“Америкийн үр тариагүйгээр ЗХУ-ын эдийн засаг нурна” гэсэн бодолтой байсан АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картер Зөвлөлтийн цэрэг Афганистанд орсны хариу болгож, ЗХУ-д 17 сая тонн үр тариа нийлүүлэх байсан гэрээгээ цуцалж буйгаа 1980 оны нэгдүгээр сарын 4-нд зарлав.
АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон 1972 оны тавдугаар сард албан ёсны айлчлал хийхээр Москвад ирэв. Энэ нь Дэлхийн II дайны үеэс (1945 онд Франклин Рузвельтийн хийсэн айлчлалаас хойш) Америкийн Ерөнхийлөгч ЗСБНХУ-д зочилсон анхны айлчлал байлаа. Пуужингаас хамгаалах систем болон Стратегийн зэвсгийг хязгаарлах тухай гэсэн хоёр гэрээнд гарын үсэг зурснаар Зөвлөлт-Америкийн дээд түвш¬ний энэ уулзалт дуусжээ.
Хоёр гүрний харилцаан дахь улс төрийн дулаарал цаг агаарын дулааралтай давхцав. 1972 онд цас багатай, хүйтэн өвлийн дараах зун ЗСБНХУ-ын газар нутгийн Европын хэсэг ихээхэн халуун, хуурай байлаа. ЗХУ-д улаан буудай, арвай, овьёосны ургац тун муу байв.
1972 оны зун Зөвлөлтийн хоёр хэсэг төлөөлөгч АНУ-д очив. Эхний төлөөлөгчид төрийн түвшинд яриа хөөрөө хийжээ. ЗСБНХУ-ын Гадаад худалдааны нэгдүгээр орлогч сайд Михиал Кузьмин, АНУ-ын Худалдааны сайд Питер Петерсон нар ЗХУ гурван жилийн хугацаанд АНУ-аас 750 сая ам.доллароос доошгүй үнэтэй (одоогийнхоор бол 5.7 тэрбум ам.доллар) үр тариа худалдаж авах тухай хэлэлцээрт долоодугаар сарын 8-нд гарын үсэг зуржээ. Энэ дагуу АНУ 500 сая ам.долларын зээл олгоход бэлэн байсан аж. Уг гэрээг АНУ-ын ХАА-н сайд Эрл Буц хоёр орны түүхэнд үр тарианы асуудлаар хийсэн томоохон тохиролцоо хэмээн нэрлэж, Зөвлөлтийн худалдаж авах хэмжээ 750 сая ам.доллароос давна гэж найдаж буйгаа илэрхийлж байв. Энэ гэрээг АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа хөдөө аж ахуйн салбарынхаа томоохон ололт хэмээн үнэлж, гурван жилд ХАА-н бус салбарт ч ажлын байр олон арван мянгаар нэмэгдэнэ гэж үзэж байсан юм. АНУын ХААЯ нь үр тариа экспортлох ажлыг эрхэлдэггүй, энэ нь хувийн компаниудын ажил байдаг аж.
Кузьмин, Петерсон нарын байгуулсан гэрээтэй зэрэгцэн өөр хэлэлцээрүүд явж байсан бөгөөд түүнийг зохион байгуулагчид нь бусдын анхаарлыг татахыг хүсэхгүй байв. АНУ-д очсон Гадаад худалдааны “Экспортхлеб” нэгдлийн удирдагч Николай Белоусов болон түүний хүмүүс Америкийн үр тариа экспортлогч “их зургаа” болох “Cargill”, “Continental Grain Compani”, “Cock industries”, “Bungle Corporation”, “Gornas brain Compani”, “Louis Dreyfus Corporation” компанитай гэрээ байгуулав.
Белоусов тэргүүтэй төлөөлөгчид долоодугаар сарын 21-нд Москвад буцаж иржээ. Хэд¬хэн хоноод тэрбээр АНУ руу дахин очиж, 435 сая ам.долларын үнэтэй үр тариа худалдаж авах гэрээнд гарын үсэг зурлаа. Тухайн үед үр тариа экспортлоход АНУ-д албан бус зарчим үйлчилдэг, нэг тонн буудай 60 орчим ам.долларын үнэтэй байж. Тэр жилийн Америкийн буудайн дөрөвний нэгийг нь ЗСБНХУ худалдаж авснаас бусад оронд илүүчлэх буудай хүрэлцэхээ болив. Тиймээс дэлхий дахинд буудайн үнэ тэнгэрт хадсан байна. Олон оронд, түүний дотор АНУ-д ч гурил, талх үнэд орлоо. ХААЯ-ны хүнд сурталтнуудаа татвар төлөгчдийн 300 сая ам.долларыг дээрэмдлээ хэмээн Америкийн хэвлэлүүд зад шүүмжилжээ. Энэ явдал хожим нь Америкт “Үр тарианы их дээрэм” гэх нэр авсан байна.
