Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монголын эртний хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэлийг толилуулах “Алтайн венера” гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнд найруулагч Б.Баярын цуглуулга дахь 40 орчим гэрэл зураг болон уран бүтээлч Х.Бөхтулгын хадны зургаас сэдэвлэн хиймэл оюун ухаанд (AI) суурилсан видео бү тээлийг дэлгэн үзүүлж буй юм. Чулуун дээрх энгийн мэт зураас бүрийн цаана байгаль, хүн хоёрын зохицол, эх дэлхийтэй шүтэлцсэн оршихуйн гүн ухаан нуугдаж байдгийг харуулахыг зорьсон энэхүү үзэсгэлэнг энэ сарын 12-ныг хүртэл толилуулах аж.
Хадны зурагт дүрсэлсэн бүсгүйчүүдийг урлаг судлалын үүднээс авч үзвэл хэд хэдэн сонирхолтой шинж ажиглагддаг байна. Тухайлбал, энгийн тойм хэлбэртэй дүрүүдэд хүртэл дотоод эрч хүч мэдрэгдэж, бүжиглэж, алхаж буй хөдөлгөөнөөс тодорхой хэмнэл, давтамж анзаарагддаг аж. Эмэгтэй хүнийг дүрслэхдээ эхийн хэвлий, хөх, ташааг тодотгон харуулсан нь үржил шим, амьдралын үргэлжлэл, эх хүний хүч чадлыг бэлгэдсэн утга агуулгатай гэж тайлбарладаг. Мөн биеийн байрлал, хөдөлгөөнөөр дамжуулан баяр хөөр, хүндлэл, хайр, шүтлэг бишрэл, уйтгар гуниг зэрэг мэдрэмжийг илэрхийлсэн нь хүн төрөлхтний оюун санааны анхны илэрхийлэл төдийгүй түүх, соёлын үнэт архив болохыг зохион байгуулагчид онцоллоо. Түүнчлэн Бага ойгор, Цагаан салаа зэрэг хадны зургийн дурсгалт газарт эмэгтэй хүнийг зөвхөн ахуйн хүрээнд бус, анчин, морьтон, зан үйлийн гол оролцогч байдлаар дүрсэлсэн байдаг аж. Энэ нь эртний нүүдэлчдийн нийгэмд бүсгүйчүүдийн эзлэх байр суурь, оролцоо өндөр байсныг илтгэх чухал баримт хэмээн судлаачид үздэг юм.
Э.Сондор