Цэц өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Гэтэл өнөөдөр Монголд, тэр дундаа цахим орчинд хүнийг элдвээр доромжилж, гүтгэх явдал хэрээс хэтэрч, сүүлдээ эрүүл мэндэд нь халдах тохиолдол ч гарах болсон. Харамсалтай нь, манай улсад цахим орчинд хүний нэр төрд халдах, гүтгэх, доромжлох үйлдэлд хариуцлага тооцох эрх зүйн орчин үгүй. Энэ талаар судлаач Жадамбаагийн Ганбаатартай ярилцлаа.
-Олон нийтийн цахим сүлжээнд ёс суртахуунд нийцэхээргүй үг хэллэгээр бусдыг дайрч доромжилж, гүтгэдэг үйлдэл хэрээс хэтэрч байгаа. Энэ талаар судалж байсан хүний хувьд үүнд тайлбар өгөөч.
-Манай улсын хувьд олон нийтийн цахим сүлжээ ашиглах талаар ямар ч хуулийн зохицуулалт байхгүй гэхэд болно. Таны асуусан зүйл бол цахим сүлжээг буруугаар ашиглаж байгаа хууль бус үйлдэлтэй холбоотой вижилант үйлдэл юм. Уг үгийн утга үндэс нь сонор сэрэмж гэсэн утгатай. Гэхдээ хууль зүйн нэр томьёо гэж ойлгож болно. Эхлээд вижилантизм гэж юу болох, түүний шалтгааны талаарх товч ойлголт өгөх нь зөв байх.
Вижилантизм (Vigilantism) нь хууль зүйн тогтолцоо, нийгмийн ёс суртахуун болон улс төрийн зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй нийгмийн хууль бус үзэгдэл бөгөөд гол шалтгаан нь төрийн хяналт, шалгалт, хууль сахиулах, прокурор, шүүх зэрэг шударга ёсыг хэрэгжүүлэгч байгууллага шаардлагатай хэмжээнд ажиллахгүй байгаад унтууцсан иргэдийн бухимдлаас үүдэлтэй байдаг. Энгийнээр хэлбэл, шударга ёс алдагдаж, гэмт хэрэг үйлдсэн хүмүүст тохирсон хариуцлага, ял шийтгэл оногдуулахгүй, авлигын гэмт хэрэг шийдэгдэхгүй удаашрах нь засаг төрөөс гэмт явдалтай хийх тэмцэл бодитой үр дүнд хүрэхгүй байна гэсэн бухимдлыг нийгэмд бий болгодог. Улмаар хуулийн байгууллага, төрд итгэх иргэдийн итгэл алдарна. Эцэст нь гэмт этгээдэд хариуцлагыг “би, эсвэл бид өөрсдөө хүлээлгэнэ” гэсэн сэдэлд хүргэдэг.
-Вижилант гэж хэн бэ, ямар үйлдлийг вижилант үйлдэлд тооцдог юм бэ?
-Вижилантууд шударга ёсны төлөө гэсэн дүрээр бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, төрийн онцгой эрх, нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, гэр бүлийн хүчирхийллийг зохицуулах, буруу зүйл хийсэн хүнийг шийтгэх ажлыг хууль, шүүхийн өмнөөс хийдэг гэсэн үг. Тэд хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд халдах, заналхийлэх зэрэг хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдэж, нийгмийн дэг журам, аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулдаг учраас энэ үзэгдлийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын цогц, системтэй арга хэмжээ хэрэгжүүлэхийг шаарддаг. Блэйкийн “Хууль зүйн толь бичиг”-т вижилантизмыг “Иргэдийн бүлэг, хувь хүн хуулийн албан ёсны байгууллагын оролцоогүйгээр хуулийг гартаа авч, гэмт хэрэгтнийг шийтгэх, эсвэл нийгмийн дэг журмыг өөрсдийн аргаар сахиулахыг оролдох үйлдэл” хэмээн тодорхойлсон байдаг.
Цахим орчин дахь вижилант үйлдэл гаргагч нь ийм бухимдлаа, эсвэл “буруу” гэж өөрөө ойлгосон зүйлийг шүүмжлэхдээ хүний нэр төр, алдар хүндийг гутаах, гүтгэх, доромжлох, өдөөн хатгах, нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэмжээнд нийцэхгүй үйлдэл гаргах, үг хэллэг ашиглах хэлбэрээр цахим сүлжээнд мэдээлэл (post) нийтлэх, шууд дамжуулалт (livestreaming) хийх, бусдын зөвшөөрөлгүй хувийн мэдээллийг дэлгэн, тарааж байдаг.