Арманд Хаммер гэдэг эр ЗХУ-д хамгийн хайртай хүн болсон байна. Манай улстай ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх зам дээр Зөвлөлт засгийн эхний жилүүдээс л зогссон хүн хэмээн Зөвлөлтийн хэвлэлд бичиж байв. Энэ хүн томоохон хэмжээний бартерын наймаа хийх яриа хөөрөөг ЗСБНХУ-ын Химийн аж үйлдвэрийн сайд Леонид Констандовтой 1979 оны долоодугаар сард эхлүүлсэн аж. Зөвлөлтийн Гадаад худалдааны орлогч сайд Николай Комаров, “Occidental Petroleum” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Арманд Хаммер нар 20 жилийн хугацаатай хэлэлцээрт 1973 оны дөрөвдүгээр сарын 12-нд гарын үсэг зурлаа. ТАСС агентлагийн мэдээлэлд түүнийг “ЗХУ-д эрдсийн бордоо үйлдвэрлэх аж үйлдвэрийн томоохон цогцолбор байгуулах, АНУ-аас ЗСБНХУ-д суперфосфорын хүчил, ЗСБНХУ-аас АНУ-д химийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр” гэж нэрлэжээ. Энэ хэлэлцээрийг санхүүжүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Никсон Экспорт-импортын банкандаа уриалжээ. ТАСС-ын мэдээлснээр энэ наймаа найман тэрбум ам.долларын өртөгтэй байв. Удалгүй энэ үнийн хэмжээ 20 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байдаг.
ЗХУ-ын КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев 1974 оны аравдугаар сарын 15-нд Америк-Зөвлөлтийн худалдаа-эдийн засгийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан Москвад болж байгаатай холбогдуулж Кремльд хэлсэн үгэндээ “Худалдааны уламжлалт хэлбэрүүдийн зэрэгцээ манай худалдаа-эдийн засгийн харилцаанд хамтын ажиллагааны ирээдүйтэй шинэ арга, замууд нэвтэрлээ. Төлбөрийг нь нөхөн хийх замаар удаан хугацаанд хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг би хэлж байна. Хамтын ажиллагааны ийм жишээ цөөнгүй. Эдгээрт химийн үйлдвэрийн томоохон цогцолбор манайд байгуулах, харилцан бордоо нийлүүлэх тухай 20 тэрбумын тохиролцоо орж байна. Үүнийг санаачлагч нь одоо бидэнтэй хамт байгаа хүндэт доктор Хаммер” гэжээ.
1974 онд АНУ-д ургац муу байлаа. 38 дахь Ерөнхийлөгч Жеральд Форд зах зээлд үр тарианы дамын наймааг зогсоох, 1972 оны түүхийг давтахгүйн тулд ЗХУ-д 5.4 сая тонн улаан буудай, эрдэнэ шиш нийлүүлэх шийдвэрт түр хориг тавив.
Таван жилийн хугацаанд ЗХУ-д жил бүр 6-8 сая тонн үр тариа Америк нийлүүлж байх гэ¬рээнд 1974 оны арванхоёрдугаар сарын 20- нд Москва хотноо гарын үсэг зурлаа. ЗХУ найман сая тонноос илүүг худалдаж авахыг хүсвэл экспортлогч компанитай гэрээ байгуулахаас өмнө АНУ-ын Засгийн газрын төлөөлөлтэй зөвлөлдөхийг Зөвлөлтийн талд үүрэг болгосон байна. 1975 онд АНУ-аас 1.31 тэрбум ам.доллароор 7.61 сая тонн үр тариа ЗХУ худалдаж авчээ. 1976 онд 1.46 тэрбум ам.доллароор 11.6 сая тонн, 1978 онд 1.47 тэрбум ам.доллароор 13.44 сая тонн үр тариа худалдаж авсан бол энэ үзүүлэлт 1979 онд дээд цэгт хүрч 2.39 тэрбум ам.доллар, 18.87 сая тонн болсон байна. 1980 онд ЗХУ 35 орчим сая тн үр тариа гаднаас авсны 25 са нь АНУ-ынх байжээ.
