Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 18.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 их наядаар буюу 15.7 хувиар өсжээ. Үүнд уул уурхайн олборлолтын орлого 20, боловсруулах үйлдвэрлэлийнх 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 13.2 их наяд төгрөгт хүрч өсөхөд чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 49.4, металл хүдэрийнх 2.1, бусад ашигт малтмалынх 36.9 хувиар өссөн нь нөлөөлсөн аж.
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 3.7 их наяд төгрөг болжээ. Үүнээс 3.2 их наяд төгрөгийн ажлыг нь дотоодын, 290.8 тэрбум төгрөгийнхийг нь гадаадын барилгын компани гүйцэтгэсэн байна. Дотоодын компаниудын ажлын гүйцэтгэлийг аймгаар нь ангилбал Өмнөговь 625.7, Дорноговь 179, Дархан-Уул 122.1, Орхон 100.6 тэрбум төгрөг байгаа нь нийт дүнгийн 59.6 хувийг эзэлж буй гэнэ.
Нийтийн хоолны салбарын орлого энэ оны эхний долоон сард өмнөх оны мөн үеийнхээс 136.8 тэрбумаар өсөж, 816.3 тэрбум төгрөг болжээ. Үүнд рестораны орлого 21, кафе 24.7, цайны газрынх 16.6, катеринг үйлчилгээнийх 19 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин зочид буудлын салбарын орлого 244.2 тэрбум төгрөг болж, 11.7 хувиар өссөн аж. Нийт орлогын 71.9 хувийг гурав ба түүнээс дээш одтой, 26.6 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 1.6 хувийг хоёр одтой зочид буудлынх эзэлжээ.
Н.Ган