Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 572.2 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар буурсан байна. Мөн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 18.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 818.1 тэрбум төгрөг буюу 4.3 хувиар багассан аж. Харин улсын нийт зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний найман сард 19.3 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Мөн татварын нийт орлого дээрх хугацаанд 16.6 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 их наяд төгрөгөөр буюу 6.3 хувиар буурчээ. Үүнд орлогын албан татварын орлого болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буурсан нь нөлөөлсөн гэнэ. Харин нийгмийн даатгалын орлого 610.7 тэрбум төгрөг буюу 21.3 хувь, хөрөнгийн албан татвар 98.8 тэрбум буюу 36.5 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 68.9 тэрбум буюу зургаан хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 31 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар тус тус өсжээ.
Ч.Туяа