Нийслэлийн утаа, түгжрэл, хөрсний бохирдол зэрэг тулгамдсан асуудал бол замбараагүй хот төлөвлөлттэй холбоотой билээ. Уур амьсгалын өөрчлөлт, утаа, түгжрэлийг бууруулахад хот төлөвлөлтийн бодлого чухал ч түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай. Үүнийг өөрчлөхийн тулд ногоон суурьшлын бүс байгуулахаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй төлөвлөлтийн мэргэшсэн инженер, докторант Ж.Мөнхзултай ярилцлаа. Тэрбээр газрын харилцаа, хот байгуулалтын салбарт 20 гаруй жил ажиллаж буй нэгэн аж.
-Монголчууд нүүдэлчин ахуйгаас суурин амьдралд шилжиж, хотжилт эрчимтэй явагдсаар байна. Суурьшмал амьдрал өргөжихийн хэрээр агаар, орчны бохирдол, утаа, түгжрэл иргэдэд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Үүнийг өөрчлөхийн тулд төсөл хэрэгжүүлэх болсон гэв үү?
-Бидний хэрэгжүүлж буй төсөл нь нийгэмд тулгамдаж буй гурван үндсэн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой санаачилга юм. Эхнийх нь уур амьсгалын өөрчлөлт. Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний маш хурцадмал сэдэв болж байгаа шүү дээ. Тэр дундаа Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд 2-3 дахин хурдан өртөж буй гэсэн судалгаа бий. Гэтэл манай улс үүний эсрэг дорвитой арга хэмжээ авсан зүйл байхгүй, асуудлууд ар араасаа ундарсаар байна. Энгийн жишээ дурдахад, үер усны аюул, салхины хүч ихсэх, ган, зуд болох, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгууд нэмэгдэх болсон. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад жирийн иргэд бид хувь нэмрээ хэрхэн оруулах вэ гэхээр орон нутгийг тогтвортой, ногоон хөгжлийн зарчмаар, төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх боломжтой. Сумуудад нүүрс түлэхгүй, нүхэн жорлонгүй, эрчим хүчээ хэмнэсэн, байгальд ээлтэй технологиудыг ашигласан, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлсэн орон сууцын шинэ хорооллууд төлөвлөж байгаа юм.
Удаах нь нийслэлд тулгамдаж буй утаа, түгжрэлийг бууруулахын тулд хөдөөг хөгжүүлэх ёстой гэж үзсэн.
-Яаж?
-Улаанбаатар хот анхнаасаа 500 мянган хүн амтай байж, түүнд тохирсон нийгмийн болон инженерийн дэд бүтэц зэргийг хот байгуулалтын норм, дүрмийн дагуу төлөвлөсөн байсан. Гэтэл өнөөдөр нийслэлийн хүн ам бүртгэлтэй, бүртгэлгүй иргэдтэйгээ нийлээд 1.7 саяд хүрсэн. Төлөвлөсөн хүн амын тооноосоо 3-4 дахин хүн ам өсчихөөд байна. Цаашдаа ч нэмэгдэнэ. Тэгэхээр заавал хот гээд байлгүй орон нутгуудыг оновчтойтөлөвлөлтөөр, ногоон хөгжлийнүзэлбаримтлалаархөгжүүлж байж нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулна. Хэчнээн сайхан зам тавиад, сургууль, цэцэрлэг нэмж бариад, яндан зуух, түлш солиод асуудал шийдэгдэхгүй. Түрхэн хугацаанд гал унтраасан болж, хөрөнгө мөнгө, цаг хугацаа л аваад байна. Өөрөөр хэлбэл, 10 литрийн багтаамжтай саванд 30 литр ус хийх гээд зүтгээд байгаатай адил юм. Нөгөө их асуудлууд нь хальж цутгаад байхад саваа өөрчлөхийн оронд алт мөнгөөр бүрээд тордоод байгаатай агаар нэг юм л даа. Тэгэхээр энэ асуудлыг үүсгээд буй шалтгааныг эхэлж олоод түүнтэй бодлогоор тэмцмээр байгаа юм. Тиймээс бид сумыг хөгжүүлэх төсөл хийж харуулахыг зорьсон.
