Норвег улсын Драммен хотод үргэлжилж буй сонгодог хэвтээ шахалтын ДАШТ-д өрсөлдөж буй манай улсын тамирчдаас мастер1 ангилалд 93 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин, ОУХМ Ц.Отгондалай 205 кг-ыг шахаж, дэлхийн аваргаар гурав дахь удаагаа тодорлоо. Тэрбээр 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж, дараа жилээс нь УАШТ-д тогтмол оролцдог болжээ. 2015 онд спортын мастер цолны болзол хангаж, олон улсын тэмцээнүүдэд оролцож, амжилтын гараагаа эхлүүлж байв. Филиппиний Манила хотод 2017 онд болсон Азийн АШТ-д 93 кг-ын жинд түрүүлж, тивийн аваргаар шалгарсан. Түүнчлэн Казахстанд 2022 онд болсон ДАШТ-ээс анх удаа алтан медальтай ирсэн бол АНУ-ын Техас мужийн Остин хотод өнгөрсөн жил зохион байгуулахад тэргүүлж, хоёр дахь удаагаа аваргалсан юм. Тэгвэл мастер 2 ангилалд оролцогчдоос Х.Баттөмөр тус жинд 192.5 кг-ыг шахаж хүрэл, 74 кг-д Х.Амарсанаа 160 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртэв. Мастер 3 ангилалд 66 кг-ын жинд Л.Батсайхан 107.5 кг-ыг шахаж, III байр эзэлсэн юм. Өсвөр үеийнхнээс 53 кг-д Э.Дашдондог 110 кг-ыг шахаж, алтан медалийн эзэн болжээ. 83 кг-д O.Цэнгэлбаяр 162.5 кг-ыг шахаж хүрэл медаль зүүж, тус жинд улсын рекордыг 10 кг-аар ахиулж шинэчлэн тогтоов.