Монголч эрдэмтэн Алишиа Кампигийн хувийн номын сангийн цуглуулгыг МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн уншлагын танхимд шилжүүлжээ. Судлаач, доктор А.Кампи нь Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа нүүдэлчдийн өлгий нутаг, ахуй соёл, өв уламжлалыг дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн бөгөөд энэ чиглэлээр 80 гаруй ном, судалгааны нийтлэл, өгүүлэл хэвлүүлж, олон улсын уншигчдад хүргэжээ. Тэгвэл эдгээр бүтээлийнх нь дээж болон монгол судлалтай холбоотойгоор түүний цуглуулсан, англи, монгол хэлээрх 300 гаруй номыг уржигдар МУИС-д хандивласан байна.
Нэрт эрдэмтний номын сангийн цуглуулгыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд хоёр улсын дипломат төлөөлөгчид болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн судлаач, мэргэжилтнүүд оролцжээ. Монголоос АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр энэ үеэр “Монгол судлалтай холбоотой баялаг түүх, үнэт өв, сурвалж материалыг олж илрүүлэх, цуглуулах, хадгалан хамгаалах, судалгааны эргэлтэд оруулах чиглэлээр холбогдох байгууллагын эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж байна” гэсэн юм.
Н.Мишээл