УИХ-ын шинэхэн дарга Н.Учрал багаа бүрдүүлж, бүтцийн байгууллагадаа халаа, сэлгээ хийсээр байна. Өнгөрсөн баасан гарагт тэрбээр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах саналаа гэнэт оруулж ирсэн юм. Санал болгосон хүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан байсан нь, бас энэ талаар урьдчилж гишүүдэд мэдээлэл өгөлгүйгээр гэнэт танилцуулсанд сөрөг хүчнийхэн нэлээд бухимдав. Хуульч хүн бүрийн шахам “мөрөөддөг” албан тушаал бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн. Тэрбээр хоёр жилийн өмнө Цэцийн гишүүнээр томилогдсон юм. Гэвч уг албан тушаалаасаа татгалзаж, У И Х - ы н ерөнхий нарийн бичгийн даргаар дахин ажиллах сонголт хийснийг цөөнгүй хүн гайхаж байв. Учир нь тэрбээр 2019-2023 онд буюу УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байхад “гал тогоо”-г нь барьж байсан юм. Нэгдсэн чуулганаар юуны өмнө түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, олонх дэмжсэн юм. Үүний дараа УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.
АН-ын гишүүн Х.Тэмүүжин “Өглөө Хууль зүйн байнгын хороо хуралдахад л УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилж буйг мэдсэн. Гишүүдэд өмнө нь мэдээлэл өгөх ёстой. Миний хувьд түүнийг сайн мэднэ, гэхдээ манай бүлгийн бусад 41 хүнд мэдээлэл өгөх үүрэгтэй. Хүнийг нь биш, томилох үйл явцыг гэнэт хийж буйд бид дургүйцэж буй юм” гэв. Тиймээс АН-ын бүлэг завсарлага авч, үдээс хойш асуудлыг үргэлжлүүллээ. Эхлээд Л.Өлзийсайханыг Цэцийн гишүүнээс нь чөлөөлж, улмаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь нь дэмжсэнээр тэрбээр тамгаа гардан авлаа.
С.УУЛ