1979 оны арванхоёрдугаар сарын 25-нд Зөвлөлтийн цэрэг Афганистан руу орлоо. 1980 оны нэгдүгээр сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер ард түмэндээ хандахдаа “ЗХУтай хийх худалдааг эрс хязгаарлана. Тэднийд онцгой чухал гурван салбарт нь экспортыг зогсоох юм уу, хорогдуулахаар би шийдвэрлэлээ. Энэ шинэ бодлогоо холбоотнуудтайгаа уялдуул¬на. Бид бодлогоо эргэж харах хүртэл ямарваа өндөр технологи хийгээд стратегийн бусад барааг ЗХУ-д гаргахгүй. АНУ-ын уснаас ЗХУ-д зориулж загас барихыг эрс хорогдуулна. Бидний хүлээсэн үүргээс давуулж ЗХУ-ын захиалсан 17 сая тонн үр тариаг нийлүүлэхгүй” гэж хэлжээ.
АНУ-ын ХААЯ-ны олон улсын болон барааны хөтөлбөрийн асуудал эрхэлсэн орлогч сайд Дэйл Хэтуэй үр тариа экспортлогч Канад, Австрали, Аргентин болон “Нийтлэг зах зээлийн” орнуудын төлөөлөгчидтэй уулзав. Ерөнхийлөгч Картер хориг тавих хүртэл ЗХУ руу АНУ-ын нийлүүлэх буудай, бордооны үр тариаг солихгүй байхыг уулзалтад оролцсон орнуудын олонх нь зөвшөөрч буйгаа зарлалаа. Аргентиний төлөөлөгч “Манай Засгийн газар ямар ч тохиолдолд бий болсон олон улсын нөхцөл байдлаас худалдааны ашиг олохыг эрмэлзэхгүй” гэж мэдэгдлээ. Жимми Картер Зөвлөлтийн ХАА-д бас нэг цохилт өгөхөөр шийдэж, Арманд Хаммерийн арилжааны хүрээнд супер фосфорын хүчлийг ЗХУ-д нийлүүлэхийг хориглох шийдвэрийг хоёрдугаар сард гаргав.
АНУ нэгэнт үр тарианы экспортоор дэлхийд томоохонд ордог болохоор түүнийг экспортлох хэмжээг ихэсгэж, багасгаснаар дэлхийн зах зээлд үнэ, хэмжээнд нь нөлөөлнө гэдэгт Америкийн удирдлага эргэлзэхгүй байлаа. Америкчуудын урьдчилсан тооцоогоор хоригийн үр дүнд ЗХУ шаардлагатай 33.5-35 сая тонн үр тарианыхаа 22 сая тонныг л бүх эх үүсвэрүүдээс авч чадах байв. Үр тариа дутагдсанаас юуны урьд ЗСБНХУ-ын махны үйлдвэрлэлд цохилт болно гэж америкчууд үзэж байжээ. 1980 онд ЗХУ 1979 оныхоосоо 13 хувь бага мах үйлдвэрлэнэ гэж АНУ-ын ХААЯ-ны ахлах эдийн засагч Ховард Хьолт урьдчилан тооцоолсон аж. Тавьсан хориг нь Зөвлөлтийн хүмүүсийн хүнсний хэрэглээг удаан хугацаанд өөрчилнө гэж Америкийн ХАА-н сайд Роберт Бергланд үзэж байв. Зөвлөлтийн малчид малаа олноор нь нядаллаа ч хүн амынхаа махны хэрэгцээг нэмэгдүүлэх эрх баригчдынх нь төлөвлөгөө тасарна гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Уолтер Мондейл таамаглаж байсан аж. Экспортод тавьсан хо¬ригоос шалтгаалж Америкийн фермийн аж ахуй эрхлэгчдэд санхүүгийн асуудал босож ирэв. Дотоодын зах зээлд үр тарианы үнэ унаж эхэлжээ. Фермерүүдийг хамгаалах амлалтаа биелүүлсэнгүй хэмээн Ерөнхийлөгч Картерийн засаг захиргааг Америкийн фермерийн аж ахуй эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Роберт Делано 1980 оны гуравдугаар сарын эцсээр буруутган зэмлэв. Улмаар тус холбоо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихээс татгалзаж буйг тэрбээр мэдэгдлээ. Уг асуудлаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын ХАА-н хороо зургаадугаар сард сонсгол хийсэн байна. Хоригийг алдаа хэмээн үзэж, бүр нэгдүгээр сард шийдвэр гаргасныг Конгрессын гишүүн Уильям Уомплер сонсгол дээр мэдэгдсэн байна. 1979 онтой харьцуулбал ЗХУ, АНУ-ын хоорондын худалдаа 1980 онд буурчээ. ЗХУ-аас АНУ-ын авсан импорт 540 сая ам.доллар байснаа 300 сая ам.доллар болсон аж. Америкаас Зөвлөлтийн авсан бараа 3.6 тэрбум ам.доллар байснаа 1.5 тэрбум болжээ.
