Иргэн, хуулийн этгээд ажил, бизнес, үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ажилтан, ажил олгогч аль алинд нь ирдэг ачааллыг бууруулах, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд саяхан УИХ-д өргөн мэдүүлсэн. Нийгмийн даатгалын талаар болон хүүхэд, өсвөр үеийнхний дунд гол асуудал болоод буй электрон тамхины хэрэглээг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулах гэж буй тухай УИХын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг парламентад удахгүй өргөн барихаар ажиллаж байгаа юм.
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орсны хувьд Та энэ хуулийн шинэчлэлийн гол концепц юунд төвлөрч байгаа талаар мэдээлэл өгөөч.
-Олон жил ужгирсан нийгмийн даатгалын тогтолцоог сууриар нь өөрчилж, реформ хийх шаардлага бий. Улс төрийн попролоос үүдэлтэй, тогтолцоогоо тал талаас нь сэглэсэн хэд хэдэн хууль батлагдсаны уршгаар өнөөгийн энэ нөхцөл байдалд хүрсэн. Энэ удаа бидний өргөн барьсан хууль реформын шинжтэй биш. Гэхдээ нийгэм, эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа энэ цаг үед иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийн үүднээс зайлшгүй хийх шаардлагатай наад захын зохицуулалтуудыг уг хуулийн өөрчлөлтөөр шийдэх гэж зорьсон. Ингэхдээ гурван гол зүйлд анхаарсан. Нэгдүгээрт, Иргэний хуулийн дагуу гэрээгээр ажил гүйцэтгэхэд ажилтан, ажил олгогч хоёулангаас нь нийгмийн даатгалын шимтгэлийг давхар тооцож аваад байдгийг болиулах юм. Хоёрдугаарт, хоол, унаа, орон сууц ашиглалтын төлбөр болон түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөн¬гөлөлтөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцож авахгүй байх зохицуулалтыг тусгасан. Энэ бол цалин, түүнтэй адилтгах орлого биш, зардал. Тиймээс тодорхой хэмжээний хязгаар тавиад, шимтгэл тооцохгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Гуравдугаарт, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэг¬дүүлсэнтэй тэнцүү тогтоохоор тусгасан.
Би өөрөө ажил олгогч байсан хүн. Оффисоо засахаас эхлээд ямар нэг судалгаа хийлгэх гэхчлэн бусдаар аливаа ажил гүйцэтгүүлэх болохоор хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулж байгаа юм шиг нийгмийн даатгалыг нь төлөх болдог. Нөгөө хүн маань ч төлдөг. Ингээд аль аль талдаа нэмэлт зардал үүсгээд байдаг учраас албан журмаар даатгуулагчид тооцохгүй, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасахаар тусгасан. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлийг тэлж, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад хөдөлмөрийн насны 100 мянган хүн энэ зах зээлд идэвхтэй оролцох боломжтой гэсэн байгаа. Ажиллах хүчний оролцоо дөнгөж 67 хувьтай байна.
АЖИЛТАНДАА АШИГГҮЙ, АЖИЛ ОЛГОГЧДОО Ч ДАРАМТТАЙ НЭМЭЛТ ЗАРДАЛ БОЛЧХООД БАЙНА
-Хүн амын оюунлаг, чадварлаг хэсэг нь буюу идэвхтэй ажиллах хүч гадагшаа урсах үзэгдлийг илэрхийлдэг “Брайн драйн” индекс сүүлийн жилүүдэд өссөөр байгаа. Ажлыг байрыг нэмэгдүүлэх алсын хараатай, тогтвортой бодлого маш чухал байна.
