Монгол түмэн эрийн гурван наадмаа хотол олноороо өргөн тэмдэглэх баярт үйл явдал айсуй. Энэ л өдрүүдэд хол, ойрын хүмүүс цуглан, мэнд усаа мэдэлцэж хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваачдын цэц сорихыг харах гэж наадмын талбайд өнждөг. Уяач, унаач хүүхдүүд үүрийн гэгээтэй уралдан босож, хээр талд тоос бостол шандас сорих хурдан хүлгүүдийнхээ уяа сойлгыг тааруулан гарааны зурхайгаас мордуулна. Төр, түмнийг эртний сайхан өв соёл, уламжлалаараа холбож ирсэн монгол наадам өнө мөнхөд эгшиглэх уртын дуу, өнгө, зүс зассан аргамаг хүлгүүдийн толгой хаялан үүрсэх чимээ, цээлхэн талд цангинах унаач хүүхдүүдийн гийнгоон дуугаар эхэлдэг. Уралдсан хүлэг, уясан эзэн, унасан хүүхэд, зүлэг ногоон дэвжээнд зодоглох бөхчүүдийн дэвээ шаваа, эрхий мэргэн харваачдын исгэрэх сумны чимээнд наадамчин олон хийморио сэргээдэг билээ. Аймаг, сум, улсын наадамд сойсон хүлгүүдийнхээ торгон жолоог өргүүлдэг залуусын нэг бол Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Д.Ариуннаран. Хүүхэд байхаасаа агт морьдтой нөхөрлөж, нагац ахынхаа хурдан ажнайг уях эрдмээс суралцсан тэрбээр өдгөө улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан олон хүлгийн эзэн, аймгийн алдарт уяач болжээ.Түүнийг хоймор нутгаас Архангай аймгийг зорьж ирэх үед нь ярилцлаа.
-Ойрд хур бороо элбэг, хангай нутгийн зуншлага сайхан байгаа дуулдана. Наадмын өдөр хоногууд хаяанд ирж, уяачдын ажил ид өрнөж буй бололтой.
-Энэ жил нутагт маань нар, хур тэгширч, сайхан зун болж байгаа гэж сонслоо. Би хавар ногоо цухуйхтай зэрэгцээд сумаасаа оторлохоор гарсан. Булган аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн сумд нэг хэсэг зусаж байгаад одоо Архангай аймгийн Өлзийт сумд ирээд байна. Наадмын өдөр хоногууд ойртож буй болохоор шандас сорих хүлгүүдийнхээ уяа сойлгыг тааруулж сууна. Миний очсон газруудын уяачид гал болон нэгдэж, наадмын бэлтгэлдээ гарчээ. Тэд улс, аймаг, сумын баяр наадамд морьдоо уралдуулахаар дор бүрнээ завгүй харагдана. Уяачдын ажил наадам дөхөхөөр л өрнөж, ундардаг юм биш. Бүтэн жил амрах завгүй хөдөлмөрлөж, зорьсон зүйлийнхээ үр дүнг нь наадмаар хардаг улс. Төрийн их баяр наадам өндөрлөсний маргааш морьдоо тавьж, намар болтол амраагаад арваннэгдүгээр сараас эдэлгээ уналгад оруулан бага багаар бэлдэж эхэлдэг юм.
-Та энэ жилийн наадамд ямар насны морьд сойж, Хүй мандлын дэнжид тоосыг нь өргүүлэх вэ?
-Миний хувьд зургаан насны хүлгээс гадна сонгомол гурван насны морь уядаг. Энэ жилийн наадмаар цөөнгүй даага уралдуулна. Сүүлийн үед уяачид мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж буй тул алхам бүрдээ судалгаа хийж, суралцахыг хичээж явна. Хурдан удмын адуутай уяачдын томоохон гал аймаг бүрд бий. Манай галынхан өнгөрсөн жил Богд хан уулын урд талд Монгол Улсын тод манлай уяач П.Эрдэнэбат ахтай хамт морьдоо уяж, Төрийн их баяр наадамд тоосыг нь өргүүлсэн. Сойсон хүлгүүдээс минь даага түрүүлж, хязаалан нь долоо, сонгомол морь есдүгээр байрт орсон. Мөн унаган адуунаасаа уясан нэг даага гуравт давхиж, хоёр азарганы нэг нь түрүү авч, нөгөө нь гуравдугаар байр эзэлсэн дээ.
