Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт, С.Цогтбаяр болон Гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар нарыг хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээг нь гардууллаа.
Баримтат гэрэл зургийн салбарт 40 гаруй жил ажилласан С.Цацралт нь Монгол орны түүх, соёл, нүүдэлчдийн өв уламжлал, байгалийн үзэсгэлэнг гэрэл зургийн хальснаа буулгаж, дотоод, гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм. Харин С.Цогтбаяр нь шог зураг, дүрслэх урлагийн салбарт олон жил тууштай хөдөлмөрлөж, үндэсний үнэт зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан нийтэд түгээн дэлгэрүүлж иржээ. Тэд Соёлын элчийн хувиар “Арт аялал” төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийг эрэн сурвалжлах, судалгааны эргэлтэд оруулах болон олон улсад сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Харин Гавьяат жүжигчин, дуурийн дуучин О.Хүрэлбаатар нь Итали болон Европын томоохон театруудын тайзнаа Ж.Вердийн “Набукко”, “Дон Карло”, “Симон Бокканегра”, Ж.Пуччинийн “Турандот” зэрэг дэлхийн сонгодог дуурийн гол дүрийг бүтээж, олон улсын нэр хүндтэй уралдаан, тэмцээнд амжилт үзүүлсэн уран бүтээлч билээ. Түүний уран бүтээл, амжилт нь Монголын сонгодог урлаг, дуучдын ур чадварыг дэлхий дахинд таниулахад бодит хувь нэмэр оруулж байна.
У.Сүрэн