Уран барималч Г.Санчирболдтой ярилцлаа. Тэрбээр Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийг төгсөөд буй. 16 жил барималд анхаарлаа бүрэн зориулсан түүний эл ярилцлагаас гоо сайхан, авьяас билгийг тольдохыг урьж байна.
-Таны бүтээлүүд реалист хэв шинжтэй. Тэр дундаа та хүний дүр төрх, үйл хөдлөлийг нарийн дүрслэхэд төвлөрдөг болов уу.
-Би олон төрөл, жанраар бүтээл хийх дуртай. Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид зургаан жил сурлаа. Өөр чиг, урсгалаар бүтээл туурвих, эсэхээ одоогоор мэдэхгүй нь. 40 хүртлээ шандсаа шалгаж, дээд хязгаараа тултал мэдье гэж бодож байна. Аливаа зүйл мэргэжлийн түвшинд хүрчихээр түүнийг давсан бүтээл хийнэ гэдэг уран бүтээлчээс чамгүй хичээл зүтгэл шаарддаг талтай. Сэргэн мандалтын үеэс эхлээд неоклассицизм хүртэл реалист хэв маяг урлагт давамгайлсан. XVIII зууны сүүл үеэс импрессионистууд гарч ирснээр дүрслэх урлагт шинэ эрин, тэсрэлтийн үе эхэлсэн шүү дээ. Түүнээс хойш олон “изм” үүссэн тул аль урсгалаар өөрийгөө илэрхийлэх нь хувь хүний дур. Орчин үеийн контемпорари бүтээл хийсэн ч санаа нь аль эрт хоцрогдсон, эсвэл хуучны, сонгодог хийцтэй ч хүний дотоод сэтгэл рүү хандсан, шинэ санаа бүхий бүтээл ч байна. Тиймээс баглаа, боодолд нь бус, агуулгад анхаарах нь зөв гэж боддог. Торго дурдангаар бүрсэн хайрцагт шүдний чигчлүүр хийгээд бэлэглэх, сүүлийн үеийн загвартай гар утас картон хайрцагт хийж өгөх гээд аль аль нь ялгаатай. Өөрийн уран бүтээлийн таашаалд нийцүүлж бүтээл туурвих нь нэгдүгээр зорилго.
-ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн онцлог талуудын талаар ярихгүй юу. Мэргэжил дээшлүүлэх гэж суралцсан нь тодорхой. Түүнчлэн уран баримлын материалын олдоц, чанар манайхтай харьцуулшгүй гэх юм билээ.
-Энэ та, бид хоёрын ярилцлагын гол сэдэв болов уу. Ер нь хамгийн энгийн сургалтын систем хамгийн сайн нь гэж хэлнэ. Энд бол юу сурч, мэдэх нь, багшийн зааварчилгаа гээд бүх зүйл тодорхой байх тусам маш их ачаалалтай. Хаана хүрэхээ, хэрэгтэй зүйл хийж буйгаа мэдчихсэн хүн түүндээ хариуцлагатай ханддаг. Энэ нь дан ганц дүрслэх урлагт хамаарахгүй байх л даа.
-Тодруулахгүй юу?