-Хөдөлмөрийн зах зээл хумигдаад байхад гадаадаас ажиллах хүч оруулж ирээд түр зуур аргацаах байдлаар явах нь маш буруу. Дээр дурдсан хөдөлмөрийн насны 100 мянган хүнийг ямар бодлогоор татан оруулах вэ гэдэгт анхаарахын зэрэгцээ гадаадад байгаа залуусыг хэрхэн буцааж авчрах тухай гэх зэргээр хүнээ бодсон дунд, урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгтэй. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийх сонирхолтой оюутан залуус бий. Дээрээс нь эрт тэтгэвэрт гарсан ахмадууд байна. Хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүдийг хөдөлмөрийн зах зээлд боломжийнх нь хэрээр оролцуулах хэрэгтэй. Тэд өөрсдийн нөөц боломж, амьдралын хэв маягтаа тохируулаад, цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулж байж олсон таван төгрөгөөсөө нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс дургүйцэх нь мэдээжийн хэрэг.
Татварын шинэчлэлийн ажлын хэсгийн хүрээнд тоон мэдээлэл цуглуулаад харахад манай улсад сарын гурван саяас дээш орлоготой ажилтнууд ердөө 10 хувь, бусад нь гурван саяас доош орлоготой байна. Хэдийгээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж 6000 ам.доллар давсан, Дэлхийн банкны зэрэглэлээр “дундаж орлоготой улс” боловч нийт дүнгээрээ манайх тийм биш байна шүү дээ. Тиймээс энэ хуульд орсон нэг чухал зохицуулалт нь ажил олгогчид ирдэг дарамтыг бууруулах явдал. Тодруулбал, банк санхүүгийн салбар, уул уурхайн компанид ажилладаг ч юм уу, найман саяас дээш цалинтай хүний нийгмийн даатгалын шимтгэлийг бодохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэх хэмжээгээр тооцдог. Өөрөөр хэлбэл, 792 000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэн дүн буюу 7 920 000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүйдлийн тэтгэмж, өндөр насны тэтгэврийг нь тооцдог. Гэтэл ажил олгогчийн хувьд тэгдэггүй. Тухайн аж ахуйн нэгж, компани ажилтандаа 10, 15 сая төгрөгийн цалин олгодог бол нийгмийн даатгалын шимтгэлээ тэр дүнгээсээ тооцож өгдөг. Гэтэл ажилтан нь нийгмийн даатгалын сангаас ямар нэг тэтгэмж тогтоолгох, өндөр насны тэтгэвэрт гарах болоход өнөөх компанийн төлсөн нийт дүнгээс биш, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэх хэмжээгээр тооцдог нь хамгийн шударга бус байгаа юм. Ажилтандаа ч үр ашиггүй, ажил олгогчдоо ч дарамт үүсгэсэн нэмэлт зардал болчхоод байна. Энэ бол даатгал биш, төрд очоод байгаа татвар болчихсон. Тиймээс ажилтантай адилхан тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тогтоохоор тусгасан нь ажил олгогчдод багагүй дэмжлэг болно гэж харж байгаа.
-“D-Parliament” цахим платформд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурсан. Татвар, даатгалыг бууруулах талаар олон нийт цахимаар өргөдөл гаргаж, УИХ хэлэлцэн шийдэх, эсэхийг хүлээж байгаа. Л.ЭнхАмгалан сайд болохоор нийгмийн даатгалын шимтгэл бууруулах боломжгүй гэчихсэн. Энэ ер нь боломжтой юм уу?