-Улаанбаатар хотын газрыг авлига, хээл хахуулиар эрх мэдэлтнүүд нь бизнес эрхлэгчдэд олгосноор байшин, барилга замбараагүй барьсан нь түгжрэлийн бас нэг шалтгаан шүү дээ. Хот төлөвлөлтийнхөө дагуу хөгжиж чадахгүй байгаа нь үнэн биз дээ.
-Хот байгуулалтын салбарын инженерүүдийн хийсэн ерөнхий төлөвлөгөөнүүд бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Уг нь энэ төлөвлөлт анхнаасаа хэрэгжсэн бол гэр хороолол ингэж замба раагүй тэлэхгүй, сургууль цэцэрлэг, зам харгуй хүрэлцээтэй, түгжрэхгүй байх байлаа. Гэтэл урт, дунд, богино хугацаанд хэрэгжих ёстой байсан хөгжлийн төлөвлөлт хэрэгжилт маш хангалтгүй байсны үр дагавартөнөөдөр инженерийн шугам сүлжээ ачааллаа дийлэхээ больж, энэ их утаа, түгжрэл гээд асуудлууд үүссэн.
Улаанбаатар хотын энэ алдааг сүүлийн жилүүдэд орон нутгууд давтаж эхэлсэн. Гэр хороолол нь замбараагүй тэлж, дуртай газраа байшин барилгаа барьдаг болж, өвөл нь утаа үнэртэж байгаа шүү дээ. Энэ мэтээр замбараагүй газар олгож, дур дураараа байшин барилга барих юм бол тэр их мөнгө зарж хийлгэдэг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө юунд хэрэгтэй юм бэ. Бүх төрлийн инженерүүд нийлж, ур ухаанаа зарж хийдэг бидний уран бүтээл хэнд ч хэрэггүй юм гэж үү. Энэ төлөвлөлт архитекторууд, газар зохион байгуулагч, хот төлөвлөлтийн эдийн засагч, геодезийн, дулаан, холбоо, бохир, цэвэр усны инженер зэрэг олон хүний хамтын бүтээлээртөрдөг, нийгэм, эдийн засаг, байгаль экологийн асуудлыг хамтад нь уялдуулж, олон салбарын бодлогыг нэгтгэж чаддагаараа онцлог салбар. Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлье гэвэл эдгээр хөгжлийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Бид энэ байр сууриа илэрхийлж яриад явахаар хүмүүс ойлгохгүй байна. Тиймээс нэг сумаар загвар болгон, төлөвлөлт бас хэрэгжиж болдог юм гэдгийг харуулах чин хүсэл зорилготой явдаг.
-Та бүхний хэрэгжүүлэхээр эхэлсэн төслийн шинэлэг тал нь юу вэ?
-“Тэмүүлэл” төсөл нь 20-100 га талбайд шинээр загвар хөгжлийн төлөвлөлт гаргаад, түүндээ орон сууц, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, амралт зугаалга, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг иргэнд ая тухтай байх бүх нөхцөлийг бүрдүүлэхээр хот төлөвлөлтийн норм стандартын дагуу төлөвлөсөн. Гол нь энэ төлөвлөлт, зураг төслөө орон нутагт нь хүлээлгээд хэрэгжүүлээрэй гээд орхихгүй, бүтээн байгуулалтын ажлыг эхнээс нь хэрэгжүүлж дуустал мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөхөөрөө онцлогтой. Мөн тогтвортой хөгжлийн анхны загвар хот болж, иргэнд болон байгальдаа ээлтэй, 15 минутын, хөршийн холбоонд түшиглэсэн ухаалаг хот болон хөгжих юм.
-Төслийг 2023 оноос эхлүүлсэн юм байна. Үүнээс өмнө та юу хийж хэрэгжүүлж байв?