-Хүлгүүдийнх нь шандсаас уяач хүний ухаан, мэдрэмж, туршлага харагддаг бол хэр давхих нь унаач хүүхдүүдээс их шалтгаалдаг гэдэг үг бий. Та тэднийг хэрхэн сонгож авав?
-Морины уяа сойлгыг нь тааруулахад олон зүйл шалтгаална. Тухайн нутгийн агаар, ус, уур амьсгал, өвс ногооны гарц, газарзүйн байрлал, унаач хүүхдийн хөдөлмөрч зан чанар, гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо ихээхэн нөлөөлдөг. Бүгдээрээ санаа нэгдэн, баг болж бүрдэхээс амжилт яригддаг. Хурдан морьд унах хүүхдүүдийг зөв сонгох нь уяач хүний хамгийн чухал ажлын нэг байдаг юм. Багаасаа адуу малтай ойр өссөн, морины зан байдлыг ажиглаж мэддэг, үнэр, үүрсэх чимээнд нь ээнэгшиж дассан, хар бор ажлын зах зухаас сурч, хүч бяр суусан, цовоо сэргэлэн, мэдрэмжтэй, 8-12 настай хүүхдүүдийг сонгодог.
-Нутгийн удирдлагууд тань хоёр түмэн адууны баярыг сумынхаа наадамтай хамт хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлсэн гэв үү?
-Тийм ээ. Хурдан удамт хүлгүүдийг нутгийнхаа наадмаас л олж хардаг. Хөвсгөл аймгийн Тариалан сум хоёр түмэн адуутай болсон. Энэ жил нутгийн удирдлагууд сумынхаа наадамтай хоёр түмэн адууны баярыг хамтатган ирэх сарын 3-5-нд хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа эхлүүлсэн гэнэ билээ. Бусад аймаг, сумын наадмаас түрүүлж болох тул газар газрын шандаст ажнай, хүчит бөх, сур, шагайн харваачид цуглаж, хүн хөл ихтэй байх болов уу. Миний хувьд улсын наадамд морьдоо сойхоор наашилсан нь энэ. Гэхдээ сумынхаа наадамд жил бүр гурван насны морьд уралдуулдаг уламжлалтай. Наадам дөхөхөөр Хүй долоон худагт галынхантайгаа төвхнөнө. Хөвсгөл аймгаас одоогоор гурван галын уяачид нийслэлийг зорьж явна.
-Уясан даага тань өнгөрсөн жил улсын наадмын түрүү магнайгаар тодорсон гэлээ. Таны унаган адуунаас угшилтай хүлэг үү?
-Улсын наадамд түрүүлсэн даага минь энэ жил шүдлэн насанд уралдана. Миний унаган адуунаас угшилтай хүлгүүдийн нэг. Наадмын өдрүүдэд хүмүүс хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур, шагайн харваа үзнэ гэж догдолж баярладаг бол уяачдын хувьд уралдах морьд, унаач хүүхдүүддээ анхаарал хандуулаад тайван тогтож сууж чаддаггүй. Уясан хүлгүүдээ гараанаас мордуулах гээд зогсож байхад олон зүйл бодогддог. Нутгийн уул ус, аав ээж, мөнх хөх тэнгэр, хүлэг морьдынхоо хийморь сүлдэнд залбирч, цай, сүүнийхээ дээжийг хангай дэлхийд өргөдөг. Сойсон хүлэг нь Төрийн наадмын хурдан морины уралдааныг өнгөлж, цээжинд давхина гэдэг уяач, унаач хүүхэд хоёрын бүтэн жилийн уйгаггүй хөдөлмөр, нойр, хоолоо хугасалж, умартсан өдөр хоногуудын хичээл зүтгэл юм. Хол зам туулж уралдсан хүлэг, хүүхэд хоёр барианы зурхайд эсэн мэнд ирэх л хамгийн сайхан наадам юм даа.
-Дааганы уралдаан наадамчин олоны сонирхолыг их татдаг. Уяачид уяа сойлгыг нь тааруулах амаргүй л гэлцэх юм билээ.
-Даага уях хэцүү. Хүнтэй зүйрлэвэл хөлд орж, хорвоогийн юм бүхэнтэй анх танилцаж буй хүүхэд шиг. Нялх амьтныг ижил сүргээс нь тусгаарлаж, уяа сойлгод дасган, уралдуулна гэдэг амаргүй. Уналга эдэлгээнд сургах, амаа мэддэг болгох гээд бүх зүйлийг эхнээс нь зөв сургахад цаг хугацаа их зарцуулдаг. Яс нь гүйцэд бэхжээгүй байдаг тул жин багатай хүүхэд сонгож унуулдаг юм. Холхон газар уралдуулбал хөл нь доголно, зуны халуунд эцэж цуцна, халширч зүрх нь мохно.
