Дайны хажуугаар дажин гэж хэдэн өдрийн өмнөөс Украины удирдах бүрэлдэхүүнд нэлээд халаа сэлгээ хийлээ. Ерөнхий сайдаа, зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа болон аюулаас хамгаалах салбарын өндөр албаны хэд хэдэн хүнийг солив. Тэдгээрээс хамгийн санамсаргүй сэлгээ нь Батлан хамгаалахын сайд Михайл Федоровыг халсан явдал гэж дотоодод ч, гадаадад ч үзэж байна. Нисгэгчгүй төхөөрөмж дайнд ашиглаж гайгүй амжилт олж байх үедээ Ерөнхийлөгч Владимир Зеленский шинэчлэлт, өөрчлөлттэй ихээхэн холбоотой, ерөнхий командлагч Александр Сырскийг бас халав. Үүнд олон нийтийн хандлага нөлөөлсөн гэсэн мэдээлэл бий.
Халаа сэлгээ хийхэд багагүй хугацаанд бэлтгэсэн, хэд хэдэн үйл явдал ч түүний явцыг түргэтгэсэн юм байна. Гал зогсоохоос Кремль татгалзсан нь дахин нэг хүнд бэрх өвлийг давахаас аргагүй байдалд хүргэв. Түүнээс гадна Украины гадаад улс төрийн байдал нэлээд сайжирчээ. Европын Холбоо 90 тэрбум евро хуваарилсны зэрэгцээ Анкарад болсон НАТО-гийн дээд түвшний зөвлөгөөн Украины цэргийн хүчин чармайлтыг Өрнөд удаан хугацаанд дэмжихэд бэлэн байгааг нотоллоо. Эцэст нь, Оросын эрчим хүчний салбарт Украин хүчтэй цохилт өгөх кампани өрнүүлсэн нь хүмүүсийн сэтгэл санаанд өөдрөг нөлөө үзүүлж, стратегийн тэнцвэрийг өөрчилж болзошгүйг харуулсан байна. Гэлээ ч фронтын шугам дээр Оросын цэргүүд урагш давшсаар, хажуугаар нь Украины ар талд ажиллах хүч дутагдаж, байлдаанд цэрэг дайчлахыг олон түмэн эсэргүүцэж байгаа нь тодорхой саад учруулж буй аж. Чухам ийм нөхцөлд сунжирсан дайнд бэлтгэх хүрээнд Зеленский гүйцэтгэх засаглалдаа өөрчлөлт оруулахаар шийдсэн байна. Юлий Свириденкогийн тэргүүлсэн түрүүчийн Засгийн газрыг авлигын хэрэгтэй холбоотой хэл амыг дарахын тулд байгуулсан ч улс төрийн хувьд сул, тэгээд ч парламентад дэмжлэг бий болгож чадсангүй. Энэ бүхний зэрэгцээ хэд хэдэн сайд нь Ерөнхийлөгчийн багт тээр дараа болох болжээ. Ерөнхий сайдын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Алексей Кулеба авлигын хэрэг болон зарим алдааныхаа улмаас олон түмний зүгээс дарамт шахалттай тулгарав. Евроинтеграцын асуудал хариуцсан, Европын комисстой хийсэн зөвлөгөөний гол хүн гэгддэг Ерөнхий сайдын орлогч Тарас Качкаг сольсон нь Брюсселийн тавьсан болзлыг биелүүлэх, хууль сахиулах байгууллагуудад тавих улс төрийн хяналтыг хадгалахын хооронд үүссэн хүндрэлтэй байдлыг зөөлрүүлэхэд чиглэсэн аж.
Халах, солих үйл явц ч төвөг бэрхшээлгүй байсангүй, парламентын фракцуудтай хэдэн долоо хоногоор үргэлжилсэн яриа хэлэлцээ хийжээ. Сергей Корецкийг Ерөнхий сайдаар томилох гэж Зеленский ихээхэн хүчин зүтгэл гаргав. Тэрбээр төрийн өмчийн эрчим хүчний “Нафтогас” хэмээх томоохон компанийг сайн удирдаж байж. Федоровоос ялгаатай нь тэрбээр бие даасан улс төрийн сонгуулийн бүлэг байгуулж байсангүй.
Боловсон хүчний халаа солио Засгийн газрын хүрээллээс хальж, Аюулгүй байдлын алба, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл, Үндэсний цагдаагийн байгууллагыг ч хамарч, Ерөнхийлөгчийн гарт өргөн эрх мэдэл төвлөрүүлсэн байна. Аюулгүйн зөвлөлийн шинэ тэргүүн болсон Александр Поклад нь Ерөнхийлөгчийн засаг захиргаатай их ойр холбоотой ч түүнийг тэргүүлдэг Кирилл Будановтой таарамж муутай нэгэн гэнэ.
