Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-ийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” ( АДАПТ ) төслийг 2021-2028 онд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн зорилтот Ховд, Завхан, Сүхбаатар, Дорнод аймагт уур амьсгалын эрсдэлд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх олон ажил амжилттай хэрэгжиж, малчид, төрийн байгууллагууд, иргэдийн оролцоо бодит үр дүнд хүрсээр байна. Төслийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хоршоод, малчид зэрэг бүхий л түнш, оролцогч талууд идэвх санаачлагатайгаар хамтран ажиллаж байгаа билээ. Төслийн гол түнш Ховд, Завхан, Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг дарга нарын байр суурийг хүргэе.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр: АДАПТ төслийн хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлого Завхан аймагт амжилттай, өгөөжтэй, үлгэр жишээ хэрэгжүүлэв

- Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох АДАПТ төсөл 2022 оноос Завхан аймагт маш амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өглөө. Одоогийн байдлаар төслийн хүрээнд 14 суманд 12 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэхүү хөрөнгө оруулалтаар булаг шандын эх хаших, малчдын орлогыг нэмэгдүүлэх, өвс хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, агуулах хашаа саравч барьж байгууллаа. Мөн хөв цөөрөм байгуулж, татмын ойжуулалт, мод тарих зэргээр байгаль орчинд ээлтэй, байгаль хамгааллыг дэмжихээс гадна эргээд иргэд олон нийт үр шимийг нь хүртсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Эдгээрээс малчдын орлогыг нэмэгдүүлэх ажил Завхан аймагт хамгийн их үр өгөөжөө өгч байна гэж харж байгаа. Тухайлбал, аймгийн зарим сумдын малчид хоршиж нэгдэж ажиллаад саван үйлдвэрлэсэн нь орон нутгийн брэнд болох хэмжээнд хөгжиж, чанаржиж байна. Мөн малчдын орлогын эх үүсвэр болсон малын түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг АДАПТ төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Сарлагийн хөөврийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох бодлого орон нутагт нэлээдгүй үр дүнгээ өгч байна. Малчид ч үр шимийг нь хүртэж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа, энэ чиглэлийн бизнес хийж байгаа иргэд болон хоршоод гээд тал талаасаа нэгдэж нийлээд эцсийн бүтээгдэхүүнийг амжилттай гаргаж зах зээлд нийлүүллээ. Үндсэндээ малчид малынхаа тоо толгойг олноор нь өсгөхгүйгээр чанартай цөөн малаас илүү их ашиг шим хүртэх чиглэлд анхаарч, ач холбогдол үр нөлөөг нь ойлгож байна.
Мөн Завхан аймагт АДАПТ төслийн үр дүнд хөв цөөрөм байгуулах ажил үр дүнгээ өглөө. Хөв цөөрөм байгуулснаар малчдын ахуй амьдралд эерэг нөлөө үзүүлэхээс гадна зэрлэг ан амьтдад хэрэгтэй, ач холбогдолтой ажил боллоо гэж орон нутгийн удирдлагын хувьд дүгнэж байна. Тиймээс өнгөрсөн дөрвөн жил хэрэгжсэн төслийнхөө үр дүнд суурилж төлөвлөсөн ажил, арга хэмжээгээ цаашид санхүүжүүлж, хэрэгжүүлээд явна. Малчдыг сургаж хөгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, цөм сүргийг бий болгохоос гадна эргээд байгаль эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлд анхаарч ажиллана. Тухайлбал, нэг сум-нэг нуур бодлого, аймгийн аль хэсэгт ямар мод тарьж ургуулахаас эхлээд судалгаа шинжилгээн дээр суурилсан ажлуудыг үе шаттай системтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Уур амьсгал өөрчлөгдөж байгааг бид жил ирэх тусам харж, мэдэрч байна. 