Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ынхан энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 25 582 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авчээ. Үүний 98.1 хувь буюу 25 094 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1.9 хувь буюу 488 хүнд үүнийг олгохоос татгалзсан байна. Мөн Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Гадаад харилцааны болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 орны иргэдэд дөрвөн ангиллын виз олгож буй юм. Энэ он гарсаар цахим виз олголт 87.1 хувьтай байгаа аж. Тодруулбал, 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар Evisa.mn цахим системээр нийт 19 434 хүсэлт хүлээн авснаас 53 орны 16 930 иргэнд түүнийг олгож, 2282 иргэний хүсэлтэд татгалзсан хариу өгсөн гэнэ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахим виз олголт 0.44 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Цахим визийг БНХАУ-ын 15 135, Тай¬ванийн 710, БНЭУ-ын 427, БНСУ-ын 352, бусад оны 306 иргэн авчээ. Харин виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх нь шаардлагатай баримт бичгээ бүрдүүлж өгөөгүй, эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзсан, мөн уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан үүр¬гээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй гэдгийг ГИХГ-аас мэдээллээ.