-Ойлгомжтой гэсэн үг. Цаашид сурч, мэдэж, хүрэх нь. Хүний толгойны анатоми зааж байлаа гэхэд түүнийг хэд хэдэн хичээлээр давтаж, өөрөөр ажиллах боломж олгодог. Нөгөөтээгүүр, нэг зүйлийг 3-4 удаа давтаж хийхээр сайн ойлгогддог юм. Эргэлзээтэй, “Яагаад би энийг хийж байгаа юм бол” гэж бодогдох зүйлгүй. Дүрслэх урлагийн салбарын үе бүрийн төлөөлөлтэй ойр харилцаатай учраас Монголын сургалтын системийг ерөнхийдөө гадарлаж байна. Уран баримлын ангид жилд 5-10 оюутан л элсдэг. Мөн намайг сурч байх үед яагаад зааж байгаа нь тодорхойгүй, учир битүүлэг хичээл их байв. Түүнчлэн багш нар хоорондоо уялдаатай ажилладаггүй, сургалтын нэгдсэн цөм хөтөлбөр гэж байхгүйд гол асуудал бий. Юу сурч байгаадаа эргэлзтэл хөндлөн зүйлс зааж болохгүй. Сургалт бол залхаан цээрлүүлэх явдал огт биш шүү, миний бодлоор. Мэргэжилдээ дургүй хүүхдүүдийг ч сайн сургалтын системээр дамжуулан дур сонирхолтой болгох боломжтой. Энэ маш энгийн мэт сонсогдож байгаа ч уялдаа холбоог маш их шаардана. Таны хэлдэгчлэн материаллаг бааз бол энд харьцуулшгүй. Манайх сургалтын муу хөтөлбөртэйн дээр материалын олдоц муу байхаар юу болох вэ. Энэ нь маш эмзэглэмээр.

-Аливааг яг таг дүрслэхийг урлагийн сайн бүтээл гэж ойлгох нь олонтоо. Ер нь уран бүтээлчийн зүгээс харахад орчин үеийн үзэгчдийн дур сонирхол хаашаа чиглэж байна вэ?
-Гоё асуулт байна. Урлагийн талаар буруу зөрүү ойлголттой хүмүүс үзэгчдийн дунд төөрөгдөл үүсгэж байгаа гэж хардаг. Салбар бүрд “хөөс” бий. Тэрхүү “хөөсөндөө” л төөрчхөөд байгаа юм. Тэгэхээр жинхэнэ үзэгчид урлагийн охь, шимийг хүртэж чадахгүй болно шүү дээ. Бүжиг, хөгжим, утга зохиолын бүтээлийг хүмүүс сайн, муугаар нь ял¬гаж чадна. Харин дүрслэх урлагийн хувьд буди¬лаантай. Сэтгүүл зүйд ч тийм байх. Маш сайн тунгааж бичсэн 3-4 хуудас нийтлэлийг уншиж байгаа хүн болон ховын чанартай мэдээний хандалтын зөрүү хэр их байгаа билээ. Тэрийг унших хүн цөөн байж болох ч мэдээллийг боловсруулж хүргэснээрээ уншигчдад хүчтэй нөлөөлж буй. Харин урлаг хүний нүдээр дамжин, сэтгэлд хүрч байгаа тул дүрслэх урлагийн бүтээл гоё сайхан харагдах ёстой. Арга ажиллагаа нь сюрреалист, модерн, реа¬лист байх, эсэх нь чухал биш. Өөрийнхөө зүрх сэтгэлд мэдэрч буйг бусдад мэдрүүлдэг нэгнийг авьяастан гэнэ. Урлагийн бүтээл ойлгохгүй байснаараа тэнэг гэсэн үг биш. Өөрийнхөө дотоод “урлаг”-ийг урлагаар битгий бузарла гэж би дүү нартаа хэлдэг юм.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Хэт их урлаг ярьсаар өөрийн дотоод мэдрэмжээ бүү төөрүүл гэсэн үг. Заримдаа их зүйл бодолгүйгээр мэдрэмжээрээ аливаад хандахад оночихдог талтай. Хүмүүс дүрслэх урлагийн бүтээлийн талаар нэг хүнээс очоод асуучихдаг. Гэтэл нөгөө хүн нь дааж давшгүй хүнд онол ярьчихаар төөрөгдөл үүсэж байгаа юм. Харахад л сэтгэлд таалагдаж байвал тэр гоё бүтээл. Тэгээд л хангалттай. Ийм учраас энэ гоё бүтээл гэж тайлбарлавал буруу.
-Бүтээлийг ойлгохоос илүүтэй зүгээр л хүртэх нь чухал байж болох юм.