30 жилийн өмнө хур тунадас аль саруудад хэр хэмжээгээр ордог байв. Гэтэл энэ давтамж сүүлийн үед хэрхэн өөрчлөгдөж байна. Ургамал, газрын гарц, хөрсний бүтэц өнөөдөр яаж өөрчлөгдөв зэргээр сүүлийн 30 жилийн дата мэдээлэл дээр суурилсан судалгааг хийж тэр дагуу бодлогоо төлөвлөхөөр хичээн ажиллаж байна. Малчид маань ч байгаль дэлхийн өөрчлөлтөд дасан зохицох, мал сүргийнхээ тоо толгойг нэмэхээс илүү чанарт анхаарах шаардлага бий болж байгааг хүлээн зөвшөөрч ойлгож хэрэгжүүлж байгаа нь бидний ажлын үр дүн. Үүнээс гадна байгалийн үр өгөөжийг ашиглахаас гадна эргээд байгаль дэлхийгээ бүтээх, орон нутгийн онцлогт тохирсон жимс ургамлаа тарих зэргээр олон зүйлийг хийх ёстой болж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах менежмент Завхан аймагт маш үр дүнтэй хэрэгжсэн АДАПТ төслийн сайн туршлагыг бусад аймаг, сумд нэвтрүүлээсэй, түгээн дэлгэрээсэй гэж хүсэж байна. Ялангуяа, малчдын орлогыг нэмэгдүүлэх, цөм сүргийг бий болгох арга туршлагаар манай аймаг үлгэр жишээ байх болно. Бид туршлагаа хуваалцахад бэлэн байгаа шүү гэдгийг хэлье.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: АДАПТ төсөл хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй үед хөдөө аж ахуйн салбарт томоохон дэмжлэг үзүүлж байна

-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, (НҮБХХ) Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газартай хамтран АДАПТ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй цаг үед манай аймгийн хөдөө аж ахуйн салбарт томоохон дэмжлэг болж байна. Төслийн үр дүнд аймгийн ихэнх сумдад өвс тэжээлийн агуулах барьсан байгаа. Бид жил бүр өвсөө хадгалах агуулах савгүйгээс болж, ялзарч муутгадаг, дараа жил нь ашиглаж чаддаггүй гэх мэт асуудал тулгардаг байсан. Харин өвс, тэжээлийн агуулахыг шийдэж өгснөөр өвс, тэжээлээ удаан хадгалж, ашиглах боломжтой боллоо. Мөн төслийн хүрээнд татмын ойжуулалтыг хэд хэдэн газар байгуулсан. Нэгдүгээрт, Түмэнцогт суманд Хэрлэн гол орчимд хийгдэж байна. Одоогоор намрын тарилт нь хийгдэж байгаа. Хоёрдугаарт, Наран сумын Өлзийт булаг гэдэг газарт татмын ойжуулалт хийсэн. Гуравдугаарт, Дарьганга суманд татмын ой байгуулсан нь ургалт сайтай байгаа. Үндэсний цогцолбор газрын нэг болох Ганга нуурыг улсын төсвийн томоохон хөрөнгө оруулалтаар бүтэн хашаалсан. Ингээд мал орох боломжгүй болсон байсан байгаа. Харин малчдадаа худгууд гаргаж, мал ундаалах болон ундны эх үүсвэрийг нь нэмж өгсөн. Ингэснээр Ганга нуур сүүлийн жилүүдэд маш сайхан сэргэсэн байгаа. Үүн дээр нэмээд АДАПТ төслөөс татмын ойжуулалт хийж байна. Татмын ойжуулалт нь усыг байгалийн жамаар газрын гадарга руу татдаг. Ерөнхийдөө Ганга нуурыг байгалийн аргаар сэргээх үр дүнтэй арга гэж үзэж байгаа.
Мөн АДАПТ төсөл булаг, шанд хашиж, хамгаалах ажил нэлээд их хийсэн. Манай Сүхбаатар аймгийн хувьд булаг, шандын тоо, хэмжээ цөөн. Тиймээс булаг, шандын эхийг хашиж, хамгаалах нь малчдад маш их үр өгөөжтэй ажил юм. Булгийг эхийг нь хамгаалчихаар ундарга нь дарагдахгүй болчхож байгаа юм. Энэ хэмжээгээр малчдын малаа услах, ахуй амьдралаа дээшлүүлэхэд маш их хэрэгтэй ажил болсон.
Хадлан, тэжээлийн нөөц газар байгуулах, хамгаалах ажлын хүрээнд Мөнххаан сумын Наран сарангийн талд 200 га талбайг хашаалсан. Энэ нь малчдын нөөц бэлчээр болох юм. Гамшгийн үед малаа оруулах, ашиглах, өвс хадлангаа бэлтгэх нөөц талбай болно. Өвөл, хаврын зуд, гамшгийн үед байгалийн хадлан болно гэсэн үг шүү дээ. Харин бусад үед хадлан тэжээл авах зориулалтаар ашиглана. Тухайлбал, энэ Наран сарангийн талд сүүлийн жилүүдэд өвсний гарц нэлээн муудсан байсан. Харин ингэж хашаалж, хамгаалаад шаардлагатай үед нөөц бэлчээр байдлаар ашиглана гэж ойлгож болно.
Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа: АДАПТ төсөл орон нутагт сайн туршлага болон хэрэгжиж байна

- Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох АДАПТ төсөл цөөхөн аймагт хэрэгжсэний нэг нь манай Ховд аймаг. Монгол орны баруун бүс нутаг, Ховд аймаг нь дэлхий даяар явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд хамгийн их өртөж байгаа, маш эмзэг экосистемтэй газар нутагтай билээ. Гол, горхи, булаг шандын эхийг болон татмыг хамгаалах, голын татамд мод тарих гээд байгаль хамгаалах, Хөв, цөөрөм байгуулах, нөхөн сэргээх ажлыг тэр бүр төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан бүс нутагт хийж хэрэгжүүлэх боломж хомс байдаг. Төсвийн хөрөнгө оруулалтаас орхигдож ирсэн дээрх асуудлуудыг соргогоор харж, орхигдож байгаа цоорхойг нөхөх үр дүнтэй олон чухал асуудлыг шийдэж байгаад туйлын талархалтай байгааг онцолъё.
АДАПТ төслийн хүрээнд Ховд аймагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэд хэдэн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль хамгаалал, өвс тэжээлийн агуулах, булгийн эх хамгаалах, татмын ойжуулалт, хадлангийн нөөц бэлтгэх, доройтсон бэлчээр сэргээх, элсний нүүдлээс хамгаалах, мал аж ахуй, малчны амьжиргааг дэмжих, цөм сүрэг бий болгох, хөв цөөрөм байгуулах гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэн бодит үр дүнтэй хэрэгжиж байна.
АДАПТ төсөл орон нутагт хэрэгжиж эхэлснээс хойш 700 гаруй га талбайд 560,000 ширхэг мод тарьж, гүний болон инженерийн хийцтэй худаг 19 гаргаж, 200 га талбайд хадлангийн нөөц талбай бий болгож, 22 булгийн эхийг байгальд ээлтэй арга технологоор хашиж хамгаалж, 9 өвсний саравч, тэжээлийн агуулах барьж, булгийн ус хуримтлуулах, шар усны үерийн ус тосох, уулын голын ус хуримтлуулах аргуудаар 3 хөв цөөрөм хийж гүйцэтгэлээ. Ирэх онд ч 6 хөв байгуулахаар төлөвлөсөн байна.
Тус төслийн хэрэгжүүлсэн зарим ажлууд аймаг орон нутагт сайн туршлага болон хэрэгжиж байна. Тухайлбал Чандмань суманд хийсэн 10 га талбайн татмын ойжуулалтын ажлыг 2023 онд хийж эхэлсэн бол энэ оны намар модны ургалт гүйцэж өсөлт сайжирсан тул Монгол Улсын ойн санд хүлээлгэн өглөө. Талбайд орон нутгийн унаган ургамал болох улиас, бургас зэрэг 6,800 ширхэг мод ургаж байна. Модны мөр хоорондоос тус багийн иргэд 30 гаруй машин өвс хадлангаа бэлтгэж өвлийн бэлтгэлээ базаан ажиллаж үр ашгийг нь хүртэж байна.
Булгийн эхийг хамгаалахдаа байгальд ээлтэй бат, бөх технологиор хамгаалж аймаг орон нутагт АДАПТ-ын загвараар бусад булгийн эхийг хашиж хамгаалж байна.
Манхан сумын Зэрэг гол багийн Тооройн элсэнд бэлчээрийг элсний нүүдлээс хамгаалах зорилгоор төсөл, Манхан сум орон нутагтай хамтран 5 га талбайг хамгаалж 1200 ширхэг тоорой, хайлаас, бургас, эгэл махирс зэрэг ургамлыг тарьж нутагшуулж тодорхой хэмжээний үр дүнд хүрч байна.
Татмын ойжуулалтыг хийж гүйцэтгэхдээ тухайн модыг ургуулахаас гадна торны бат бөх байдал, талбайн үзэмж соёл, гадаргын усан усалгааг нэлээн анхаарч ажилладаг. Ховд аймгийн хэмжээнд зөвхөн татмын ойжуулалтыг харж хамгаалан цалин урамшуулал аван ажилладаг 42 хүн шинээр ажлын байраар хангагдан амьдарч байна.
Малчдын хамтын ажиллагаа, амьжиргаа дэмжих үүднээс Дарви, Эрдэнэбүрэн сумдын малчдын хоршоог дэмжин хамтран ажиллаж Дарви, Алтай сумдыг бог малын цөм сүргийн төв болгон ажиллаж байна.
Сумдад өвсний саравч, тэжээлийн агуулахыг иж бүрнээр хийж хүлээлгэн өгсөн нь цас их орсон үед зам даваа хаагдах, байгалийн эрсдэлийн үед тухайн сум аюулгүйн нөөцөө бүрдүүлэн ажиллах боломжийг бүрдүүлж өглөө.
