Монгол, Японы хамтарсан кредит олгох механизм, Монголын байгалийн өв сан, Монголын бизнесийн зөвлөл, “Үндэсний ногоон лаб” платформынхон хамтран “Бэлчээрээс нүүрстөрөгчийн зах зээл рүү: Монгол Улсын үндэсний тэргүүлэх зорилтуудын хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх боломжийг нээх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнд оролцогчид манай орны газар нутгийн 70 орчим хувийг эзэлдэг бэлчээрийн экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааг нүүрстөрөгчийн зах зээлтэй уялдуулан санхүүжүүлэх боломжийн талаар санал солилцож, гарц шийдлээ хуваалцав.
Монгол, Япон улс 2013 оноос нүүрстөрөгчийн зах зээл дэх хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ оны долоодугаар сард нарны эрчим хүчний төслүүдээс бий болсон кредитийг хоёр орон хуваан эзэмшсэн билээ. Тодруулбал, манай улсад хэрэгжүүлсэн томоохон дөрвөн төслийн хүрээнд хэмнэсэн 127 мянган тонн хүлэмжийн хийг олон улсын зах зээлд кредит болгон баталгаажуулж, үүнийхээ 80 гаруй хувийг буюу 86 мянган тонныг нь Японы талд шилжүүлсэн юм. Талууд цаашид хамтарсан кредит олгох механизмын тогтолцоог хууль, эрх зүйн хүрээнд илүү боловсронгуй болгож, нүүрстөрөгчийн зах зээлээс санхүүжилт татах боломжтойг судлаачид дурдлаа.
Манай улс Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0)-тээ “2025–2035 онд уур амьсгалын өөрчлөлтийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд 14.8 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай” гэж тусгажээ. Тэгвэл энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүү лэх боломжтой зах зээлүүдийн нэг нь нүүрстөрөгчийнх гэнэ.
Н.Дүүл