Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч буйтай холбоотойгоор малчид малын тоо толгойд бус, чанарт анхаарах болсон. Тэр ч утгаараа таван хошуу малынхаа үүлдэр, угсааг сайжруулах замаар мах, сүүний гарцыг нэмэгдүүлэхээс гадна бусад ашиг шимийг нь ч өсгөсөөр байгаа аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд 11 үүлдрийн адуу өсгөн, үржүүлж буй юм байна.
Үүний зургаа нь үндэсний буюу монгол, гал шар тэс үүлдэр, дархад мянгад, өндөршил омог аж. Харин үлдсэнийг нь гадаадаас авч, үржүүлсэн бөгөөд Буденный, Араб, Англи, Владимирийн эрлийз адуу байна. Монголчууд морио молор эрдэнэ хэмээн дээдлэн хайрладаг бөгөөд уналга, эдэлгээнд ашиглахаас гадна уяж сойн, уралдуулдаг уламжлалтай. Дээрх 11 үүлдрээс монгол адуу нь бүх нутагт идээшиж буй бол галшар нь Хэнтийд, тэс нь Увс, Завхан, Хөвсгөл аймагт, дархад, мянгад, өндөршил омог нь Хөвсгөл, Дундговь, Ховдод тус тус тархан нутагшжээ.