ жил 20 нас хүрч буй тэрбээр Монголын багийн шагналын салхийг хагалж, хүрэл медаль зүүсэн юм.