Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, тэтгэврийн зээлийн асуудлаар гишүүн С.Эрдэнэбатын Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцсэн байна. Тэтгэврийн зээлийн хүүг багасгах, хугацааг уртасгах, хэмжээнд нь хязгаар тавихгүй байх зэрэг чиглэлийг УИХ-аас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанканд чиглэл өгсөн. Үүнийг хэрхэн хэрэгжүүлж буйг дээрх гишүүн асуусан аж. Монголбанкны зүгээс тэтгэврийн зээлийг хязгаарлалтгүй олгоод эхэлбэл чанарт нь нөлөөлж, инфляц үүснэ хэмээн болгоомжилж байна. Мөн Төв банк арилжааны есөн банктай хамтран ажилладаг ч үйл ажиллагаанд нь оролцдоггүй, тиймээс тэтгэврийн зээлийн хүүг тэд өөрсдийн нөхцөлийн дагуу тогтоодог гэсэн тайлбар өгчээ. Гэхдээ арилжааны банкууд бусад хадгаламж эзэмшигчийн мөнгийг эргүүлээд зээлдүүлдэг тул эх үүсвэрийг шийдэж, Монголбанк эрсдэлийн хэмжээ, заавал байлгах нөөцийг багасгаж өгвөл тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж буй юм.
Тэтгэврийн зээлтэй холбоотой 20 гаруй ахмадаас тус байнгын хороонд мөн өргөдөл ирүүлсэн гэнэ. Тиймээс уг асуудлаар ажлын хэсэг байгуулах тогтоолын төсөл баталлаа.