Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн тэргүүнд өчигдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Др.Чю Донгиу бараалхав. НҮБ-ын уг байгууллага манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Ерөнхийлөгч энэ үеэр тэмдэглээд, “дэлхийн парламент” байгуулагдсаны 80 жилийн ойн мэнд дэвшүүлсэн байна. Мөн нүүдлийн соёл, иргэншил, бэлчээрийн мал аж ахуйтай Монгол Улс энэ чиглэлийн менежмент, хөрс, усны нөөцийг хамгаалах, хүнсний тогтвортой бүтээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр улам өргөн хүрээнд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Дэлхийн 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад манай улс 1973 онд гишүүнээр элссэн юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгч дийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотод болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцжээ. Дэлхийн улс орнуудын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент болон нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа Төрийн тэргүүн хэлсэн байна. Манай улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” гэсэн хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг ч дурджээ. Ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд улс орнуудыг идэвхтэй оролцохыг тэрбээр мөн уриалсан юм.