Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дийлэнх буюу 72 хувь нь 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд хувьцаа эзэмшигчид, олон нийтэд тайлагнаагүйг биржээс мэдээлэв. Тодруулбал, тус ангиллын 88 хувьцаат компани санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнах ёстойгоос ердөө 28 хувь буюу 25 нь хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлсэн бол үлдсэн 63 нь зөрчжээ. Харин I, II ангиллын компаниудын тайлангийн ирц харьцангуй сайн буюу 15-30 хувьтай гарсан байна.
Хөрөнгийн бирж нь компаниудын засаглал, үйл ажиллагааны тогтвортой байдал, зах зээлийн үнэлгээ, борлуулалт болон ашиг, хувьцаа эзэмшигчдийн тоо зэргийг харгалзан I-III ангилалд бүртгэдэг. I ангилалд засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зах зээлийн үнэлгээ өндөр, нэр хүндтэй, томоохон компаниудыг багтаадаг бол II, III ангилалд тодорхой болзлуудыг хангасан, тогтвортой ажиллагаатай, үнэт цаас тогтмол арилждаг, жижиг, дунд хэлбэрийн болон төрийн өмчит компаниудыг хамруулдаг юм.
Хувьцаат компаниудын үйл ажиллагааны тайлангийн ирц муу байгаа нь Монголын хөрөнгийн бирж бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээ цэгцлэх, тэднийг хариуцлагажуулах, засаглалыг нь сайжруулахад анхаарах цаг болсны илрэл гэж судлаачид үзэж байна. Хууль, журмаар бол хөрөнгийн бирж энэ тохиолдолд тайлангаа тавиагүй компаниудад анхааруулга өгч, олон нийтэд ил тод зарлан, бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах зохицуулалттай гэнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хороо хуулийн хүрээнд шаардлага тавьж, зохих шийтгэлийг ногдуулах ёстой аж.
Н.Буян