-Ард иргэд юу хүсэж байна вэ гэдэг дуу хоолойг шууд хүлээж авч буйгаараа энэхүү цахим платформын ач холбогдол их. Гагцхүү бодлогын түвшинд үүнийг шийдвэрлэх боломж, нөөц нь юу билээ, хэрхэн зөв голдирлоор авч явах вэ гэдэгт бодит үнэлэлт, дүгнэлт өгч, мэдээлэлд хамгийн ойр байгаа хүмүүс нь түүнийгээ ил тод, нээлттэй хүргэх хэрэгтэй гэж боддог. Бодит нөхцөл байдлаа үнэнээр хэлж, мэдээллээ сайтар өгөөд тайлбарлавал манай иргэд ойлгоно шүү дээ. “Олон нийт нийгмийн даатгалын шимтгэлийг бууруул гэлээ” гээд бууруулчихаж болно. Гэхдээ эргээд үүсэн гарах үр дагаврыг сайтар бодохгүй бол хор уршигтай. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувь бууруулахад л сангийн орлого 265 тэрбумаар тасарна гэдгийг салбарын сайд хэлсэн. Угаасаа алдагдалтай явж ирсэн Нийгмийн даатгалын сангийн орлого нэмээд тасалдахад хүрвэл хаанаас буцаагаад нөхөх вэ гэдэгт хариулт хэрэгтэй. Тэгэхээр одоо байгаа тогтолцоогоо сууриар нь хэрхэн өөрчлөх вэ гэдэг реформын шинжтэй асуудлыг Засгийн газар, салбарын яам анхаарч, судалгаа, тооцооллоо гаргаж байгаа юм билээ.
Бидний өргөн барьсан хуулийн төсөл бол Нийгмийн даатгалын санд нэмэлт ачаалал үүрүүлэхгүй. Харин ч ажил олгогчдод ирдэг ачаалал, дарамтыг бууруулснаар ажлын байр нэмэгдэж, татвараа ил тод төлдөг болно. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйн тулд ажилтан, ажил олгогч нууцаар гэрээ байгуулдаг байдал үгүй болно. Ингэснээр далд эдийн засаг ил болж, хувь хүний орлогын албан татвараас орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Нөгөөтээгүүр, Хувь хүний орлогын албан татварыг ташраар нь нэг хувь болгож бууруулах нь бодлогын зөв шийдэл мөн үү, биш үү гэдгийг бид олон талаас нь сайтар бодох хэрэгтэй. Наад зах нь, уул уурхайгаас хөрөнгөжсөн, эсвэл өч төчнөөн үл хөдлөх хөрөнгөтэй хэрнээ татвар төлөхгүй нуун дарагдуулдаг хүмүүсийг өөгшүүлэх вий гэж хардаг.
-Та бүхний санаачилсан Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон нийтээс санал авч, хэд хэдэн шатны хэлэлцүүлэг өрнүүлээд буй. Иргэдийн зүгээс хамгийн хүлээлттэй байгаа зүйл нь электрон тамхины зохицуулалт. Хууль батлагдсанаар үүнтэй холбоотой ямар өөрчлөлт гарах вэ?
Тамхины хяналтын тухай хуульд 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дорвитой шинэчлэл болсон. Дотор орчинд утаат тамхи татахгүй байх гэхчлэн чухал заалтууд орсон. Гэхдээ гурав, дөрөвхөн жилийн дараагаас хуулийн хэрэгжилтээ хангахад анхаараагүй орхисон, тамхины хяналтын бодлогоо цаг үетэйгээ уялдуулж авч яваагүй юм байна гэдэг дүгнэлтийг манай ажлын хэсэг гаргасан. Учир нь том зургаараа харвал Монгол дахь тамхидалт 10 жилийн өмнөхөөс эрс нэмэгдсэн. Ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний дундах тамхидалт жилээс жилд нэмэгдэж, түүнээс улбаатай өвчлөл, хорт хавдрын тохиолдол болон эмчилгээний зардал ч өссөн. Хамгийн гол нь электрон тамхины тухайд хууль, эрх зүйн ямар ч зохицуу¬лалт байхгүй учраас тусгай зөвшөөрөл шаардахгүй, электрон бараа шиг хэн дуртай нь оруулж ирдэг, хаа сайгүй худалдан борлуулдаг явдал ноцтой. Тиймээс УИХ-ын гишүүд бидний зүгээс электрон тамхийг янжууртай адилтгаж үзээд тусгай зөвшөөрөл олгодог, 21-ээс доош насныханд зарахгүй, зар сурталчилгаа хийхгүй, эрүүл мэндийн анхааруулгатай болгоод, дотор орчинд татахыг хориглохоор уг хуулийн төсөлд тусгаад байна. Мөн сургууль, эмнэлэг, хүүхэд асрах төв, спортын байгууламж болон гудамж талбайд алхангаа тамхи татахыг хориглохоор болж байгаа. Энэ нь янжуур болон электрон тамхинд аль алинд нь хамаатай.
