Баянхонгор аймгийн Баян-Өндөр болон Шинэжинст сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ ресурс деволопмент корпорейшн” компани энэ оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулжээ. Тус компанийн Баянхөндийн алтны уурхай өнгөрсөн улиралд 11.853 унц алт олборлосон нь нэгдүгээр улирлынхаас 39 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингэснээр 9.56 сая канад долларын цэвэр ашиг олсон бөгөөд дараалан дөрвөн улирал ашигтай ажилласан байна. Алтны уурхайн ашиг өсөхийн хэрээр төслийн өр ч хурдацтай буурч байгааг мөн тайланд тэмдэглэжээ. Тодруулбал, төслийн санхүүжилтийн нийт зээлээс гуравдугаар улиралд 30 сая ам.долларыг эргэн төлсөн аж. Ингэснээр улирлын эцэст зээлийн үлдэгдэл 93 сая ам.долларт хүрчээ. Өрийн ачаалал буурах нь уурхайн чөлөөт мөнгөн урсгалыг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх юм. Гэвч компани ногдол ашиг өгөх, эсэх шийдвэрээ хараахан гаргаагүй байна. “Эрдэнэ ресурс деволопмент корпорейшн” нь 2015 оноос Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж, 2025 оноос алт олборлосон. Торонтогийн болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани юм.
С.Цэрэн