Зүүн гараас: Путин, Стив Уиткофф, Жаред Кушнер, Жош Грюнбаум 2026 он.
Абу-Даби хотноо энэ сарын 10-11-нд Орос, АНУ, Украины төлөөлөгчид уулзсан юм. Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Михиал Галузин, Ерөнхий штабын төлөөлөгч Игорь Костюков, Цэргийн тагнуулын газрын удирдагч Александр Жигарловский нар орж, төлөөлөгчийг Владимир Мединский тэргүүлжээ. Киев болохоор төлөөлөгчдөө Гадаад тагнуулын албаны дарга Рустем Умеровоор ахлуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Ард түмний зарц” фракцийн тэргүүн Давид Арахамия, Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Кислица болон холбогдох бусад хүнийг бүрэлдэхүүнд нь оруулжээ. Америкийн талыг Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стие Уиткофф, Жаред Кушнер, Европ дахь АНУ-ын Зэвсэгт хүчний командлагч Алексус Гринкевич нар төлөөлжээ.
Уулзалтын дүнд олзлогдогчдыг солилцох, хүмүүнлэгийн үүднээс, тухайлбал Алёшки сууринд оршин суугчдад тусламж үзүүлэхийн тулд гал түр зогсоох зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Энэ уулзалтын үр дүнгээр Владимир Мединский, Уиткофф, Кушнер нартай Оросын Ерөнхийлөгч уулзаж өөрийн төлөөлөгчдийн тэргүүний тайланг сонсож, Америкийн төлөөлөгчидтэй санал солилцов. Абу-Дабид яриа хөөрөө эхлэхээс өмнө Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Европын орнууд өөрийн хүмүүсийг түүнд оролцуулна гэж мэдэгдэж байсан. Владимир Мединский, Путиний туслах Ушаков нарын хэлснээс үзвэл европчууд энх амгалан байдал бий болгох талаар ач холбогдолтой ямар нэг санал ер тавиагүй аж. Путин өөрийн байр суурийг илэрхийлэхдээ Украинд гадаадын хэдэн ч бай тооны цэрэг оруулах нь дайныг цаашид үргэлжлүүлнэ гэсэн үг болно хэмээн хэлсэн байх юм.
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны арга хэмжээний хүрээнд Орос, Хятад, АНУ-ын дээд хэмжээний уулзалт Хятадын Шэньчень хотод эхэлж байна. Тэнд Украин дахь хямралын асуудлын талаар ярилцахаар төлөвлөөгүй гэх мэдээлэл бий. Абу-Дабид болсон гурван талт хэлэлцээний үеэр Оросын төлөөлөгчид нэгэн баримт бичиг тараасан гэж “New York Times” сонин мэдээлэв. Бүр 2021 оны эцсээр НАТО-гийн орнуудад Кремлийн тавьж байсан шаардлагуудыг уг баримт бичигт давтсан байжээ. НАТО-г өргөтгөхөөс татгалзаж, тус эвслийн цэрэг, цэргийн баазуудыг гаргаж, 1997 оны байршилд нь аваачих, Украин, Зүүн Европ, Өмнөд Кавказ, Төв Азид цэргийн ажиллагааг аливаа байдлаар идэвхжүүлэхээ зогсоохыг уг шаардлагад өгүүлсэн байв. Европын орнуудад хамаарах зүйл ч энэ шаардлагад байсан юм байна. Ер нь бол шаардлагын гол нь Европ, Украинд чиглэсэн байв. Тэгэхдээ Си Зиньпин, Дональд Трамп, Владимир Путин нарын уулзалтад Төв Ази хязгаарлагдмал хүрээнд “оролцох”-ыг тоймчид, хэвлэлүүд үгүйсгэхгүй байна. Таван жил түрэмгийн дайны нөхцөлд байгаа, АНУ-ын түншүүдтэй яриа хөөрөө хийж буй Украин ч өөрийнх нь эрх ашгийг хайхрахгүй бол дуугүй байхгүй нь мэдээж. Орос, Турк гээд “ах” нартайгаа ижил тэгш байдалд ярилцаж болохыг сүүлийн хоёр жилд харуулж байгаа Азербайжан ч өөрийнх нь үндэсний эрх ашигт нийцэхгүй юм хийгээд байвал гар хумхиж суухгүй нь ойлгомжтой. Цэргийн айхтар ялагдал хүлээчхээд одоо ширүүхэн дарамт шахалт дор байгаа ч Армен өөрийн бие даасан бодлогыг явуулсаар байна. Үндэсний эрх ашгаа хамгаалахад тухайн улс том, жижиг байх нь нөлөөлдөггүйг энэ бүхэн харуулж байна. Төв Азийн улсууд тухайн үедээ хүнд цохилт авч олон жил хоорондоо харилцаагүй байсан билээ. Энэ байдал нь тус бүс нутгийг геополитикийн төрөл бүрийн туршилтын талбар болгосон юм.
