“Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн нүүрсний шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, БНХАУ-ын зах зээлд албан ёсоор нийлүүлэхэд бэлэн болжээ. Тавантолгой ордыг цогцоор хөгжүүлэх, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд Цанхийн гурав дахь уурхайг энэ оны нэгдүгээр сарын 13-нд нээсэн бөгөөд шинэ, сайн чанарын 1/3 коксжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн нь энэ. Уг бүтээгдэхүүний үнслэг байдлын үзүүлэлт 10-аас бага, хүхэр 0.6-аас, дэгдэмхий бодисын хэмжээ 37-гоос бага, барьцалдах шинж чанар 80-аас дээш буюу сайн чанарынх гэдгээрээ онцлогтой аж. “Эрдэнэс Тавантолгой” ХК ийнхүү шинэ төрлийн нүүрсэн бүтээгдэхүүнийг өмнөд хөршийн зах зээлд урт хугацаанд тогтвортой нийлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж буй гэнэ.
Л.Ням