Утаагүй түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор байгуулагдсан “Тавантолгой түлш” ХХК-ийн бүтээгдэхүүнд ард иргэд хордсоор удлаа. Олон ч хүн амиа алдав. Хэдэн мянгаар тогтохгүй хүн утаа, угаарт нь хордож эрүүл мэндээрээ хохиров. Гэвч хариуцлага хүлээсэн хүн алга. Үхсэний, хордсоны хохь болоод л өнгөрсөөр. Харамсалтай нь сайжруулсан шахмал болон коксон түлш түлсний улмаас угаартаж амиа алдсан хүний тоог нарийвчлан гаргадаг, эсэх нь тодорхойгүй. Хүний эрхийн үндэсний комиссоос 2025 оны аравдугаар сард “Он гарснаас хойш 110 хүн угаарын хийн хордлогын улмаас нас барсан тухай баримтыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн” хэмээн мэдээлж байв. Тэгвэл НЭМҮТ-ийн мэдээлэлд 2026 оны дөрөвдүгээр сарын сүүлийн хагасын байдлаар угаарын хийн хордлогод 124 иргэн өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хэмээн дурджээ. Харин 2025 оны хоёрдугаар сард Төрийн ордонд болсон “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сонсголын үеэр “2009-2025 он хүртэл 163 хүн угаартаж нас барсан” гэж шинжээч танилцуулж байв. Ардчилсан намынхан гэнэт сэрсэн юм шиг өнгөрсөн долоо хоногт утааны асуудлыг хөндөж, 900 гаруй хүний амиар туршилт хийсэн гэж мэдэгдсэн билээ.
Хугацаат цэргийн албанд татагдсан байлдагчийн ар гэрийнхэн угаартаж амиа алдсан талаар өнгөрсөн оны нэгдүгээр сард олон нийтэд мэдээлсэн нь тухай үедээ дуулиан дэгдээж, олон нийтийн сүлжээнд бүгд л шахмал түлшний шинжээч, үйлдвэрлэгч, химич шиг элдэв зүйл бичицгээсэн. Уг дуулиан дээрх сонсголыг хийх үүдэл байсан билээ. Тэр явдлыг дараагийн дуулианаар дарж, мартацгаагаад буй. Тухайн үед нас барсан иргэдийг элдвээр бичиж олон нийтийн сүлжээнд цацсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд нь мэдэгдсэн ч сураг алдарсан юм.
Өнөөдөр нөхцөл байдал яг хэвээрээ, иргэд “Тавантолгой түлш”-ийн нийлүүлж буй шахмал болон коксон түлшинд хордсоор л байна. Энэ сарын 16-18-ны хооронд угаарын хийд хордсон тухай гурван ч дуудлага цагаагийн байгууллагад ирсэн байх юм. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 17-ны 02.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суух айлын насанд хүрсэн гурван хүн мөн тооны хүүхдийн хамтаар угаарын хийд хордож, Цэргийн төв эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргүүлжээ. Тухайн айлынхан хагас коксон түлш түлсэн байж.
Мөн энэ сарын 16-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд оршин суух айлын эзэгтэй угаартаж, Цэргийн төв эмнэлэг буюу Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргүүлэн эмчлүүлж байна. Тухайн айл нь төслийн зуухтай, сайжруулсан шахмал түлш түлсэн, угаар мэдрэгч нь ч ажилласан байгаа юм. Угаар мэдрэгчээ унтрааснаас хордсон хэмээн албаны хүмүүс тайлбарладаг. Гэтэл угаар мэдрэгч нь ажиллаад, бүрэн шаталттай хэмээн борлуулдаг төслийн зуух байшиндаа тавьсан атал хүн хордсоор байна. Учир шалтгаан нь өөр зүйлд байгаа юм биш биз дээ.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Ц.ДАВААЦЭРЭНГ ШАЛГАХ ЁСТОЙ ГЭВ
Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” ХХК-ийнхан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан их хэмжээний химийн бодис авч хадгалж байсныг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн, хурааж, эрүүгийн хэрэг нээн шалгасан юм.