Крымийн гүүр Украины зэвсэгт хүчний довтолгоонд өртлөө. Украины гараар ийм цохилт хийлгэснээр Британи юунд хүрэхийг зорьж буйг Оросын пуужин, их бууны академийн зөвлөх, чөлөөнд байгаа дэд хурандаа Олег Иванников сэтгүүлчийн асуултад хариулахдаа ярьсан байна. Цохилтыг нисгэгчгүй төхөөрөмж болон “Фламинго” пуужингаар өгчээ. Үүнд Британи тусламж үзүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй байгаа юм. Цохилтод Британийн “Storm Shadow” гэдэг далавчит пуужинг ашиглажээ. Украины зэвсэгт хүчин хоёр хоногийн өмнө Москвагийн бүс нутаг руу нисгэгчгүй 800 төхөөрөмж хөөргөж довтолсон гэж Москва хотын захирагч Сергей Собянин мэдээлэв.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч байсан Кит Келлог Абу-Дабид болсон уулзалтын тухайд Оросын төлөөлөгчдийг дарангуйлагчийн нэд гарсан туслах Владимир Мединский тэргүүлсэн ч “Та бүхэн шийдвэр олох сонирхолтой хүмүүстэй ярилцах юм байна” гэж тэмдэглэсэн байна. Тэгэхдээ ам хэлээ түргэн ололцоно гэдэгт итгэхгүй байгаагаа тэр бас нуусангүй. Үйл явцад Европын Холбоо, НАТО, Герман, Британи, Франц, Италийн төлөөлөгчид оролцох нь ихээхэн чухал гэж тэр үзэж байв.
Абу-Дабид болсон уулзалтын дараа Кремлийн тэргүүн Владимир Путинийг санаанд оромгүй алхам хийлээ гэсэн дүгнэлтийг Хятадын улс төрийн шинжээчид гаргаад байна.
Оростой хийх уулзалтад Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта, тус холбооны дипломат бодлогын тэргүүн Кая Каллас нарыг оруулах талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. Тэгснээ Кая Каллас нь Орост дайсагнасан хандлагатайгаараа алдартай хүн, түүгээр ч барахгүй европчуудыг Украины асуудлаарх яриа хөөрөөнд оролцуулахыг Путин хэзээнээс зөвшөөрөхгүй байсан юм. Энэ удаа ч мөн л тэгж хандана гэж хүлээж байтал Путин зөвшөөрсөн хариу өгсөн нь тун санамсаргүй явдал байв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Кая Каллас орно гээд байхад шүү. Гэхдээ эцсийн эцэст түүнийг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулахаа больжээ.
Абу-Даби дахь хэлэлцээ одоо хэр нь үргэлжилж буй бөгөөд дараагийн ээлжээ хэзээ товлох, Европын Холбоог түүнд оролцуулах нөхцөл болзлыг тохиролцож байгаа юм. Ушаковын хэлснээр бол зөрчлийг зохицуулах талаар Европоос тодорхой санал Москва авсан тохиолдолд л төлөөлөгчдийг нь оролцуулах боломжтой гэж үзэж буй аж.
Р.Жаргалант