Азийн хөгжлийн банкнаас “Улаанбаатар хотын тээврийг сайжруулах төсөл”-д зориулж тусгай замын автобусны систем (ТЗА) байгуулахад 60 сая ам.долларын зээл олгох болсныг өчигдөр мэдээллээ. Үүний 500 000 “ногоон” нь Ази, Номхон далайн “Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт” хөтөлбөрийн буцалтгүй тусламж аж. Улаанбаатарт анх удаа нэвтрүүлэх гэж буй ТЗА систем нь зорчигчдод нийтийн тээврийн чанартай үйлчилгээ үзүүлэх, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, эдийн засгийг дэмжих ач холбогдолтойг АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин онцоллоо. ТЗА систем гэдэг нь өндөр хүчин чадалтай, хурдан, найдвартай, аюулгүй, өртөг багатай автобусны үйлчилгээ гэнэ. “Улаанбаатар хотын тээврийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд уг системийн зураг төслийг боловсруулах бөгөөд замын голд байрлах автобусны тусгай эгнээ, урьдчилсан төлбөрт систем, бүх хүнд хүртээмжтэй буудлууд, дугуйн зам болон явган зорчигчдод зориулсан тохижилт зэргийг олон улсын сайн туршлага, чанарын стандартад нийцүүлэн барихаар төлөвлөжээ.