Алслагдсан бэлчээр нутаг ашиглах бэлчээрийн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд худаг ус засварлах, шинээр гаргах зэрэг ажлууд нь манай малчид төдийгүй бэлчээр ашиглалтад хамгийн сайнаар нөлөөлж байна.
АДАПТ төслийн орон нутгийн нэгж нь аймаг, сумдын ИТХ, Засаг дарга, ЗДТГ, багийн малчид, ард иргэдтэй байнга мэдээлэл солилцож, хийж буй ажлаа тайлагнахаас гадна хийх гэж буй ажилдаа бүх талуудаас санал авч, мэдээлэл өгдөг нь талуудын ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулж, төслийн үйл ажиллагааг уялдуулан орон нутагтай хамтран сайн ажилладаг. Төслийн үйл ажиллагааг орон нутгаас бүх талаар дэмжиж аймаг, сум орон нутагт хэрэгжиж буй ажлуудын оролцооны 30 хувийг ОНХС-аас санхүүжүүлэн хангаж хамтран ажиллаж байна.
Цаашид АДАПТ төслийн үйл ажиллагаа он удаан жил үргэлжлэн ажиллаж хөдөөгийн иргэдийн амьдралд улам бүр нэмэр болж байгаасай хэмээн хүсэхээс гадна хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн ажлуудыг хийж байгаад орон нутгийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж байна.
Мөн орон нутагт хийх ажил, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг аймаг, сум орон нутгийн жилийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан бүх талаар дэмжиж хамран ажиллах болно.
Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл: Аймгийн ДНБ-ний 41.2 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлэх нөхцөл бий болсон

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, АДАПТ төсөлтэй 2022 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Хоёр тал хамтран ажиллах гэрээний дагуу хамтарсан санхүүжилтээр өнгөрсөн хугацаанд дөрвөн суманд онцгой байдлын үед хэрэглэх хадлан, өвс тэжээлийн агуулах барьсан. Өвс тэжээлийн агуулахтай болсноор зудын үед аймгаас нөөц тээвэрлэж цаг алдахгүй, шууд сумаасаа аюулгүйн нөөцөө гаргах чадамжтай болсон.
Зургаан суманд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн хийцтэй гүн өрмийн цооног, худаг шинээр гаргаж, сэргээн засварлаад байна. Мөн таван суманд 70 га талбайд татмын ойжуулалт хийж, таван суманд булгийн эх хашиж, хамгаалсан. Ер нь элсний нүүдлээс хамгаалахад чиглэсэн ажлуудыг маш сайн хийсэн байгаа. Тухайлбал, Буйр нуурын эрэг орчимд усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гүний худгууд гаргасан. Үүнийг Буйр нуур орчимд тариалсан моддыг услахад ашиглаж байна. Ингэснээр модны ургалтыг дэмжиж, элсний нүүдлийг сааруулж байгаа.
Түүнчлэн Адапт төслөөс сүү цагаан идээ боловсруулах агуулахуудыг малчдад өгсөн нь малчид малын гаралтай түүхий эдээ боловсруулах чиглэлд тус дөхөм болж байна. Ялангуяа, сүү цагаан идээ гашилж муудах гээд байдаг дулааны улиралд хадгалалтаа уртасгаж, тээвэрлэх боломжийг бий болгож өгсөн.
Цагаан-Овоо суманд малын анхан шатны түүхий эдийг шинжлэх чадалтай иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн нь нүдээ оносон ажил болж, ашиглагдаж байна.
Манай аймгийн малчдын хоршоодтой хамтран “Хадлан, тэжээлийн нөөц газар байгуулах, хамгаалах”, “Доройтсон бэлчээрийг өнжөөх, сэлгэх зарчмаар сэргээх” ажлуудыг тус тус хийгээд байна. Энэ хүрээнд талхадсан бэлчээрийг хашиж, хамгаалж, өнжөөж ургамлын гарцыг нэмэгдүүлж байгаа.
Ерөнхийдөө АДАПТ төслийн үр дүнд байгаль орчны сөрөг нөлөөлөл, элсний нүүдэл буурч, гадаргын усны нөөц, голын ай сан бүхий газрын бургасны нөхөн сэргээлт, нэмэгдсэн. Бэлчээрийн усан хангамж нэмэгдэж, мал аж ахуйд учирч болох эрсдэл буурч, байгалийн хадлан өвс тэжээл бүрдүүлэх нөхцөл боломж бүрдсэн байгаа. Гэх мэтээр төсөл хөдөө аж ахуйн салбарт үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал, Дорнод аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ онд 1.1 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 41.2 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлэх нөхцөл бий болсон байна.
Төсөл 2028 оныг хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр урт хугацаандаа бүр их бодит үр дүн өгөх байх.
У.Цэцэгсүрэн