-Өөрийн мэдрэмжид бусдын хир бүү тусга. Хүн гоо сайхны таашаалаа эрж, судалж, сайжруулах нь зүй. Гэхдээ өөр хүний тусгалаар бус, анхны мэдрэмжээсээ хөвөрдөж, сайжруулах ёстой. Урлагт чин үнэнч хайртай хүмүүс ийм замаар л “төрдөг” болов уу гэж боддог юм.
-Тэгвэл Микеланжелогийн “Давид”, “Пиета”, Август Родены “Сэтгэгч”, Эртний Грекийн “Venus de Milo” нар яагаад одоог хүртэл шидээвэр байна вэ. Тэгэхээр сайн бүтээлд тодорхой шинж байдаг гэсэн үг биз дээ?
-Юмсыг хооронд нь харьцуулж байж гоё, сайхныг нь олж харна. Дэлхийд харь гаргийн пуужин газардлаа гэж бодъё. Тэд манай үндэсний бөхийн дархан аварга Г.Өсөхбаярыг харчхаад хүн гэдэг хоёр метр орчим өндөртэй, 150 килограмм жинтэй, булчин шөрмөстэй амьтан юм байна гэж ойлговол маш өрөөсгөл биз дээ. Микеланжелогийн агууг мэдэхийн тулд эхлээд өөр олон уран барималтай харьцуулах хэрэгтэй. Агуу гэдгийг мэдэхийн тулд асар олон зүйлтэй харьцуул гэж хэлье. Тэгэхээр андашгүй. Та сайн бүтээл гэдэг ямар нэгэн зүй тогтол, шинжтэй биш гэж үү хэмээн асуулаа. Энэ мэдээж үнэн. Тэрхүү зүй тогтолд суурилж дүрслэх урлагийн сургалтын систем үүссэн юм шүү дээ.
-Монголын Дүрслэх урлагийн академид дөрвөн жил, Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид зургаан жил сурсан гэхээр чамгүй хугацааг уран баримал бүтээхэд зориулсан юм байна.
-Хүүхдийн урлан бүтээх төвд 15 настайгаасаа сурчээ. Би залуу хүн ч уран бүтээлийн насаараа хөгшинд тооцогдоно. Манай багш “Нарийн яривал чи чинь надаас “хөгшин” барималчин шүү дээ” гэдэг байсан (инээв). Одоо бодоход би 16 жил баримлаас өөр юу ч хийгээгүй. Туулж болох бүхнийг давсан. Одоо болсон болов уу гэж найдаж байна.
-Уран бүтээлч урлагаас ашиг хонжоо харж, хэт “сэргэлэнтвэл” тэрхүү худал хуурмаг бүтээлд нь тусаж, үнэ цэнээ алддаг юм шиг. Монголын урчуудын эвлэлд гишүүнээр элсэх хүсэлт өгөхөд шалгуур хангаагүйн улмаас татгалзсан хариу авсан гэсэн. Бие дааж уран бүтээлээ хийж байгаа хүн заавал эвлэлд нэгдэх шаардлагатай гэж үү?
-Дүрслэх урлагийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж харж байгаа хэсэг хүн урлагт хайртай хүмүүс болон уран бүтээлчдийн дунд маш том тээг болдог. Урлагаас бохир завааныг олж харсан хүн дахиж зүглэхгүй. Мэдээж юмс төгс төгөлдөрт хүрнэ гэж хэзээ ч байхгүй. Олон хүний санал, шүүмж, хэлэлцүүлгийн дүнд яваандаа цэвэрших л байх. МУЭ-д элсэх хүсэлтийн хувьд бие даасан үзэсгэлэн гаргаагүй гэдгээр шаардлагад нь бүдэрсэн. Жил бүр тэмдэглэлт баярыг тохиолдуулан үзэсгэлэнгээ дэлгэдэг хүн олон. Гэтэл Төрийн соёрхолт, уран барималч, миний багш Л.Ганхуяг 30 жилийн хугацаанд хоёр удаа л бие даасан үзэсгэлэн гаргасан санагдаж байна. Чанартай, чанаргүй олон үзэсгэлэн дэлгэхийг хүсэхгүй хүн байж болно шүү дээ. Би энэ шаардлагын эсрэг байр суурьтай байгаа. Гишүүнээр элсэх онцын шаардлагагүй ч энэ салбарт олон жил ажилласных албан ёсны ганц байгууллагад нь элсье л гэж бодсон. Тэгээд болсонгүй, одоо яах вэ дээ.
