Унгар улсын Будапешт хотод 2025 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Эл тэмцээнд манай улсаас дөрвөн жүдоч хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин К.Ёолк хүрэл медаль хүртлээ. Монголын жүдо бөхийн түүхэнд ДАШТ-ий 32 дахь медаль, 19 дэх хүрэл медальтан Ё.Ёолк болсныг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлсэн юм. Тэрбээр хагас шигшээд Бразилын бөхтэй учраа таарч, торгуулиар ялснаар хүрэл медаль хүртсэн аж. Тус тэмцээнд 93 орны 560 гаруй тамирчин оролцож байна. К.Ёолк бөхийн спортын гараагаа Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн зааланд Д.Балжинням багшийнхаа удирдлагад эхэлж байжээ. Түүний аав Кадербек сумын заан цолтой, бөх хүн аж. Бөхийн спортыг сонгоход аав нь түүнд ихээхэн нөлөөлсөн гэнэ. Тэрбээр өдгөө 24 настай, самбо, жүдо бөхийн спортоор 13 дахь жилдээ хичээллэж буй тамирчин юм. К.Ёолк Насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Мөн самбо бөхийн Өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, УАШТ-ээс алт болон хошой хүрэл медальтай тамирчин юм.
У.Сүрэн