Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг энэ хичээлийн жилд шинэчилсэнтэй холбоотойгоор хиймэл оюунд суурилсан туслахыг 30 цэцэрлэгт туршилтаар нэвтрүүлж эхэлснийг Боловсролын яамнаас мэдээлэв. Тус яамны Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Н.Мөнхсанчир “Боловсролын салбарт багшийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан багшийн туслахыг үе шаттай нэвтрүүлж байна. Хот, хөдөөгийн болон алслагдсан бүсийн нийт 30 цэцэрлэгт туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн. Хиймэл оюун туслах нь хүүхдийн хөгжлийн үнэлгээ, мэдээлэл боловсруулах, тайлан бэлтгэх зэрэг их цаг шаарддаг ажлыг хөнгөвчлөхөд чиглэх юм. Ингэснээр багш нар бичиг цаасны ажлаас хэмнэсэн цагаа хүүхэд бүртэй тулж ажиллахад зарцуулж, сургалтын чанар, хүүхдийн сурлагын ахицад эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ” гэв.
Мөн нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрт нийцүүлэн хиймэл оюун багшийн туслахыг хөгжүүлж буй бөгөөд эхний үр дүн гарсны дараа сургуулиудад туршилтын журмаар ашиглуулах аж. Цаашид бага боловсролын түвшинд өргөжүүлэн нэвтрүүлэх зорилготой байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
М.Гэгээ