НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцыг баталсан буюу Дэлхийн хүүхдийн өдөр өнгөрсөн баасан гарагт тохиолоо. Үүний хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл “Миний өдөр, миний эрх, миний ирээдүй” уриан дор өргөтгөсөн хуралдаанаа хийв. Ерөнхий сайд Н.Учрал тус зөвлөлийг тэргүүлдгийн хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр сүүлийн үед хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүн, цаашдын зорилтыг танилцуулсан юм.
Тэрбээр “Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хамгаалалд төсөвлөсөн хөрөнгө оруулалт бол улс орны тогтвортой хөгжлийн үндэс. Ирэх онд 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байр барихаар төлөвлөсөн. Хүүхдийн хоолны төсвийг 194.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, зургаа, долоодугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Мөн өрон нутагт Кэмбрижийн хөтөлбөр нутагшуулах, төрөлжсөн ахлах сургууль хөгжүүлэх ажлуудыг эрчимжүүлнэ. Эрүүл мэндийн салбарт 264.6 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг өргөтгөх, улсын эмнэлгүүдийг шинэчлэх ажлыг нэн тэргүүнд хийнэ. Нийслэл, орон нутагт хүүхэд, залуучуудын болон гэр бүл хөгжлийн төв, хүүхдийн ордон байгуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг дэмжих бодлого баримталж байна” гэлээ.
Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс өрнүүлж эхэлсэн “Хүүхдийн төлөө-За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний үр дүнг энэ үеэр хэлэлцэв. Өнгөрсөн хугацаанд тус хөдөлгөөний хүрээнд хүүхдийн амь, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийн талаарх мэдээллийг бүртгэж, үнэлэн, шуурхай шийдвэрлэх тогтолцоо бүрдүүлснээр 998 зөрчлийн 25 хувийг нь арилгажээ. Тэрчлэн зочид буудлын зориулалтаар ашиглахаар төлөвлөж байсан, нийслэлийн ЗДТГ-ын “ногоон байр”-ыг Шинжлэх ухаан, технологийн ордон болгон тохижуулаад буйг мэдээллээ. Тус ордонд робот техник, программ, инженерчлэлийн чиглэлээр жил бүр 3000 гаруй хүүхдийг сургахаар төлөвлөсөн байна. Мөн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн “Хотхоны сургууль” хөтөлбөрийн хүрээнд 9700 хүүхэд гэрийнхээ ойролцоох сургуульд суралцаж буй бол 2026-2028 онд 167 сургуулийг шинэ бүтэц, хөтөлбөрөөр хичээллүүлэхээр төлөвлөснийг холбогдох албаны хүмүүс танилцуулав.
Н.Мишээл