Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ. Таван жилийн өмнө зохион байгуулсан анхдугаар их хурлаар шинжлэх ухааны салбарынхан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, гарц, гаргалгааг хэлэлцэн, УИХ, Засгийн газар, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодод хандан зөвлөмж гаргажээ. Тус зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 379 дүгээр тогтоолыг баталсан. Тэгвэл УИХ өнөөдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Мөн Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж, лабораторийн зориулалт бүхий гурван гол объектыг энэ онд ашиглалтад оруулна.
Нэгдсэн цогцолборыг түшиглэн салбар дундын судалгааны томоохон төвүүд байгуулж, судалгаа-үйлдвэрлэл-инновацийн нэгдэл бүхий дэд бүтэц болгон өргөжүүлэн хөгжүүлэх юм.