Өнгөрсөн гуравдугаар улирлын байдлаар манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13.2 их наяд орчим төгрөгт хүрсэн нь таван жилийн өмнөхөөс дөрөв дахин өссөн дүн болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 2020 онд МХБ-ээр 65 тэрбум төгрөгийн арилжаа хийж байсан бол өнгөрсөн улиралд 848 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийсэн байна. Түүнчлэн зөвхөн хувьцаа, бонд бус, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хадгаламжийн сертификат, хамтын санхүүжилтийн үйлчилгээг нэвтрүүлснээс 2020-2025 онд 100 гаруй нэр, төрлийн шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд нээлттэй санал болгон, биржийн бус зах зээлд 189 үнэт цаас гаргагчийн 374 өрийн хэрэгслийг бүртгэн, 1.13 их наяд төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Харин арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлээс нийт 224 хувьцаат компанийг сүүлийн 15 жилд хасжээ. Үүнээс 62 компани өөрсдийн хүсэлтээр, 82 нь зохих шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасагдсан аж.
Мөн СЗХ-ны тогтоолоор 78 компанийг бүртгэлээс гаргасан бол үүнээс зургаагийнх нь анхдагч зах зээлийн арилжаа амжилтгүй болсон учраас хассан байна.
С.Дулам