БНХАУ-ын эрх баригчид 2026-2030 оны эрчим хүчний салбарын хөгжлийн зорилтуудаа танилцуулж, ойрын таван жилд газрын тосны олборлолтыг тогтвортой түвшинд хадгалах бодлого баримтлахаа мэдэгдлээ. Тодруулбал, жил бүр олборлох газрын тосны хэмжээг 200 сая тоннд тогтвортой барих зорилт тавьсан байна. Урд хөршийн “хар алт”-ны гарц өнгөрсөн онд 216 сая тоннд хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон юм. Гэсэн ч шинэ баримт бичигт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс илүүтэй одоогийн хэмжээг хадгалахад анхаарч байна. Учир нь тус улсын ихэнх орд газрын нөөц аажмаар шавхагдаж, шинээр ашиглалтад оруулахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай болжээ. Үүнтэй зэрэгцэн дотоодын хэрэглээ дээд цэгтээ дөхөж буйг мэргэжилтнүүд онцоллоо. Дээрх төлөвлөгөөнд тусгаснаар газрын тосны эрэлт 2030 он гэхэд оргилдоо хүрэх бөгөөд үүнээс хойш хэрэглээг нь хязгаарлах бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү зорилтын хүрээнд тээврийн салбарт, ялангуяа автомашин болон ачаа тээврийг цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх үйл явц чухал нөлөө үзүүлэхээр байна.
Харин байгалийн хийн салбарт эсрэгээрээ олборлолтыг эрчимжүүлэх бодлого баримтлах аж. Төлөвлөгөөнд тодорхой тоон үзүүлэлт дурдаагүй ч 2030 он хүртэл “цэнхэр түлш”-ний үйлдвэрлэл тогтвортой өснө гэж шинжээчид үзэж байна. Мөн “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай ч эл зорилтод дурджээ. Энэхүү шугамаар Монголын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын ордуудаас Хятадын хойд мужууд руу байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Шинэ төлөвлөгөөнд эрчим хүчний аюулгүй байдлыг онцгойлон тусгажээ. БНХАУ стратегийн газрын тосны нөөцийн хэмжээг албан ёсоор нийтэд зарладаггүй ч цаашид үүнийг нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. Шинжээчдийн тооцоолсноор тус улс одоогоор ойролцоогоор 900 сая баррель нөөц бүрдүүлсэн бөгөөд энэ нь импорт тасалдсан тохиолдолд гурван сарын хэрэгцээг хангах хэмжээ гэнэ.
У.Цэцэг