-Миний хувьд 2001 онд тухайн үеийн ТИС-ийг газар зохион байгуулагч мэргэжлээр төгсөж, улмаар сургуульдаа магистрт сураад 2003 онд төгсөж байлаа. Төгссөнөөс хойш яг энэ салбартаа 20 гаруй жил ажиллажээ. Хөгжлийн 50 гаруй төлөвлөлтөд ажиллаж, Японд газар шинэчлэн зохион байгуулах чиглэлээр, Солонгост хот байгуулалтын чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 10 гаруй орны мэргэжилтнүүдээс хийсэн бүтээлээрээ шалгаран нэгдүгээр байр эзэлж Монгол гэдэг нэрээ гаргаж явсан. Мөн Швед, Кени зэрэг улсад хотын газрын харилцаа чиглэлээр сургалтад хамрагдсан. 2003 онд магистрын судалгааны ажлаа “Нийслэлийн гэр хорооллын газар зохион байгуулалтын төлөвлөлт” сэдвээр хамгаалж байв.
Судалгааны ажлын зорилго нь тухайн үед иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжээд, хүн бүр анхны мэдэгдэхүүнтэй болж, иргэд ч хот уруу суурьших хандлага ихсэж байсан үед Улаанбаатар хотын гэр хорооллыг цаашид төлөвлөлтөөр цэгцлэх, газар ашиглалтын төлөвлөлтийн бүсчлэлийн дүрмийг хэрэгжүүлэх гэх зэрэг асуудлыг хөндөж байсан. Хэрэв төлөвлөлтгүй суурьшил буюу гэр хорооллыг ингэж эмх замбараагүй тэлбэл 10-20 жилийн дараа нийгэм, байгаль экологид хор хохирол учруулах талаар магистрын ажлаараа сануулж ч байлаа. Гэвч тухайн үед миний хэлж, ярьсныг хэн ч тоогоогүй, хэн ч сонсохыг хүсээгүй. Гэтэл өнөөдөр 2025 он. 22 жилийн өмнө миний хэлж ярьж байсан асуудал өнөөдөр бүх хүний толгойны өвчин болж, утаандаа утуулж, хэдэн хүний амь нас хохирч байгаа нь тоогоо алдаад байна. Ялангуяа эх нялхсын эмнэлгийн нэг тасаг тэр чигтээ амьгүй ураг, үр зулбасан хүн хэвтэн эмчлүүлдэг болж байна. Энэ асуудлыг урт хугацаандаа шийдэх гарц, гаргалгаа байсаар атал төр засгийг, эсвэл өөр хэн нэгнийг хэзээ хийхийг нь хүлээсээр байвал дахиад хэдэн хүний амь эрсдэх бол гэж бодогдох болсон. Тиймээс л ийм төсөл хэрэгжүүлэхээр зориглосон доо. Нэг сумаас л эхэлье, төлөвлөлт, бодлого нь хэрэгжвэл ямар хэрэгтэй зүйл болохыг бодитоор хийж үзье гэж зорьж байна. Өнөөдөр Улаанбаатар гэлтгүй аймаг, сум бүгдээрээ утаатай болжээ. Үндсэн хуулийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан хүний эрх зөрчигдсөөр л байна. Өөрөөр хэлбэл, энэ заалтыг төр засаг дангаараа хэрэгжүүлж чадахгүй.

-Хот төлөвлөлт хэрэгжихгүй байгаад газрын албаныхан, үе үеийн Засаг дарга нар буруутай гэдэгтэй та санал нийлэх үү?