Голдуу хүчний байгууллагын удирдлагыг халж, сольсон үйл явц нь авлигын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа Ерөнхийлөгчийн хүрээллийн өндөр албаныхныг хөндөж эхэлсний дараа өрнөсөн бөгөөд Ерөнхийлөгчийн засаг захиргаа, авлигын эсрэг бие даасан бүтцүүдийн хоорондын байдлыг дахин хурцатгажээ. Энэ байдал нь Авлигын эсрэг тэмцэх үндэсний тов чоондоо үзүүлэх дарамтыг хүчтэй болгох, эсэх нь одоогоор тодорхой биш байна. Харин боловсон хүчний халаа сэлгээ хийсэн нь аюулаас хамгаалах алба, хууль сахиулах тогтолцооны хоорондын харилцааг төлөвшүүлэх Ерөнхийлөг чийн засаг захиргааны чадавхыг бэхжүүлэх нь эргэлзээгүй гэж үзэж байгаа аж.
Украины гадаад санхүүгийн болон батлан хамгаалах байдлаа бэхжүүлсний дараа эрх мэдлийг хуваарилах, бүтцүүдэд тавих улс төрийн төвлөрсөн хяналтыг сэргээх ажилд Зеленский шуурхайлан орох нь дамжиггүй. Хийсэн өөрч лөлтдөө хяналт тавих нь шинэ гүйцэтгэх эрх мэдлийн зохион байгуулалтын зарчим байх аж.
Өөрчлөлт, халаа сэлгээний аль ч хэсэг Батлан хамгаалахын сайд Федоровыг чөлөөлсөнтэй дүйх маргаан үүсгэсэнгүй. Федоровыг өөрчлөх шалтгаан бага байсан гэцгээж байна. Уг албан тушаалд богино хугацаанд байсан ч батлан хамгаалах аж үйлдвэрт оруулсан хөрөнгийг нэмэгдүүлж, цэргийн удирдлагыг тоон тогтолцоонд оруулан, жирийн цэргийн цалин хөлсийг нэмж, хугацаат гэрээг ашиглах болж, боловсон хүчнийг сонгох илүү мэргэжлийн хэлбэр, загварыг бий болгон, гадаадын сайн дурынхны тоог үлэмж олшруулсан байна. Дотоодод аудит нэвтрүүлж, олон тэрбум ам.долларын үр ашиггүй зардлыг илрүүлжээ. Түүгээр ч барахгүй ялалтын шинэ онол бий болгож, технологийн шинэ санаачилга, нисгэгчгүй төхөөрөмжүүд, зохион байгуулалтын шинэчлэлт өөрчлөлт нь Оросын хүн хүчний хийгээд галын нөөцийн давамгай байдлыг хумьсан байна. Нисгэгчгүй төхөөрөмж ашигласан Украины кампани Оросын дайны өртгийг нэмэгдүүлж, Киевийн нэр хүндийг Өрнөдөд өсгөсөн ч Хятадаас хамааралтай болгочихжээ. Нисгэгчгүй төхөөрөмж нь Украины хүний нөөцийн хомсдолыг шийдвэрлэсэнгүй. Оросын цэргүүд фронтын ихээхэн хэсэгт довтолгооноо үргэлжлүүлсээр байхад Украины цэргийн дайчилгаа эсэргүүцэлтэй тулгарч, үр ашиг нь доошилж байна. Юуны урьд мэргэжлийн чадвар, технологи, гадаадын боловсон хүчнийг татахыг Федоров санал болгож байв. Үүний зэрэгцээ дайнд Сырскийн гаргаж буй хандлагыг Федоров ил тод шүүмжилж, цэргийн удирдлагыг солихын төлөө байжээ. Үүнийг цэрэг, батлан хамгаалах салбарын технологийн мэрэгжилтнүүд, өөрчлөн шинэчлэхийн төлөө тэмцэгчид дэмжсэн нь дотоод маргааныг улс төрийн хямрал болгож орхив.
Батлан хамгаалахын шинэ сайдаар Евгений Хмараг томилжээ. Хэвлэл шүүрдэж үзэхэд түү нийг улс төрийн илт амбицгүй, найдвартай гэснээс өөр тодорхой мэдээлэл одоогоор тааралдсангүй.
Р.Жаргалант