Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Илзат Касимов өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үр дүнд хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон гэрээ, хэлэлцээрүүдийг богино хугацаанд ажил хэрэг болгож буйг тодотгосон байна. Тухайлбал, Узбекистан улс Монголоос 100 мянган толгой амьд хонь, ямаа худалдан авахаар тохиролцсон. Тэгвэл тус улс руу экспортлох эхний ээлжийн 15 мянган толгой хонийг тээвэрлэхэд бэлэн болгосныг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн албан ёсоор мэдэгдэв. Уг ажлыг эрчимжүүлэх үүргийг салбарын сайд нь өгсөн бөгөөд Монголын талаас экспортын хураамжийн хөнгөлөлт хүртэл үзүүлэхээр болжээ.
Түүнчлэн манайхаас Узбекистан руу экспортолж буй малын мах тус улсын зах зээлд эрэлттэй болсныг Илзат Касимов уламжлав. Иймд Монголд боловсруулсан малын махыг цаашид тус улсын сүлжээ дэлгүүрүүдэд шууд борлуулах боломжтой гэдэг таатай мэдээг дуулгажээ. Талууд чанарын шаардлага хангасан махны худалдааны сүлжээ ийнхүү бий болгоход хувийн хэвшлүүд голлох үүрэгтэй оролцоно гэдгийг ч онцолсон. Ноос, ноолуурын салбарт ч энэ жишгээр хамтын ажиллагааны өргөн боломж байгаа аж.
О.Оргилох