Дэлхийн нийтээр арваннэгдүгээр сарыг дутуу нярайн асаргаа, сувилгаа, эмчилгээний үр дүн, сэргийлэх арга замын талаар таниулан өнгөрүүлж буй. Үүний хүрээнд “Мөрөөдлийн алсыг харагч” нийтэд үйлчлэх ТББ-аас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн нярайн эрчимт эмчилгээний тасагт 360 градусын шарлалтын фото эмчилгээний аппарат хандивлав.
Манай улсын хэмжээнд хүүхдийн нийт өвчлөлийн 30.8 хувийг нярайн өвчлөл эзэлдэг аж. Үүний 50.3 хувь нь нярайн шарлалт бөгөөд үүнийг эрт илрүүлэх, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй үзүүлэх, болзошгүй хүндрэлээс сэргийлэх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эл аппарат нь ихээхэн ач холбогдолтой юм.
Ташрамд дуулгахад, цусан дахь билирубиний хэмжээ ихэссэнээс арьс, салст шарлахыг нярайн шарлалт гэдэг. Төрснөөс хойш 24 цагийн дараагаас шарлалт эхэлж, 10 дахь хоногоос аяндаа буурч, бүрэн арилдаг байна. Харин үүнээс олон хоногоор үргэлжлэх, цусан дахь билирубиний хэмжээ 428 мкмоль/л-ээс их байх тохиолдолд хүнд хэлбэрийн шарлалт гэж үздэг бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол тархи, мэдрэлийн эмгэгшил үүсгэх эрсдэлтэй аж.
Ч.Цэлмэг