-Өөр нутгаас угшилтай азарга залж, адуу сүрэгтэй ээнэгшүүлэн ижилсүүлэв үү?
-Миний морьд бараан, хээр зүстэй. Сүхбаатар, Дорнод аймгаас хурдан угшилтай хүлгүүд авчирч, адуун сүргийнхээ суурийг тавьсан. Одоо тэр азаргуудын үр төлөөс айраг, түрүү авч эхэллээ. Морь уяна гэдэг том соёл юм. Монгол уламжлалтай танилцахын зэрэгцээ судалгаа, ажиглалт хийж, шинжин танихаас авхуулаад уяач хүнээс эрдэм ухаан их шаарддаг ажил.
-Хүүхэд байхаасаа хурдны морь унаж өссөн тань хожим уяач болоход нөлөөлжээ.
-Би адуутай ойр өссөн. Зургаан настайгаасаа хурдан морь унасан. Оюутан болсон ч мориноос холдоогүй. Зуны амралтаар гэртээ ирж, морьдоо уяад уралдуулдаг байлаа. Хүүхэд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэсэн. Биеийн тамирын дээд сургуулийг төгсөж, сумынхаа сургуульд дөрвөн жил багшилж байв. Ажлынхаа хажуугаар морьдоо уяж, аймаг, сумын наадамд сойх амаргүй санагддаг байлаа. Морьд уяхад цаг, зав их зарцуулдаг. Тиймээс ажлаа хүлээлгэж өгөөд, хүлгүүддээ анхаарал хандуулах болсон. Намайг дээд сургуулиа төгсөх жил Тариалан сумын 80 жилийн түүхт ойн баяр тохиосон юм. Тэр жил уясан соёолон морь минь айрагдаж, их баярлуулсан. Хүмүүс баяр хүргэж, урам хайрлахад аав, ээж минь догдолж зогссон мөч одоо ч нүдэнд харагддаг. Анх удаа уяж, уралдуулсан хүлэг болохоор сайхан дурсамж сэтгэлд үлдээжээ.
Та өөрийгөө морь уях эрдмээс чамгүй суралцсан гэж боддог уу?
-Ээжийн минь дүү уяач. Багадаа ахынхаа сойсон хүлгүүдийг унаж өссөн минь хожим уяач болоход их нөлөөлсөн. Намайг уяач болоход хөтөлсөн нагац ахын минь нөмөр нөөлөг их. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал харамгүй хэлж, зөвлөнө. Ахыг минь П.Цогтбаатар гэдэг. Булган аймгийн Хутаг-Өндөр сумд амьдардаг. Одоо ч морьдоо уяж, аймаг, сумын наадамд сойсоор байгаа. Би 2016 онд аймгийн алдарт уяач цол хүртсэн. Миний морьд 2014 оноос аймаг, бүсийн наадмаас айраг, түрүү авч эхэлсэн юм. Морьдоо 2018 оноос улсын наадамд сойдог болсноор өөрийгөө өндөр түвшинд бэлдэх хэрэгтэйг ойлгосон. Өнгөрсөн жил даагаа түрүүлэхэд “Би одоо л хүссэн хэмжээндээ ирлээ дээ” гэх бодол төрсөн шүү. Гэхдээ уяач хүн насаараа суралцдаг хойно мэдэхгүй, чадахгүй зүйл бас байх л юм. Ахын минь зааж, зөвлөсөн бүхэн хэрэг болдог. Сайн уралдах адуу мэдрэгдэнэ. Өнгө, зүс засаад сайхан. Хэр шандастай давхих нь наадмын өмнөх сунгаанаас харагддаг. Төрийн наадамд түрүүлсэн даага минь бага, дунд, их сунгаанд түрүүлж, итгэл найдвар төрүүлж билээ. Тухайн үед түрүүлдэггүй юм гэхэд баараггүй айрагдана даа гэж бодож байв. Уясан хүлгүүд минь айраг, түрүү цөөнгүй авсан болохоор энэ удаа ч гэсэн дээгүүр давхих болов уу гэж горьдоно. Уяач бүр нэг л зорилгын төлөө улсын наадамд зорьж ирдэг. Олон аавын хүүгийн уясан морьдын шандсыг чамлаж, басаж болохгүй ээ.