Тодруулбал, шахмал түлшний барьцалдуулагч эдийг шинжлэх аргачлалыг нутагшуулах, туршилт хийх зорилгоор “Гарааны мон био про” гэх компаниас 2024 оны наймдугаар сард натрийн гидроксид, цууны хүчил, натрийн фторид, мөнгөний нитрит, иод, фенол, хүхрийн хүчил, азотын хүчил, давсны хүчил гэсэн есөн төрлийн химийн бодис авчээ. Тэдгээр нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны аравдугаар сарын 8-ны А/356/396 хамтарсан тушаалын III хавсралт буюу Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад багтдаг аж.
Нэр дурдсан химийн бодисуудыг ашиглахын тулд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авч үйл ажилла гаандаа хэрэглэх ёстой байдаг. Гэвч “Тавантолгой түлш” болон “Гарааны мон био про” ХХК-ийнхан дүгнэлт, зөвшөөрөл авалгүйгээр 2024 оны наймдугаар сард нэгэндээ нийлүүлжээ. Тиймээс уг хоёр аж ахуйн нэгжид Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.3-1, 24.3-3 дахь хэсгийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, худалдсан, авсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн юм.
Уг хэрэгт дээрх хоёр компаниас гадна “Тавантолгой түлш”-ийн лабораторийн дарга Х.Галымбек, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, байгалийн ухааны эрдэм шинжилгээ, судалгааны “Гарааны мон био про”-г үүсгэн байгуулагч Ш.Наранмандах нарыг яллаг дагчаар татсан юм. “Гарааны мон био про” ХХК-ийнхан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан натрийн гидроксид 1.5, хүхрийн хүчил 6.8, азотын хүчил 3.51, давсны хүчил 1.2 кг, цууны хүчил 500 мл, натрийн фторид 300, мөнгөний нитрат 150, иод 200, фенол 500 граммыг “Тавантолгой түлш”-ийнхэнд нийлүүлсэн аж. Хүлээн авагч талынхан 2024 оны наймдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл ажлын байрандаа хадгалж байжээ. Тэдгээрийг “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, Үйлдвэрлэл, техник, технологийн газрын дарга бөгөөд ерөнхий инженер Ц.Алтансүх, нийлүүлэгч аж ахуйн гүйцэтгэх захирал Ш.Наранмандах нарын 2023, 2024 онд гарын үсэг зурж баталгаажуулсан хамтран ажиллах гэрээ, санамж бичгийн хүрээнд өгч, авчээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Баатар энэ оны зургаадугаар сарын 8-нд урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд 2026/ШЗ/3810 дугаартай захирамж гаргаж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаажээ. Ингэхдээ “Тавантолгой түлш” ХХК-ийн химийн хорт болон аюултай бодис хадгалсан үйлдэлд гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон, эсэхийг шалган тогтоох нь гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг тогтооход ач холбогдолтой. Химийн хорт, аюултай бодис олж авч, хадгалсан үйлдлийн улмаас ямар хэмжээний хохирол учирсныг тогтоох шаардлагатай гэх зэрэг үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр болжээ.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Ууганбаяр бичсэн эсэргүүцэлдээ Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, дээрх гэмт хэрэг нь нийтийн аюулгүй байдлыг хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэргийн шинжид заасан нөхцөл байдал тогтоогдсоноор төгссөнд тооцдог. Харин энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд вэ
ёстой. Түүнийг шалгуулах хүсэлтийг удаа дараа прокурорт тавьсан боловч хүлээж аваагүй. Харин анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хүлээж авсан” гэсэн байв. Нийслэийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Баатарын захирамжийг хэвээр нь үлдээж, Дээд шүүх уг хэргийг хэлэлцэхээс татгалзсанаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болсон юм.

