Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, мэргэжлийн холбоодын төлөөлөл хамтран хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажлын ёс зүйн хорооны гишүүн, шинжээч нарыг чадавхжууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд уг дүрмийг мэргэжлийн холбоодтой зөвшилцөн батлахаар заасны дагуу өнгөрсөн онд баталсан байна. Үүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих, олон нийтэд хүргэх үүрэг бүхий Ёс зүйн үндэсний хороог эрүүл мэнд, шүүх, боловсрол, халамж, хүүхэд хамгааллын салбарын нийгмийн ажилтныг оролцуулан 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ онд байгуулжээ.
Сургалтаар нийгмийн ажлын мэргэжлийн ёс зүйн дүрэм, зарчим, хэм хэмжээг салбарын түвшинд нэвтрүүлэх, албан хаагчдыг энэ чиглэлийн алдаа дутагдал, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод, хариуцлагатай байдлыг хангах, зөрчилд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган холбогдох байгууллага, удирдлагад хүргүүлэх зэрэг мэдлэг, арга барил эзэмшүүлэв. Цаашид 21 аймаг, есөн дүүрэгт хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажлын ёс зүйн салбар хороог байгуулах гэж буйг салбарын яамнаас мэдээллээ.
М.Гэгээ