-Төлөвлөлтийг урт, дунд, богино хугацааны гээд үе шаттай хэрэгжүүлэхээр хийдэг. Жишээ нь, Нийслэл хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг анх 1954 онд хийж байж. Түүнээс хойш таван удаа хөгжлийн төлөвлөлтүүд хийсэн юм. Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх, 2030 оны чиг хандлага хэмээх бодлогын баримт бичгийг УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан байдаг. Энэ бодлогын баримт бичиг шинэчлэгдээд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна. Мөн Нийслэлийг хөгжүүлэх газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийгээд нийслэлийн ИТХ-аар баталсан. Энэ олон төлөвлөлтийн баримт бичиг батлагдсан байхад хэрэгжүүлэх ёстой. Хуульд зааснаар газар олгох, байшин барих зөвшөөрөл өгөх эрх нь Засаг дарга нарт байдаг. Гэтэл яг хэрэгжүүлэх болохоор шийдвэр гаргах шатны хүмүүс нь өөрсдөө зөрчдөг, улс төрийн оролцоо их болсонтой холбоотой гэж хардаг. Сонгуулийн дөрвөн жилийн циклээр ажил хийж, төрийн албаны хан маш их солигддог нь ч бас нөлөөлж байгаа. Төрийн залгамж халаа байдаггүй нь урт хугацаанд буюу 10-20 жилийн төлөвлөлтүүд хэрэгждэггүй бас нэг шалтгаан байх. Харин Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, заавал төлөвлөлтийн дагуу газар олгодог болсон. Гэтэл муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг газрын алба, хот байгуулалтынхныгбайнгагэж муулдаг. Яг бодитоороо салбарынхаа, мэргэжлийнхээ төлөө зүтгэж яваа олон инженер бий. Газар олгож, барилга барих шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргадаг шүү дээ. Хэн өнөөдөр уулын амыг тэр чигт нь хашсан байна вэ, хэн хотын төвд том барилга бариулсан бэ, дандаа л дарга нар, эрх мэдэлтнүүд, улс төрчид байдаг. Гэтэл энгийн мэргэжилтэнд тийм эрх мэдэл байхгүй.
-Төлөвлөлтийг хэрэгжүүлэхгүй орхисноос олон асуудал үүсдэг нь ойлгомжтой байх.
-Хот, аймаг, сум гээд бүх шатанд төлөвлөлт алдагдсан. Төлөвлөлтгүй, урсгалаараа явснаас болж Улаанбаатар хот даац нь хэтэрч, шугам сүлжээний ачааллаа дийлэхгүй, сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, нэг ширээнд гурваараа суудаг тохиолдол ч гарах болсон шүү дээ. Эмнэлэг ачааллаа дийлэхгүй, зам дээрээ бүгд түгжрээд, машины зогсоол хүрэлцээгүй, бүгд утаандаа хордож байна. Гэтэл өнөөдөр авч байгаа арга хэмжээ нь зуух, яндан, түлш сольсон ч утаа арилаагүй, сургууль нэмж бариад ч ачаалал нь хэвээрээ, зам гүүр нэмээд ч түгжрэл буурахгүй, автомашиныг тэгш, сондгой дугаартайгаар нь хөдөлгөөнд оролцуулахаас өөр шийдэлгүй л байна шүү дээ. Монгол Улсынхаа нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь дээр нийт хүн амын тал нь шамбааралдаад суучихсан, хотын иргэд өдөр бүр стресстэй амьдрах болсон. Өвчлөл ч газар авлаа. Өөр газар тайван амгалан амьдрах сонголтыг иргэдэд ерөөсөө олгохгүй байна. Иргэд яагаад Улаанбаатар хот руу нүүж ирээд байна вэ гэвэл энд бүх боломж бий гэж үздэгтэй холбоотой. Амьдрах нөхцөл болох орон сууц, ажлын байр, худалдаа үйлчилгээ, боловсрол, эмнэлэг гээд бүгд төвлөрчихсөн нь үнэн. Харин эсрэгээрээ цэвэр агаар, ээлтэй, тайван амьдрах боломж маш муу байна. Иргэд нүүрс түлэхээс өөр арга алга. Анхнаасаа төлөвлөлтөд тусгасан хүн амын тоогоо баримтлаад, суурьшлуудаа түүнийхньдагуу хөгжүүлээд явах боломжтой байсан.
Байгаль, цаг уур өөрчлөгдөж, үер ус, газар хөдлөлт, хөрсний гулгалт, гал түймэр гээд олон гамшиг нэмэгдэж байна. Улаанбаатар хот маань энэ мэт гамшигт тэсвэртэй бил үү. 2023 оны судалгаагаар 3000 орчим айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа. Тэгэхээр энэ байдлаараа хүн амын төвлөрлөө сааруулах бодлого явуулахгүй бол болохгүй нь.
-“Тэмүүлэл” жишиг ногоон төслийн төлөвлөлтөд ямар асуудлыг шийдэхээр тусгасан бол?