АНУ хориг тавьж буйгаа зарласнаас хойш нэг сарын дараа Зөвлөлтийн Гадаад худалдааны “Экс-портхлеб” нэгдлийн төлөөлөгчид БуэносАйрест очсон байв. ЗСБНХУ-д хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудалд Аргентиний эрх баригчид хэрхэн хандсаныг төрийн нэгэн албан тушаалтан “Экспортынхоо төлөө бид АНУ-аас нэг ам.доллар авдаг мөртлөө тэднээс авсан бараандаа хоёр ам.доллар төлдөг бол ЗХУ бидний төлдөг нэг доллар тус бүрийн хариуд тавыг өгдөг” гэж ярьсан байдаг. Америкийн хоригоос өмнө байгуулсан гэрээгээр Аргентин улс ЗХУ-д 1979-1980 онд 7.6 сая тонн үр тариа өгчээ. Канад 1980 онд ЗХУ-д нийлүүлэх үр тариагаа 50 хувиар нэмэгдүүлсэн байна. Австрали, Бразил, Британи, Франц, ХБНГУ нийлүүлсэн хэмжээгээ мөн өсгөсөн аж. Тэр ч бүү хэл Энэтхэг анх удаа ЗХУ-д хоёр сая тонн үр тариа экспортолжээ. Америкийн хориг со¬циалист орнуудад үйлчилсэнгүй. 1980 онд ургац сайн байсан ч социалист орнууд АНУ-аас худалдаж авах үр тариагаа 16 сая тонн байсныг 18 сая тонн болгож нэмэгдүүлсэн байна. Энэ нь тэдгээрт урьдынхаас бага хэмжээний үр тариа нийлүүлэх боломжийг ЗХУ-д олгожээ. Гаднаас авах мах 1979 онд 611.3 мянган тонн байсан бол 1980 онд 650 мянган тонн болж нэмэгдсэн байна.
1980 оны есдүгээр сарын 30-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулиас сар гаруйхны өм¬нө БНН-аас нэр дэвшсэн Рональд Рейган Айова мужийн Невада хотод фермийн аж ахуй эрхлэгчидтэй уулзсан байна. Хөдөө аж ахуйн салбарт Картерийн засаг захиргааны явуулсан бодлого “юутай ч зүйрлэшгүй сүйрэл учруулсан” гэж тэрбээр мэдэгджээ. Өөрөө хоригийг эсэр¬гүүцсээр байснаа, цаашид ч ийм бодлогыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн байна. ХАА-н сайд Роберт Бергланд маргааш нь “Los Angeles times” сонины сурвалжлагчийн асуултад хариулахдаа 1979 онд Рейган “Оросуудад үр тариа худалдахгүй” гэж хэлж байсныг нь илчилжээ.
Үр тарианы экспортод тавьсан хоригийг цуцална гэж итгэсэн фермийн аж ахуй эрхлэгчдийн саналын давуугаар Рейган тэр сонгуульд ялсан байна. Түүнийг Цагаан ордонд ирэхээр нь сонгуулийн өмнөх амлалтыг нь сануулжээ. АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган 1981 оны дөрөвдүгээр сарын 24-нд хоригийг цуцлав. Хугацаа нь есдүгээр сарын 30-нд дууссан үр тарианы асуудлаарх Зөвлөлт-Америкийн гэрээг сунгаж буйгаа тэрбээр 1982 оны долоодугаар сарын 30-нд мэдэгджээ.
1984 онд ЗХУ 2.62 тэрбум ам.доллараар АНУаас 18.26 сая тонн үр тариа худалдаж авав. 1989 онд 3.59 тэрбум ам.доллароор 21 сая тонныг худалдаж авсан нь дээд үзүүлэлт болсон байна. Үр тариа тэгэхэд л улс төрөөс ангид болсон байлаа.
2016 онд ОХУ дэлхийн үр тариа экспортлогч томоохон улс болсон байв. Гэхдээ энэ бол огт өөр түүх юм.

Р.Жаргалант