Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт боллоо. Хуралдаанаар Засгийн газраас гэр бүлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын талаар мэдээлэл сонсож, 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ оны төлөвлөгөөг баталжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас сум, баг, хороо болгонд нийгмийн ажилтан ажиллуулж эхэлсэн. Үүний үр дүнд хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 52.8, хүчирхийлэлд өртсөн хүүхэд 24.9, хараа хяналтгүй хүүхэд 52.8, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 45.6 хувиар тус тус буурчээ. Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 18.2, хүүхэд холбогдсон нь 17.3 хувиар буурсан байна. Мөн хуралдаанаар хүүхдийн зуслангийн бүсийн аюулгүй байдлыг сайжруулах, зөвшөөрөл олгох, хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгааг зөвлөлийн гишүүд ярилаа. Иймд хүүхдийн зуслангийн чиглэлээр дагнан, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хагас хувьсах зардал олгох асуудлыг судалж, танилцуулахыг салбарын сайд болон ажил хариуцсан хүмүүст үүрэг болгов.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг гэсэн судалгаа бий. Тиймээс 2026 онд гурван чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн онцолсон. Нэгдүгээрт, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хамгаалах, сэргээн засах нэгдмэл тогтолцоог илүү үр дүнтэй болгож, цэгцлэх, хоёрдугаарт, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогыг өргөжүүлэх хүрээнд эцэг, эхийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрүүдийг улс даяар хэрэгжүүлэх гэнэ. Харин гуравдугаарт, хүүхдэд аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлж, боловсрол хөгжлийн байгууллагуудын стандарт, үйлчилгээний чанарыг үе шаттай сайжруулахыг холбогдох хүмүүст даалгав.
Ч.Туяа