-Дипломын ажил болох “Тэнгэр Асурын дайчин”-нд хэр хугацаа зарцуулсан бэ?
-Бараг 5-6 сар хөндийрөлгүй ажилласан. Одоо ч бүрэн дуусаагүй.

-Ерөнхийдөө классик реалист, мөн домог зүйн шинжтэй санагдсан шүү.
-Тийм. Нэлээд сонгодог тавилттай. Динамик хөдөл¬гөөн, анатомийн гоо сайхан, ур чадварт төвлөрсөн ажил гэж хэлнэ. Түүнчлэн энэ бүтээлд би сурсан мэдсэнээ тултал үзүүлэх шаард¬лагатай байсан тул өөрийгөө маш сайн дайчилсан. Эрчимт хөдөлгөөнийг урлана гэдэг их хэцүү. Ур хийцийн хувьд классик барокко. Ер нь мэргэжлийн хүн болон сонирхогчийг ялгах амархан. Нэгийг сайн хийх гэхээс илүүтэй олон зүйлийг хэр сайн нэгтгэж, урлаж чадах вэ гэдэг л ойл¬голт. Хийж, бүтээж буй бол шүүмжлэл байна гэдэг. Гэхдээ шүүмжлэлийн хэмжээ магтаалаасаа хэтэрчих юм бол нэг зүйл болохгүй байна аа л гэсэн үг.
-Та өөрийгөө бусадтай харьцуулдаг уу?
-Мэдээж тийм. Давуу, сул талаа таних нь чухал. Хаана байгаагаа мэдэхгүй бол хаашаа явахаа ойлгохгүй шүү дээ.
-Таны хамгийн сайн бүтээл юу вэ?
-Чаддаг зүйлээ дахин давтан хийх нь уран бүтээл биш юм билээ. Бүтээлд ямарваа нэг шинэ “юм” шингэж байж л тэр жинхэнэ уран бүтээл болно. Миний хамгийн оргил бүтээл бол “Тэнгэр Асурын дайчин”. Цаашид илүү сайжруулахыг бодно доо. Сонирхуулахад, хүн яаж амьдарсан бэ гэдэг их чухал юм билээ. Дурсамжийн гүнд “хадаатай” үнэр, ая эгшиг бол тунгаагдсан санаа. Уран бүтээлийн санаа гадагшаа биш, дотогшоо чиглэлтэй. Гэхдээ одоогоор сэдэв, санаа миний хувьд чухал биш. Мэргэжлийн уран барималчдын бүтээл их энгийн шүү дээ. Сууж буй эмэгтэй, залуу эрийн хөрөг гэх мэт. Сайн хүн болж төлөвших нь сайн уран бүтээлч байх эхлэл болов уу. Уран бүтээлчдийг дээд ангиллын хүн гэдэгтэй би яав ч санал нийлдэггүй. Манай аав, эрэгтэй дүү барилгын инженер, ээж бага ангийн багш, эмэгтэй дүү эмч мэргэжилтэй. Нийгмийн суурь салбарууд байгаа биз. Харин зураач, уран барималч бүтээлээ урласан шиг урлахгүй л бол зотон, шаврынхаа өртгийг ч нөхөж хүрэхгүй. Хүний сэтгэл, нүдийг баясгасан тийм сайхан зүйл хийхгүй л юм бол уран бүтээлчийн хэрэгцээ нийгэмд байхгүй шүү дээ.
Д.Хүслэн