Судалгаагаар ахлах ангийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи, таван хүүхэд тутмын нэг нь янжуур татдаг гэсэн. Бид хуулийнхаа төслийн хэлэлцүүлгийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчидтэй уулзахад ахлах ангийнхны 40-50 хувь нь электрон тамхи татдаг гэж хэлээд байгаа. Ер нь электрон тамхи орж ирснээр янжуур татах нь багассан уу гэвэл үгүй. Статистик үзүүлэлтээс харахад хоёулаа л өсөөд байна.
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН 50 ХУВИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНД ТӨВЛӨРҮҮЛНЭ
-Электрон тамхийг хүүхдүүд гангараа юм шиг ойлгох нь бишгүй. Томчууд хүртэл нэг нэгэндээ дамжуулаад л татаад байдаг. Энэ замбараагүй хэрэглээг гадаадад хэрхэн бууруулдаг юм бол?
-Үнэхээр л хүүхдүүд үе тэнгийнхнээрээ дарвиад үүнийг гангараа гэж ойлгодог. Янз бүрийн жимсний амттай, эвгүй үнэргүй учраас хүүхдүүд хортой гэдгийг нь мэдэхгүй байна. Хүүхэд, өсвөр үеийнхний тамхидалтыг бууруулахын тулд электрон тамхины хор хөнөөлийг ойлгуулах зорилгоор Европын холбооны орнууд, АНУ-ын зарим мужид элдэв чамин амт оруулагч ашиглахыг нь хориглосон. Манай урд хөрш болон Сингапур, Энэтхэг, Вьетнам, Тайланд, Бразил зэрэг оронд электрон тамхийг бүр хориглочихсон. Гэтэл энэ улсуудад дотооддоо хориглосон, зөвхөн экспортын зорилгоор үйлдвэрлэдэг электрон тамхийг нь манайх оруулж ирээд байдаг. Тиймээс энэ хуулиар элдэв чамин өнгө, үнэр, амт оруулагчтай электрон тамхийг хориглохоор тусгасан. Зайлшгүй оруулж ирэх бол тамхины амттайг нь сонгох хэрэгтэй гэсэн үг. Янжууран дээр ч ялгаагүй. Үнэр, амт оруулагчийг хориглоно.
Электрон тамхи татдаг хүмүүс өнөөхөө байнга угж шиг ам руугаа хийгээд байдаг учраас хэрэглээний зан үйлд нь өөрчлөлт оруулахын тулд Европын орнуудад савлагааг нь жижиглэх стандарт шаардлага тавьдаг юм байна. Манайх ч мөн адил тэгнэ. Таны хэлдэгчлэн хөдөө орон нутагт нэг электрон тамхийг хүмүүс бие биедээ өдрийн 1000 төгрөгөөр түрээсэлж татдаг гэнэ. Тэгэхээр энэ зан үйлийг өөрчлөх шаардлага бас байна гэсэн үг. Түүнчлэн янжуур болон электрон тамхийг ил задгай худалдан борлуулахгүй байхаар тусгасан. Хүүхэд, өсвөр үеийнхний түгээмэл үйлчлүүлдэг CU, GS25 сүлжээ дэлгүүрүүдэд өнөөх чамин, содон савлагаатай электрон тамхийг янз бүрээр нь өрөөд тавьчихсан, чөлөөтэй зарж байдаг шүү дээ. Энэ бүхэн нь сониуч зантай хүүхэд, өсвөр үеийнхэнд ямар нэг хэмжээгээр сэдэл өгөөд байдаг учраас үүнийг хориглоно. Тэгээд мэдээж татварын бодлого маш чухал.
