Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн өдрийг 10 дахь удаагаа өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд тэмдэглэсэн юм. Эр, эмийн харилцаанд ашиглах, албаар хөдөлмөр хийлгэх, гуйлга гуйлгах, хүчээр гэр бүл болгох, эд, эрхтнийг нь ашиглах зэрэг зорилгоор хүнийг худалдаж байна. Ийм үйлдлээр Орос улс дэлхийд толгой цохигчдын тоонд ордог аж. Үүнтэй тэмцдэг “Альтернатива” хэмээх олон нийтийн хөдөлгөөн байдаг. Түүнийг Вера Грачева гэдэг эмэгтэй удирдана. Тэр юу гэж ярьсныг сонирхуулъя.
-Энэ асуудал ямар хэмжээ далайцтай байгааг төсөөлөхийн тулд тоо баримтыг анзаарахаас аргагүй. Хүн худалдаалах гэмт хэргийг Орост хэрхэн бүртгэж байна вэ?
-Энэ бүх асуудлыг авч үздэг хуулийн үндсэн хоёр заалт манайд байдаг нь “Хүн худалдах”, “Боолын хөдөлмөр эрхлүүлэх” юм. Үнэн хэрэгтээ энэ хоёртой маш олон буюу шилжүүлэн суулгах зорилгоор хүний эд, эрхтнийг нь авах, хүчээр хууль бусаар эрх чөлөөг нь үгүй хийх, хүн хулгайлах гэх мэт гэмт хэрэг холбоотой. Баримт дурдвал, нэг хүнийг гэгээн цагаан өдөр хүчээр машинд суулгаад аваад явчихна. Энэ хүний ярьснаар түүгээр гуйлгаж, 1-2 цаг болоод л “олсон”-ыг нь хурааж авна. Ийм ажил хийлгэдэг тусгай хүн байна. Нэг “гуйлгачин” өдөрт 6000-8000 рубль олчихно. Хүүхэд худалдах гэмт хэрэгт “хууль бусаар үрчлэх”-ийг хамааруулж бас болно.
-Эр, эмийн харилцаанд хүчээр ашиглах, биеэ үнэлэхэд уруу татах, шалиг завхай үйл явдал харуулсан бичлэг хийлгэхэд оролцуулах нь хүн худалдаалах хэлбэр мөн биз?
-“Эр, эмийн харилцаанд хүчээр оруулах”, “Эр, эмийн харилцаанд орохоос аргагүй байдалд хүргэх” зэрэг нь хүн худалдаалах үйлдэлд хамаардаг. Ялангуяа насанд хүрээгүй хүмүүсийн хувьд “биеэ үнэлэх үйлдэлд уруу татах” нь бас үүнд хамаарна. Эдгээр үйлдлийг зохион байгуулах ажил гэж бий. Биеэ үнэлэгчдийн 80 орчим хувь нь хуурагдаж, мэхлэгдээд, хүчинд автаж, амьдралын аргагүй байдлаа ашиглуулсан байдаг гэж хүмүүнлэгийн ажил эрхэлдэг “Аюулгүй гэр” сангийн шинжээчид үздэг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын баримтаар хүн наймаалж жил бүр 236 тэрбум ам.долларын орлого олдог юм билээ. Энэ бол хохирогчдын халааснаас, гэр бүлийнхнээ тэжээх гэж чармайж яваа хүмүүсийн орлогоос булааж авсан мөнгө. Энэ бол алс хол эх орондоо байгаа хүмүүстээ цагаачдын илгээх гэж байсан мөнгө. Албадан хөдөлмөрөөс, хүн худалдаж олсон орлого цаашдын мөлжлөгийг өөгшүүлж, гэмт хэргийн сүлжээг бэхжүүлж, авлигыг хөхиүлж, хууль дээдлэх зарчмыг сүйтгэж байдаг.
2001 онд төрсөн Виктория гэх эмэгтэй танилынхаа зөвлөснөөр 2022 онд Новокубанскт талхны газар 40 мянган рублийн цалинтай ажил хийхээр болж. Гэвч түүний ярьснаар иргэний үнэмлэхийг нь хурааж авчхаад ийм цалин огт өгч байсангүй. Сард ердөө 8-12 мянган рубль л өгдөг байж. Охин тэндээс зугтах гэж хэд хэдэн удаа оролдоод бүтсэнгүй. Тэгэх тусам ажил, амьдралын нь нөхцөл улам бүр дордсоор байв. Түүгээр ч барахгүй эзэн нь түүнийг ална гэж заналхийлж, зодож байжээ.
-Бельги улсад биеэ үнэлэхийг саяхнаас чөлөөтэй болгосон. Энэ явдлыг та бүхэн хүн худалдах гэмт хэрэг гэж үздэг үү, эсвэл өөрөөр ханддаг уу?
