АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагч Дональд Трамп, Си Зиньпин, Владимир Путин нарын анхны нүүр тулсан уулзалт Хятадын Шеньжень хотноо энэ сарын 19-нд болж дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Хэлэлцээрийн эхэнд гурван удирдагч уулзалтынхаа түүхэн ач холбогдлыг онцлов. Тухайлбал, Трамп “Бид түүх бичилцлээ” гэсэн бол Путин 1945 оны хоёрдугаар сард болсон Иосиф Сталин, Франклин Рузвельт, Уинстон Черчиль нар оролцож, дайны дараах дэлхийн байдлыг хэлэлцсэн Ялтын бага хуралтай дэлхийн хэвлэл, шинжээчид энэ уулзалтыг харьцуулж байгаатай санал нийж буйгаа илэрхийлэв. Хоёр цаг шахам үргэлжилсэн уулзалтын дараа тэд хамтран сэтгүүлчидтэй уулзсангүй, харин ОХУ-ын Ерөнхийлөгч л тусдаа сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
Хэлэлцээрийн үр дүнгээр энх тайвны тухай Тунхаглал гаргажээ. Энэ баримт бичиг дөрвөн хэсэгтэй бөгөөд эхнийх нь НҮБ-ыг өөрчлөхөд зориулсан байв. Уг Тунхаглалд талууд нефть бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, эрчим хүчээр тогтвортой хангахын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, улс орнуудын зөвшилцлийн зарчим, албан ёсны төлөөлөгчдийн халдашгүй байдлыг мөрдөж, Олон улсын эрүүгийн шүүхийн болон түүнтэй ижил бүтцүүдийн зүгээс бүрэн эрхээ буруугаар ашиглахгүй байх, цөмийн зэвсгийн эрсдэл, түүнийг дэлгэрүүлэхийг зогсоох талаарх яриа хөөрөөг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Тунхаглалд Украин, Ираны өнөөгийн байдлын талаар тусгасангүй.
Гурван удирдагч олон улсын аюулгүй байдлын талаар өөрсдийн байр суурийг энд хэлжээ. НҮБ-ыг үүсгэн байгуулахад Орос, Хятад, АНУ тэргүүлэх үүрэгтэй оролцсоныг Путин сануулсан бол томоохон гүрнүүд хамтран ажиллах нь чухал байгааг Си Зиньпин тэмдэглэсэн байна. Тэрбээр том гүрнүүд хэл амаа ололцвол дэлхийд энх амгалан тогтнож, тэд эвдрэлцвэл эмх журамгүй байдал бий болдгийг түүх бидэнд сургасан гэж хэлжээ. Түүнчлэн бүс нутгийн зөрчил тэмцлийг зохицуулах үйлсэд тус гурван улс идэвхтэй оролцож, цөмийн зэвсгийг бүрэн устгахын төлөө тэмцэхийг Хятадын удирдагч уриалжээ.
Эцэст нь, яриа хэлэлцээг гурван удирдагч үр дүнтэй боллоо гэж дүгнэв. Путиний хэлснээр бие биенийхээ байр суурийг илүүтэй ойлгох боломжийг тус уулзалт талуудад олгосон байна. Тодорхой тохиролцоонд хүрсэн мэдээлэл одоогоор байхгүй ч ийм гурван талт үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. “Цаашид юу болохыг бурхан л мэдэх ч гэлээ хамтын ажиллагааны энэ хэлбэрийг цааш үргэлжлээсэй хэмээн би ихэд хүсэж байна” гэж тэр хэлсэн байна.
Гурвуул уулзахын өмнө Путин, Трамп хоёр тусдаа уулзаж 40 орчим минут ярилцжээ. Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр бол энэ уулзалтын дараа Путиний сэтгэл санаа их сайхан байсан гэнэ. Тэдний ярианы нэг сэдэв Украины байдлыг зохицуулах тухай байж. Украин дахь хямралыг зогсоохыг Орос, Хятад, Америк гурвуул хүсэж байв. Түүнийг зохицуулах, тэгэхдээ Орост илүү таатай санал Трамп тавьсан ч Украин болон Европын орнууд одоогоор түүнийг хүлээж авахаас татгалзаж байгаа аж.