ГУРВАН НАСТАЙ ОХИН НАС БАРСНЫ ХОХИРОЛД 503 САЯЫГ ТӨЛНӨ
Иргэн Т-ийнх 2019 оны аравдугаар сарын 18-нд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш худалдан авч түлжээ. Гэтэл тэр шөнөдөө угаарын хийд хордож, гурван настай охин нь нас барж, гэрийн эзэгтэй Г.У ч угаартан хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Тухайн үед сайжруулсан шахмал түлшний уутанд угаарын хордлого, учирч болох эрсдэл, мэдрэгчийн талаар ямар ч сануулга байгаагүй, зааврынх нь дагуу түлсэн атал ийм харамсалтай явдал болжээ. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нар дүгнэлт гаргахдаа иргэн Г.У-ыг нүүрстөрөгчийн дутуу ислийн улмаас хүнд зэргийн гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан гэсэн дүгнэлт хийсэн юм байна.
Иргэн Г.У Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Аюулгүй байдлын талаар тодорхой зааварчилгаа өгөөгүй буюу байгаагүйн улмаас гурван настай охин минь сайжруулсан шахмал түлшнээс үүссэн угаарын хийд хордож нас барсан, би өөрөө эрүүл мэндийн хувьд хохирсондоо гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” ХХК нь эс үйлдэхүйгээр охины минь амь болон миний эрүүл мэндэд гэм хор учруулсан. Охиноо цаг бусаар алдсан эх хүн, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний хувьд маш их шаналж, сэтгэл санааны хохирол амсаад байна. Төрийн зүгээс талийгаачийн оршуулгын зардалд 10 сая төгрөг, эмчилгээндээ хэрэглээрэй гээд найман сая төгрөг өгсөн.
Иргэний хуулийн 497.1-д зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд түүнийг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах” гэсэн эрхийн дагуу гурван настай охины аминд эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж үзэн төлбөрийг шаардаж байна. Үүнээс гадна сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр шаардаж байгаа болно” хэмээн өргөдөл гаргажээ. Өөрөөр хэлбэл, иргэн Г.У эмчилгээний зардалд 388.7, олох байсан орлогод 100.6, талийгаач охины амь насны нөхөн төлбөрт 200, сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт 292.4, хохиролд 410.4 саяас гадна сар бүр 1.5 сая төгрөгийн тэтгэлэг дээрх компаниас гаргуулахаар хандсан аж.
Харин “Тавантолгой түлш”-ийнхэн уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Холбогдох байгууллагын шалгалтаар бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. Иргэний хуулийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй учраас нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэлгүй. Иймд нийт 1.1 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд “Сайжруулсан түлшний хэрэглээнээс нэхэмжлэгчийн охин угаартаж нас барсан, нэхэмжлэгчид хүнд зэргийн гэмтэл учирсан явдалд хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа шалтгаант холбоотой, нэхэмжлэгчийн өвчний онош нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад хамаарахгүй, хэзээ бүрэн эдгэрэх боломжтой талаар баримт авагдаагүй учир эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардлыг, Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй учир сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй. Мөн хөдөлмөрийн чадвар бүрэн сэргэх хүртэлх сар бүр 1.5 сая төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв. Харин хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан буюу олох байсан орлого 100.6 сая төгрөгийг гаргуулж, Г.У-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Тэгвэл нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж “Хариуцагч “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлш нь чанарын шаардлага хангаж байгаа ч хэрэглээний түвшинд учир дутагдалтай, хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Г.У гадаад улсад эмчлүүлэх 388.7, сэтгэцэд учирсан хохирлыг 50, охины амь насанд учирсан хохиролд 95.6 сая төгрөг хариуцагчаас гаргаж олгох нь зүйтэй” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаас 625.8 сая гаруй төгрөг гаргуулж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон байна.
Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн энэ оны тавдугаар сард уг хэргийг хэлэлцээд “Хариуцагч байгууллага буюу “Тавантолгой түлш” ХХК-ийнхны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан нь шалтгаант холбоотой талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй” гэж үзэв. Ингэхдээ гэм хорын хохиролд тус компаниас 503, 2026 оны тавдугаар сарын 5-наас сар бүр тогтмол 1.5 сая төгрөгийг уг аж ахуйн нэгжээс нэхэмжлэгч Г.У-д олгохоор тогтоожээ. Харин үлдсэн 596.7 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.