Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн өнөөдөр эхэлнэ. “Буянт-Ухаа”спорт цогцолборт энэ сарын 7 хүртэл өрнөх уг тэмцээнд 30 гаруй орон шилдэг тамирчдаа оролцуулахаар илгээжээ. Бид жин тус бүрд өрсөлдөх тамирчдыг танилцуулж буй. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Болгар улсаас “Белград-2023” ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээний хошой аварга Шамил Мамедов, 97 кг-д Казакстанаас 20, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий алтан медальт, Азийн аварга Ризабек Айтмухан зодоглох нь. Эмэгтэйчүүдээс 53 кг-д Японы тамирчин, 20, 23 хүртэлх насныхны дэлхийн аварга, 2024 онд насанд хүрэгчдийн ангилалд тэргүүлсэн Мое Киёока хүч үзэх юм.
Ташрамд дуулгахад, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Казахстанд шилжүүлснээ зарлав. Тус тэмцээн төлөвлөсний дагуу Бахрейн улсад болох байсан ч АНУ, Ираны дайнаас шалтгаалан Астана хотод аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэжээ.