Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох ажлуудын талаар хэлэлцлээ. Тухайлбал, “Гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй ажлын хэсгийн тайлантай танилцсан байна. Үүний хүрээнд гадаадын иргэн, хуулийн этгээдүүд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд данс нээж арилжаанд оролцох үйл ажиллагааг илүү хялбаршуулах хүрээнд LEI (Legal Entity Identifier) дугаар, Trulioo, Sumsub, e-KYC болон Portfolio Investment Account (PIA) загвар зэрэг олон улсад түгээмэл ашигладаг, харилцагчийг хялбараар танин баталгаажуулах шийдлийн тохиромжтой хувилбар нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээний журам”-ын төслийг 2025 онд багтаан батлах, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд холбогдох дүрэм, журамдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Г.Сансар