-Энэ үйлдэлд бүрэн хориглох, гэмт хэрэгт тооцох, захиргааны зөрчил гэж үзэх, хуулиар зөвшөөрөх гэсэн чиглэлээр хандаж болно. Аль нь ч хүн худалдах үйлдлээс салгах баталгаа болж чадахгүй байгаа. Захиалагчийг гэмт хэрэгтэн гэж үздэг, өөрөөр хэлбэл, эрэлт, хэрэгцээний эсрэг тэмцэж, биеэ үнэлэх үйл ажиллагааны хүрээнээс гаргах гэсэн хүнд туслахыг эрмэлздэг Скандинавын хандлага санаанд ихээхэн нийцэж байна. Энэ хандлага Швед, Норвег, Исланд, Израил, Канад, Умард Ирланд, Франц, АНУ-ын Мэн мужид нэлээд түгээмэл болжээ.
-Та энэ салбарт хэрхэн ажиллаж эхлэв?
-Хүн наймаалахын эсрэг би бараг 25 жил ажиллажээ. 2000 оноос Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дэргэдэх Оросын төлөөлөгчийн газар ажилласан. 2004 онд намайг тус байгууллагын хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх Тусгай төлөөлөгч, зохицуулагчийн товчоонд ажиллуулсан. Тэнд үнэхээр ачаалалтай, бүтээлч 10 жилийг өнгөрөөсөн дөө. Энэ ажлын туршлага улс оронд минь ач тусаа өгнө гэж бодож 2015 онд Москвад буцаж ирсэн. 2018 онд “Альтернатива”-гийн ерөнхийлөгчөөр сонгосон, энэ итгэлийг алдахгүйг хичээж байна.
-Цэрэг, дайны зөрчил тэмцэлтэй нөхцөлд хүн худалдах үйлдэл гүнзгийрнэ биз?
-Ийм газар нутагт хүн амын эмзэг байдал үлэмж ихэсдэг. Тиймээс хүн худалдах явдал нэмэгдэх нь гарцаагүй л дээ. Хүмүүсийн аргагүй шилжилт хөдөлгөөн эрс ихэснэ. Ийм нөхцөлд орсон хүн орон гэр, ажил төрөл, ойр дотнын хүмүүсээ алдаж, хүн наймаалагчдын зөөлөн хоол болно. Тэдний дундаас өвчтэй хүн асрах, хүмүүнлэгийн аливаа ажил хийж болох охид, хүүхнүүдийг хүний наймаачид олж авдаг. 1990-ээд оны эхэн үеийн Балканы дайны үед тэнд энхийг сахиулагч хүчин байрласан болохоор эр, эмийн харилцааны үйлчилгээ эрэлт ихтэй болсон. НАТО-гийн генералууд ч энхийг сахиулагчдадаа зориулж “амралтын байр” бий болгож, тэр лүү нь Беларусь, Молдова, Оросоос охид, хүүхнүүд ёстой цувах болсон, хил ч нээлттэй. Энэ үед эд, эрхтнийг нь авах зорилготой хүний наймаа цэцэглэсэн.
-Өөр орон руу боолын хөдөлмөр хийлгэхээр явч явсан Оросын иргэдийн тухай ярьж болох уу?
-Мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн Оросын иргэд Мьянмар, Лаос, Тайландын хилийн уулзварын хяналтгүй газар нутагт албадлагаар хөдөлмөр хийсэн саяхны нэг түүх бий. Нэг орос эмэгтэйг криптовалютын ажил хийдэг компанид ажиллахыг урьсан байдаг. Мьянмарт очмогч нь цэргийн машинд суулгаад аваад явж. Ийнхүү тэр эмэгтэй Мьянмар, Тайландын хил дээрх, автомат буу барьсан хүмүүс хүрээлсэн газар очжээ. “Ажил олгогч”-д нь хятадууд, хийдэг ажил нь Европын гэнэн хүмүүсээс мөнгө салгах. Ажилтнуудаа мансууруулах бодис, согтууруулах ундаагаар “угжиж”, байр байдал нь хяналтаас гарвал тусгаарлаж, хоолыг нь хасна. Ажлаас татгалзвал 10 мянган ам.доллар төлөхийг шаардах юм уу, хүч хэрэглэнэ. Нэгэн зоримог сайн дурын ажилтны ач тусаар энэ бүсгүйн байгаа газрыг мэдэж аваад, улмаар суллаж чадсан. Хос залуус Мьянмарт ажиллаж байтал ажил олгогч нь тэднийг өөр кампанид 30 мянган ам.доллароор зарчхаж. Удалгүй тус улсаас явах замыг хаасан ч тэд өөрсдөө эр зориг гаргаж, Оросын ЭСЯ тусалсны ачаар эх орондоо буцаж ирсэн. Тэгэхдээ өнөө цагийн хөдөлмөрийн боолчлолоос сугарч гарна гэдэг тун амаргүй, их ховор.