Гурван удирдагчийн уулзалтын үр дүнд Европын орнууд болгоомжтой хандаж буй бөгөөд энэ нь өөрсдийг нь оролцуулалгүйгээр Орос, Америк, Хятад гурав олон улсын аюулгүй байдлын асуудлаар тохиролцоонд хүрчихвий гэх хардлага, сэрэмжтэй холбоотой юм байна. Ялангуяа Орос, АНУ-ын Ерөнхийлөгчид ихээхэн дотно уулзалдсан нь тэдний санаанд нийцэхгүй байгаа аж.
Шеньженьд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн Берлин хотноо Европын орнуудын удирдагчид бас уулзаж, түүнд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцов. Тэд Трамп, Путин нарын уулзалтаас ихээхэн болгоомжилж байлаа.
Гурван удирдагчийн уулзалт юуны түрүүнд Владимир Путин, Дональд Трамп, Си Зиньпин гурвын улс төрийн нэр хүндийг бэхжүүллээ гэж Америк судлаач, Олон улсын асуудлаарх Оросын зөвлөлийн шинжээч Алексей Наумов үзэж байна. Тэгэхдээ дэлхийн томоохон гүрнүүд харилцан ажиллах шинэ хэлбэр бий болгохыг хичээсэн нь уулзалтын гол ач холбогдол нь. Энэ хэлбэр нь нэг ёсондоо олон улсын энх тайван, дэг журмын асуудлыг өнөө цагийн гурван их гүрэн хэлэлцэж байх НҮБ-ын хоёр дахь Аюулгүй байдлын зөвлөл гэж Наумов дүгнэжээ. Түүний үзэж буйгаар Орос, Америк, Хятадын удирдагчид хоорондоо шууд холбоотой байх нь олон улсын харилцаан дахь түгшүүртэй байдлыг намжаах, улсуудын хоорондын санал зөрөлдөөнийг зэвсэгт зөрчил тэмцэл болж даамжрахгүй байлгаж чадах юм.
Гадаадад, ялангуяа Өрнөд хийгээд Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг уулзалтын талаар ямар үнэлэлт, дүгнэлттэй байгаагийн заримаас өгүүлье.
“Bloomberg”-ийн Марк Чемпион: Энэ уулзалт Москвагийн статусыг нотолж, Оросыг ганцаардуулах гэсэн Өрнөдийн оролдлого бүтэлгүйтэж буйг зөгнөж, Оросын Ерөнхийлөгчийн Европ дахь “илүү чинээлэг өрсөлдөгчдийг” нь доош нь оруулав гэж үзжээ. Түүнээс гадна “гурван хэт их гүрэн” дахин цуглаж, нөлөөллийн хүрээгээ тодорхойлно гэдэгт Путин эргэлзэхгүй байж болно гэж Марк Чемпион дүгнэсэн байх юм.
Германы “Der Spiegel”: Ямар ч байлаа гэсэн цөмийн гурван том гүрний удирдагчид уулзаж, эвтэй найртай салж явсныг сайшаалтай.
АНУ-ын “Politico”: Үр дүнд нь тодорхой тохиролцоонд хүрээгүй ч өргөн цар хүрээтэй зохицуулалтын асуудлаар Хятад, Оросын удирдагчдын статусыг Америкийн засаг захиргаа Ерөнхийлөгчийнхөө зиндаад авчирлаа. Энэ үйл явдлаас жижиг улсуудыг хөндийрүүлэв. Си Зиньпинийг манай гаргийн ямар ч удирдагчтай эн зэрэгцэх түүхэн их удирдагч болохыг нь таниуллаа.
АНУ-ын дипломатч байсан Жон Б.Эмерсон: Цөмийн зэвсгийн асуудлаар Хятад хүлээцтэй байр суурь баримталдаг. Тус улс 600 орчим цэнэгт хошуутай, түүнийгээ нэмэгдүүлэхийг эрмэлздэг ч АНУ, Оросын хэмжээнээс үлэмж доогуур байгаа нь Бээжинг энэ асуудлаар яриа хэлэлцээнд идэвхтэй оролцох боломжгүй болгодог.
Хятадын асуудлаарх шинжээч Крейг Синглтон бодол санаагаа илэрхийлэхдээ цөмийн зэвсгийг хорогдуулах тухай хэлэлцээнд Хятадыг оролцуулахаар шахаж шаардах нь эхнээсээ л амжилт олох төлөвгүй байсан гэжээ.
Р.Жаргалант