-Манайд тамхины онцгой албан татвар маш бага учраас дэлхий дээрх бараг хамгийн хямдхан үнэтэй улс гэгддэг. Тамхин дээр онцгой татварыг хэр зэрэг нэмэх вэ?
-Манай улс 2017 онд Олон улсын валютын сангийн шахалтаар л тамхины онцгой албан татварыг ялимгүй нэмсэн. Түүнээс хойш татвараа нэмж чадахгүй явсаар өнөөг хүрлээ. Дэлхий нийтээр янжуур тамхины үйлдвэрлэл эрхэлдэг томоохон корпорацуудын лобби хийдэг гол зүйл нь бага, дунд орлоготой орнуудыг онилж, хямд өртгөөр нийлүүлдэг. Ер нь боловсролын түвшин нэмэгдэх тусам тамхидалт буурдаг гэсэн судалгаа бий. Тиймээс Африкийн орнууд руу хямд үнэтэй тамхи нийлүүлж, хэрэглээг нь тэлсээр байдаг. Ийм нөхцөлд бид татварын бодлогоор л зохицуулалт хийнэ. Гаалийн албан татвар гэхэд л янжуурт 30, халаадаг тамхинд 20, электрон тамхинд тав, дотоодын үйлдвэр¬лэлд зориулсан задгай тамхинд мөн таван хувь байгааг бүгдийг нь 30 хувь болгохоор тусгасан. Янжуур тамхины онцгой албан татвар гэхэд хэтэрхий бага байгаа учраас үе шаттайгаар нэ¬мэгдүүлэхээр болсон.
-Одоо хэдтэй байгааг нь цаашид хэд болгох вэ?
-Тамхины жижиглэнгийн үнийн 75 хувь нь заавал татвар байх ёстой гэдэг ДЭМБ-ын зөвлөмж байдаг. Гэтэл манайд нэг пачек буюу 20 хайрцаг янжуурын онцгой албан татвар ердөө 836 төгрөг. Хүн амын худалдан авах чадвар, орлогын түвшин, хэрэглээний тархац, зах зээлийн үнэ зэргийг мэргэжилтнүүдтэй судалж үзсэний үндсэн дээр онцгой албан татварыг 2030 он хүртэл үе шаттайгаар нэмнэ. Янжуурын үнийг шууд гурав дахин нэмчхээр олон жил хэрэглээд дадал болчихсон хүмүүст мэдрэг тусах учраас бага багаар өсгөх нь зүйтэй гэж үзсэн. 2026 онд янжуур тамхины онцгой албан татварыг 2000, 2027 онд 4000, 2028 онд 6000, 2029 онд 8000, 2030 онд 10 000 төгрөгт хүргэх юм. Электрон тамхины төхөөрөмж, шингэнийг ч ялгаагүй, онцгой албан татварыг үе шаттай нэмнэ. Татвар нэмээд, тэр мөнгөө зөв зохистой зарцуулахад давхар анхаарч байгаа нь ач холбогдолтой юм.
-Татварын мөнгийг юунд зарцуулах вэ гэдэг нь үнэхээр маш чухал байна.
-Онцгой албан татвар гэдэг бол тухайн хор уршигтай бүтээгдэхүүний хэрэглээг бууруула¬хад зориулсан зохицуулалт шүү дээ. Тиймээс тэр мөнгийг нэгдсэн төсөв рүүгээ хийчхээд өөр зүйлд зарцуулж болохгүй. Одоо бол тамхины онцгой албан татварын хоёрхон хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлдэг ч юунд зарцуулдаг нь мэдэгдэхгүй өнгөрдөг. Иймд цаашид ядаж 50 хувийг нь Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлээд, нэн түрүүнд хүүхэд, өсвөр үеийнхнийг тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход зориулна. Мөн сургуулийн сэтгэл зүйч нараар дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулна. Хоёрдугаарт, тамхинаас гарах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст энэ мөнгөнөөс зарцуулахаар тусгасан. Тамхины эсрэг дөрвөн төрлийн эмчилгээ байдаг ч нэлээд үнэтэй, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтдаггүй учраас энэ талын үйлчилгээнд анхаарах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Болж өгвөл эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад оруулахыг санал болгосон. Гуравдугаарт, хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, спортоор хичээллэх боломж нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд дугуйлан секц, клуб, заал, барилга байгууламжуудыг нэмэгдүүлэх ажлыг санхүүжүүлэхээр тусгаж байгаа.