Сүүлийн жилүүдэд компьютерын мэргэжилтнүүд ийм үйлдэлд их өртөмтгий болж байна. Оросын дотоодод хямд, мэргэжил шаардахгүй ажилд, тухайлбал, өмнөд бүс нутагт хонины аж ахуй болон ургамал тариалах салбарт ажиллах хүмүүсийн хэрэгцээ их боллоо. Алс Дорнодод бол загасны аж ахуй, Сибирьт мод бэлтгэх, хууль бусаар олс ургуулах ажилд хүн хүч их шаардагдах болсон.
-Хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хүний тоо дэлхий дахинд нэмэгдэж буйг янз бүрийн судалгаа харуулж байна. Үүний шалтгаан юу вэ?
-Хоёр хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэж байгаа. Нэг нь, төрийн хүч, анхаарлыг өөр маш яаралтай ажил руу татаж, гадаадын орнуудад хоригдсон хүмүүсийг мөлжлөг, биеэ ашиглуулахад аргагүйн эрхэд хүргэсэн цар тахал юм. Энэ хүчин зүйл хүн амын эмзэг байдлыг эрс нэмэгдүүлж, өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтнүүд үнэ хөлс багатай ажиллах хүчнийг олж авах нийгмийн баазыг өргөжүүлж орхив. Хоёр дахь нь, хүний наймааг цахим харилцаанд оруулсан явдал. Хүн элсүүлэх, сурталчилгаа хийх, санал тавих, айлган сүрдүүлэх зэрэг ихэнх зүйл онлайн хэлбэрт шилжчихлээ. Үйл ажиллагааны энэ хэлбэр нэрээ нууцлах боломжийг гэмт хэрэгтнүүдэд олгож, тэд нэг улсад байж, золиос бологсод нь өөр нэг улсад, захилагч нь бас өөр улсад байхад нь ер саад болохгүй.
-Тэгэхээр хүний наймаа айхавтар нууц болж байна даа. Хууль сахиулах байгууллага дахь авлигын хүчин зүйл үүнд нөлөөлж байна уу?
-Хүний наймаа ер нь асар нууц байдаг. Илрэх эрсдэл бага, ашиг орлого их, хууль сахиулах байгууллагынхан нь гэмт хэрэгтнүүдээсээ технологийн хувьд хоцрогдмол, золиос болж буй хүмүүс нь буруутан болохоос эмээдэг, гэмт хэрэгтнүүдэд ашиглуулж байгаа хүмүүсийнхээ төлөө ойр дотнынх нь хүмүүс айж зовдог гэх мэт олон шалтгаан бий. Албаар биеэ үнэлүүлж байгаа бүсгүйчүүд илрэхээс, гэрчээс ихэд айдаг. Бүхэлдээ хүмүүсийн хууль, эрхийн мэдлэг бас маш доогуур байна. Өөрсдийнх нь эсрэг маш хүнд гэмт хэрэг хийгээд буйг золиос болсон хүмүүс мэдэхгүй байх нь элбэг. Хүүхдүүд, ялангуяа гэмт хэрэгтнүүд гудамжнаас олзлогдсон юм уу, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан бол идэх хоолтой, унтаж, амрах орон байртай байлгаж буй этгээдэд талархах ёстой гэж үздэг. Цагаач, дүрвэгчид хөдөлмөрийн гэрээгүй ажилласан бол ажлын цаг нь хэтэрхий урт (14-16 цаг), хөлс нь асар бага, амьдрах орчин нь асар хүнд гэх мэтээр эрх нь зөрчигдсөнийг нотлоход төвөгтэй. Тэгээд ч гэмт хэргийн бүрдэлгүй гээд хэргийг хаахад хүрдэг.
-Биеэ үнэлүүлж, хөдөлмөрөө завшуулж байгаа хүмүүс өөрсдөө буруутай, зугтаад явчихгүй яасан юм бэ гэх хүн цөөнгүй тааралддаг. Хүн бусдын боол болдог түгээмэл нөхцөл байдлыг та хэлэхгүй юү?
-Хүмүүс буруугүй. Яах аргагүй байдалд орчхоод, амьд явах нөхцөл хайж яваа “амьтан” сайн сайхан цаг ирнэ гэж итгэх нь элбэг. Дээд боловсролтой хүнийг ч хуурч болно. Сайн цалинтай, сайхан нөхцөл боломжтой, зөөлөн, тааламжтай цаг ууртай, эмнэлгийн сайн үйлчилгээтэй газар ажиллуулна гэж итгүүлэх хамгийн боловсронгуй аргыг гэмт хэрэгтнүүд эзэмшсэн байдаг. Сайнаар яриад болохгүй бол хүний наймаачид хулгайлах, хүч хэрэглэх аргад шилжинэ. Оросын гурван иргэнд саявтар яг ийм байдлаар хүч хэрэглэсэн тохиолдол бий.