-Түрүүлэх хүлгийн уяа сойлго таарахаар өнгө засаад андашгүй гэж уяачид ярьдаг. Өнгөрсөн жил улсын наадамд уралдуулсан даагаа цээжинд гараад ирэхэд нь өөрийн эрхгүй огшсон биз.
-Даагаа эхний тав руу ороход өөрийн эрхгүй огшиж, самсаа шархираад үзэж чадалгүй айргийн хашаа руу явсан. Тэр үед түрүүлснийг нь ч мэдээгүй. Миний уясан даага ямар ч байсан ухрахгүй гэж бодож зогссон. Дараа нь уралдааны бичлэг үзсэн. Уяач хүн уясан хүлгээ цээжинд цойлоод гарч ирэхэд нулимс бөмбөрөөд үзэж чаддаггүй юм билээ. Ингэж л даага минь халхын хурдан хүлгүүдийг өнгөлж, Төрийн наадмын түрүүгээр тодорсон. Энэ жил хээр, халзан үрээ уралдуулна. Азарга маань улсын наадамд дутуугаа гүйцээж, айрагдах болов уу гэсэн итгэл төрөөд байгаа. Би нутгийнхаа туршлагатай уяачдаас зөвлөгөө авч, санал бодлоо солилцон, хол ойрын мэдээлэл хуваалцах дуртай. Хөвсгөл нутгийнхан хурдан хүлгүүдтэй, хүчит бөхчүүдтэй. Морьдынхоо уяа сойлгыг гаргууд тааруулдаг хөх өвгөчүүдтэй хууч хөөрч суухдаа олон зүйл мэдэж авдаг .
-Сүүлийн үед хурдан морины уралдаан уламжлалт гэхээсээ илүү спорт тал руугаа хэлтийсэн санагддаг. Та үүнтэй санал нэг байна уу?
-Жил бүрийн наадам өөрийн гэсэн онцлогтой болдог. Үүнтэй адил он жил өнгөрөх тусам хурдан морь уях арга барил өөрчлөгдөж байна. Өмнө нь уламжлалт уяаны аргаар хөлсийг нь авч үсэргэдэг байсан бол одоо уяачид морьдоо яг тамирчин шиг байнгын бэлтгэл хийлгэдэг болсон. Наадмын түрүү магнайгаар тодорно гэдэг уясан эзэн, унаач хүүхэд, хүлэг гурвын хамтын хөдөлмөр байдаг юм шүү дээ. Морь эзнээ нутаг нутгийн хүмүүстэй сайхан нөхөрлүүлдэг. Уяачид хаана ч таарсан мэнд, устай явна. Нэгийнхээ эрдэм, ухаан, туршлагаас суралцаж, судална. Хүмүүс уясан морьдоор минь намайг таньж хүндэлдэг. Энд тэнд очиход Хөвсгөлийн уяач ирлээ гээд цай, ундтай угтана. Намайг морьтой нөхөрлөхөд аав минь “Миний хүү зорьсон зүйлдээ тууштай, үнэнч байгаарай” гэж билээ. Уяач хүн хөдөлмөрч, хичээнгүй, гярхай байж их ажлын ард гардаг. Түүнээс биш залхуу хүн морь уяхгүй. Халуунд халж, хүйтэнд хөрч, амрах завгүй ажиллахад хааяа халшрах үе бий. Хэцүү санагдсан бүхнийг даван туулаад хийсэн ажлынхаа үр дүнг дараа нь харж суух сайхан байдаг юм.
-Морьдоо гарааны зурхай руу мордуулчхаад нутгийнхаа бөхчүүдийн барилдааныг зав гаргаад хардаг уу?
-Нутгийнхаа хүчтэнүүдээс хэн нь ямар бөхтэй таарч, унаж, давсан талаар сураг ажиг тавьдаг. Сур, шагайн харваачдаа ч гэсэн хэрхэн цэц сорьж буйг нь сонирхож харна. Уяач, морь хоёрт нэгнээ мэдэрч, ярихгүйгээр ойлголцох үе бий. Олон жил уралдсан морины харц, хөдөлгөөн наадмын өглөө өөр болсон нь анзаарагддаг. Хүн шиг л догдолно шүү дээ. Сунгаанд сайн давхисан морьд санаа дагаад ч тэр үү, уралдахаар яарч буй мэт санагддаг. Жил бүр хурдан хүлгүүдийнхээ уралдаанаар наадамчин олныхоо мэлмийг баясгадаг Монголын бүх уяачдад уясан морьд нь Төрийн наа-дамд тор¬гон жолоогоо өргүүлэхийн ерөөл дэвшүүлье.