-80 га талбайд мэргэжлийн төлөвлөлт хийсэн. Үүнд амины болон нийтийн орон сууцын суурьшлын хэсэг, олон нийт буюу сургууль, цэцэр лэг, хүүхдийн төв, худалдаа үйлчилгээ, хөнгөн, жижиг үйлдвэрлэл, спорт, амралт зугаалга, аялал жуулчлалын бүс зэргийг хот төлөвлөлтийн норм дүрмээр төлөвлөөд байна. Эдгээр төлөвлөлтийг хэрэгжүүлж чадвал олон асуудлын зангилааг тайлах болно. Жишээ нь, нүүрс түлэхээ больж, агаарын бохирдол, утаа буурна, жорлон ашиглаж хөрсөө бохирдуулахгүй, цахилгаан эрчим хүчээ хэмнэснээр хүлэмжийн хийг бууруулна. Иргэд өөрсдөө нэгдэж хөршийн холбоо үүсгэн, мод бут тарьж хамгаалж, амьдрах орчноо хамтдаа бүрдүүлнэ. Дуу чимээгүй, тоос шорооны бохирдолгүй амгалан тайван орчинд иргэд сайхан амьдрах боломж бүрдэх юм. Мөн ажлын байруудыг бий болгоно. Тэгэхээр хүн бүрийн яриад байгаа тогтвортой хөгжил гэдэг зүйл маань эндээс харагдах юм. Өөрөөр хэлбэл, иргэндээ, байгальдаа, эдийн засагтаа ээлтэй байна гэсэн үг.
Тодруулбал, төлөвлөлтийн нийт талбайн 30 гаруй хувь нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байх юм. Тэнд барих амины сууц нь эрчим хүчний өндөр хэмнэлттэй халаалтын систем, ногоон гэрчилгээтэй, саарал усаа эргүүлж ашигладаг бохирын систем, нарны сэргээгдэх эрчим хүч зэргийг ашиглах юм. Энэ шинэ суурьшлын бүсэд төлөвлөсөн орон сууцуудыг орон нутагт хүний нөөцийг татах зорилгоор ашиглаж болох юм. Орон нутагт хамгийн сайн боловсон хүчнийг ажиллуулахын тулд амьдрах нөхцөл бас их чухал шүү дээ.
-Үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Бид мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн баг учраас төлөвлөлт, тооцоогоо хийчхэжбайгаа юм. Одоо харин яаж хэрэгжүүлж бодит ажил болгох вэ гэж таны асууж байгаа нь зөв. Ер нь тогтолцоогоороо зураг төсөл, төлөвлөлтөө хийгээд орон нутагт хүлээлгээд өгчихдөг. Хэрэгжүүлэх нь засаг захиргааны үүрэг байдаг. Гэтэл бодитоор яадаг гээч. Нөгөө олон сар бодож хийсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь битгий хэл, дарга нар нь ширээн доогуураа хийгээд орхидог. Эсвэл ханандаа нэг гоё зураг болгоод өлгөөд орхино. Дараагийн дарга нь ирээд хуулаад хаячихдаг нь бодит үнэн. Хэрэгжүүлж буй газар ч бас бий. Уг нь энэ төлөвлөлт шийдвэр гаргагч нарын ширээний ном байх ёстой юм. Бүх гарц гаргалгаа тэр дотор нь байдаг. Жишээ нь, хаана ямар хүчин чадалтай шугам сүлжээ тавих, хэдэн хүүхдийн сургууль хаана байгуулах, зам хаагуур тавих, ирээдүйд хэдэн хүн амтай болох, хаана үйлдвэр барих, ямар үйлдвэрлэл хийвэл манайд тохиромжтой байх, хэдэн хүнийг ажлын байраар хангах, үерийн ус хаагуур орж ирэх, хаана далан суваг нэмж тавих, шинэ суурьшлаа хаана үүсгэх, орон сууц хаагуур баригдах, байгалийн гамшиг болбол яах вэ гээд л бүх л шийдэл, гарцыг гаргаж хэдэн онд аль ажлыг нь хийхэд хэдэн төгрөг хэрэг болох вэ гээд бүгд бий. Энэ бүхнийг анхнаас нь зөв ойлгоод харчихвал он онд хийх ажлуудаа төлөвлөөд, хөрөнгө оруулалт, санхүүжилтээ зөв хуваарилдаг юм. Бидний төлөвлөсөн төсөлд ч сая дурдсан инженер, зөвлөх зэрэг багтсан 10-аад хүн ажиллаж байна. Мөн хийсэн ажлуудаа иргэдэд хүргэх маркетинг, хамтын ажиллагааны зөвлөх, сургалт хариуцсан менежер зэргээс бүрдсэн.
