Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэртэй холбоотой асуудлаар Япон Улсын талтай ээлжит цахим уулзалт хийлээ. Уулзалтад тус улсын Гадаад хэргийн яам, Байгаль орчны яам, Элчин сайдын яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, ажлын хэсгийнхэн оролцжээ.
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний тайланг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн тул дэлгэрэнгүй танилцуулах боломжгүйг манай талаас мэдээлэв. Шинжээчдийн баг түймрийн нөлөөлөл, хохирлын ойн сан, газар ашиглалт, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, усан орчин, агаарын чанар зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр ангилан тооцож, шаардлагатай дээж, сорьц авч, лабораторийн шинжилгээ болон нарийвчилсан судалгаа хийсэн талаараа танилцуулсан юм.
Хохирлын үнэлгээг эцэслэн баталгаажуулж, албажуулах ажил үргэлжилж буй бөгөөд үүнтэй зэрэгцэн түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх, байгалийн жамаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал болохыг талууд дурдлаа. Ялангуяа түймэрт өртсөн бүс нутгийн зэрлэг амьтдын идэш тэжээл, бэлчээрийн нөхцөлийг сэргээх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудалд яамны зүгээс онцгой анхаарч байгааг онцлов. Үүний хүрээнд түймэрт өртсөн бүс нутгийн зэрлэг амьтдын популяц, тархац нутаг, амьдрах орчин, идэш тэжээлийн нөөцөд гарсан өөрчлөлтийг тодорхойлох мониторинг, судалгааг ойрын хугацаанд эхлүүлэх шаардлагатай гэв.
Ч.Цэлмэг