Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МОНАДА) хамтран улсын баяр наадмаар авсан допингийн шинжилгээний талаар өнгөрсөнпүрэв гарагт мэдээлэл өгсөн билээ. Тодруулбал, үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрч үлдсэн 32 бөх, сур харвааны эрэгтэй, эмэгтэй тус бүр найман харваач, нийт 48 тамирчнаас авсан допингийн шинжилгээний хариу ХБНГУ-ын Дрезден хотын лабораториос ирсэн юм. Аймгийн арслан Н.Баяржаргалаас хориотой бодис илэрсэн ба улсын гарди Б.Гончигдамбын хариу эргэлзээтэй хэмээсэн.
Үүний дараа олон нийтийн сүлжээгээр гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдсан юм. Харин тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээолон нийтэд мэдэгдэж байна. Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой маргах бодол надад байхгүй. Би өөх шатаах, жин хасах зориулалттай бодисыг санаатай хэрэглээгүй гэдгээонцлон хэлье. Миний бие сүүлийн жилүүдэд тус шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд ямар нэгэн зөрчил огт гарч байсангүй. Энэнь миний шударга, цэвэр байр суурийн илэрхийлэл гэж үздэг. Харин өнөөгийн нөхцөл байдалд гуравдагч этгээдийн санаатай үйлдэл орсон байж болзошгүй гэж үзэж буй тул хуулийн байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Үнэн зөвийг тогтоолгож, нэр төрөө цэвэрлэхийн төлөө явна. Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, зарчим. Ийм нөхцөл байдал үүссэнд чин сэтгэлээсээуучлал хүсье. Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье” гэсэн юм.
Д.Тамир