Бид төслөө хэрэгжүүлэх шатанд ирээд байна. Энэ шатанд орон нутгийн захиргаа, иргэд, хувийн хэвшил бүгд нэгдэх хэрэгтэй. Манай төсөл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумд хэрэгжиж эхэлсэн. Сумын удирдлага маш сайхан дэмжиж, газар болон цахилгаан, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллаж байгаа. Иргэд ч сайхан хүлээж авч байна. Бид амины сууц барьдаг 20 орчим компанийнхантай уулзаж ярилцан сонгон шалгаруулалт явуулж, чанартай, туршлагатай, чадварлаг, олон улсын стандартын шаардлага хангасан гэрчилгээтэй, ногоон технологийн сертификаттай зэргийг харгалзан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг сонгосон. Сумын иргэд гэхээрээ хямд, чанар муутай зүйл ашиглана гэсэн ойлголтыг халж, ногоон технологиудыг нутагшуулахад нэлээдолон байгууллага, хүмүүс хамтарч байгаа. Мөн иргэд, малчдыг банкны ногоон зээл авах боломжийг бүрдүүлж эхэлсэн.

-Өмнөдэлгэр сумыг яагаад сонгох болов. Орон нутгийн өөр сумуудад хэрэгжүүлэх үү?
-Тус сумыг сонгосон хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, хөгжлийн цаашдын чиг хандлага, бүс нутгийн таталцлын хувьд бусад сумтайгаа хөршлөөд хөгжих бүрэн боломжтой юм. Хэд хэдэн шалгуур байгаа. Зам, дэд бүтэц сайн хөгжсөн, 6000 гаруй хүн амтай том сум. Монгол Улсдаа сүүлийн есөн жил малын тоогоор тэргүүлсэн. Хэнтий аймгийнхаа хэмжээнд газар тариалангийн 70-80 хувийг хангадаг. Түүхэн аялал жуулчлалын бүс гэж Засгийн газраас тодорхойлсон, төрийн их тахилгат Бурхан Халдун хайрхан, Ар халхын Утай Гүмбэн гэж нэрлэгддэг Балдан Бэрээвин хийд, маш сайхан тогтоц бүхий байгальтай зэрэг хөгжлийн олон үзүүлэлийг харгалзсан. Түүнчлэн миний төрж, өссөн нутаг. Аав ээж минь гэр бүлээрээ улсын аварга малчид байв. Нутаг орондоо нэр хүндтэй, Хан Хэнтий нутгийнхаа төлөө насаараа зүтгэсэн хоёр буурал байлаа. Анх аав ээжийнхээ дурсгалыг мөнхжүүлэх гэж төрсөн гэрийн буурин дээрээ тэднийхээ нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нэрэмжит гудамж бий болгоно гэж аймаг, сумын ИТХ-ын тогтоол гаргуулж байсан юм. Тэгээд зөвхөн өөрийнхөө буурин дээрээ гоё зүйл байгуулах биш, сум орон нутгийнхаа хөгжилд хэрэгтэй, миний хийж чаддаг төлөвлөлт гэдэг зүйлээ хийе гэж зорьсон юм.
“Тэмүүлэл” төслийг цаашид олон сумд түгээн дэлгэрүүлж ажиллах болно. Сум гэхээрээ л дан гэр хороололтой, нүхэн жорлонтой, нүүрсээ түлээд сууж байх ёстой биш шүү дээ. Хөгжил цэцэглэлтийг арай өөрөөр харж, бий болгох хэрэгтэй