Түүнчлэн улс төрд тамхины лобби их гэсэн шүүмжлэл байдаг учраас Тамхины хяналтын суурь конвенцын зөвлөмжийн дагуу спорт, урлагийн арга хэмжээ болон улс төрийн намын үйл ажиллагаа, сонгуульд тамхины компаниудаас хандив, тусламж авахгүй байхаар тусгасан нь ололттой тал гэж хэлж болно.
-Тамхины хяналтын тухай хуулийг сүүлд шинэчлэхдээ тамхины ургамлыг дотоодод тариалахыг зөвшөөрсөн заалт орсон гэдэг шүүмжлэл их бий. Үүнийг хэрхэх вэ?
-Энэ асуудлыг харин холбогдох яамдаас асуухаар тодорхой мэдээлэл алга байгаа. Эрүүл мэндийн яамныхан “Бид ийм заалт орсныг мэдээгүй” гэсэн. ХХААХҮЯ-наас асуухаар тамхины ургамал тарих зөвшөөрөл авсан компани одоогоор байхгүй гэсэн. Цаашид холбогдох яамд, газрууд үүнийг анхаарч ажиллах байх. Энэ удаад манай ажлын хэсгийн гол зорилго бол хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаад байгаа гол асуудал болох электрон тамхины хэрэглээг хянах, хязгаарлах явдал. Тиймээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиг үүргийнхээ дагуу суурь судалгаагаа өргөн хүрээнд хийж, тамхины эсрэг бодлогоо тодорхой гаргах хэрэгтэй байна гэдгийг Эрүүл мэндийн сайдад хэлж, ярилцсан.
-Монгол дахь электрон тамхины зах зээлийн 70 гаруй хувийг нэг аж ахуйн нэгж дангаар эзэмшдэг гэсэн. Бас манай руу ний¬лүүлдэг тамхины 50 хувийг нэг үйлдвэрлэгч дангаараа хийдэг гэсэн үү?
-Манай тамхины зах зээл ер нь хэдхэн гол тоглогчтой, хэт төвлөрсөн монополь юм билээ. Жилд 3.5 тэрбум ширхэг янжуур манай хилээр орж ирдэг. Гол импортлогч нь “Алтан гадас”, “Волтам” гэсэн хоёр компани. Электрон тамхины нийлүүлэлтийн тухайд дийлэнх нь БНХАУ-аас орж ирдэг. Нийтдээ 760 гаруй төрлийн электрон тамхи манайд борлуулагдаж байна. 2024 онд 8.2 сая ширхэг электрон тамхи хилээр оруулж ирсний 73 хувийг “Электроник гаджет” ХХК компани дангаараа импортолсон. Татваргүй шахам нөхцөлд олон жилийн турш их хэмжээний мөнгө эргэлдүүлээд дадчихсан том зах зээл нь учраас тамхины монополь компаниуд энэ хуулийг эсэргүүцэх хандлага нэлээд байна. Энэ тухай ярьсан төрийн албан хаагчийг АТГ-т шалгуулахаар өгчихдөг, эмч нарыг “Янжуур л хортой. Электрон тамхи зүгээр” гээд мэдээлэл гаргаад өгөөрэй гэж шахаж шаарддаг гэнэ. Гэвч бид ирээдүй хойчийнхоо төлөө үүнийг хийхээс өөр гарцгүй.
Л.Ганчимэг