-УИХ-ын дарга Н.Учрал 1-2 жилийн өмнө цахим орчин дахь зүй бус үйлдэлтэй тэмцэх хууль санаачлан батлуулсан ч Ерөнхийлөгч хориг тавьснаар хууль хүчингүй болсон. Өнөөгийн ийм нөхцөлд үүнтэй ямар арга замаар тэмцэх нь үр дүнтэй бол?
-Манай улсад цахим вижилантизмын үзэгдэл илрээд нэлээд хугацааг өнгөрүүллээ. Хууль зүйн бодлого болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, үр дүн хангалтгүй. Мөн вижилантизмыг таних, урьдчилан сэргийлэх, хязгаарлан барих ажлыг онол, практикийн хувьд хэрэгжүүлж чадаагүй нь хамааралтай.
Вижилантизм дэлгэрэхийн учир шалтгаан, бурууг иргэдээсээ хайх бус, харин эсрэгээрээ хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжих нөхцөлийг ханган бүрдүүлж, хууль сахиулах үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх, товчхондоо эрүүгийн шударга ёсны тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай. Учир нь вижилантизмын шалтгааныг хувь хүний ёс суртахууны сул талаас бус, харин нийгмийн салбар бүрийн, тэдгээрийн бүтцийн болон үйл ажиллагааны сул тал гэж үзэн залруулах нь төрийн үүрэг гэж үздэг. Иймд төрийн эрх мэдлийг хязгаарлан хянах тогтолцоог бэхжүүлж, тухайлбал, иргэний хяналтын механизмыг сайжруулах, мөн Эрх зүйд захирагдах ёсыг (Rule of Law) бодит практикт хэрэгжихүйц хэмжээнд бүрдүүлэн, төлөвшүүлж хөгжүүлэхэд ихэд анхаардаг.
Орчин үед дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаж буй асуудлуудын нэг нь нийтийн цахим сүлжээнд вижилант үйлдлээр хүний нэр төр, алдар хүндэд халдаж байгаа явдал бөгөөд энэхүү хууль бус үзэгдлийг хуулийн болон нийгмийн олон арга замаар шийдэж байгаа юм билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн, иргэний үндсэн болон журамт үүргийг биелүүлэхийг даалгасан. Иргэний үндсэн үүргүүдийн нэг бол хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх шүү дээ.
Хууль зүйн шинжлэх ухааны болон Философийн ухааны доктор Н.Лүндэндорж Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар бүтээлдээ “Хүний нэр төр, алдар хүнд гэдэг нь амжилттай яваа, нэр төр, алдар хүндтэй цөөн хүмүүсийн тухай, эсвэл хүнд нийгмийн зүгээс өгч байгаа үнэлгээ, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж, бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмж биш юм. Харин энэ нь хүн болж төрсөн хүн бүрд угаас заяасан эрхэм чанар буюу тухайн бодгалын тал бүрийн үнэт чанар (амьд явах, нэр төртэй амьдрах, адил тэгш, эрх чөлөөтэй байх гэх мэт)-ыг илэрхийлсэн ойлголт” гэжээ.
“Нью-Иорк таймс” болон Салливаны гэх хэрэгт хэрэгт АНУ-ын Дээд шүүх 1964 онд хэвлэл мэдээллийн талд шийдвэрээ гаргаж, тус улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт (First Amendment) “Эрхийн тухай билл”-ийн хамгаалалтын хамрах агуулга хүрээг тэлсэн ч уг шийдвэрт хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хязгаарлалт байдгийг тодорхой заасан. Тодруулбал, хэвлэл мэдээллийн байгууллага нь хууль бусаар (unlawfully), эсвэл бодит хорон санаагаар (actual malice) мэдээлэл нийтэлсэн нь нотлогдвол “Эрхийн тухай билл”-ийн нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийн хамгаалалт үйлчлэхгүй гэж стандарт тогтоосон. Академич С.Нарангэрэл “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” бүтээлдээ энэ талаар бас тодорхой өгүүлсэн. Үүнд “Ёс суртахуунт хүмүүсийг хамгаалахын тулд, нийгмийнхээ дийлэнх олонхыг ёс суртахуунтай байлгахын тулд эзэн хаан дангаараа, эсхүл иргэд дундаасаа сонгогдсон итгэл даах төлөөлөгчид хуран чуулж, ёс суртахуунаа уландаа гишгэсэн хүмүүсийн хорон муу үйлийг гэсгээж, тэдний учруулсан хохирлыг арилгахын тулд зүй ёсны албадлага хэрэглэх шаардлагатай гэж үзсэн. Энэ шаардлага нийгмийн харилцааг зохицуулах хууль, эрх зүйг буй болгож, төрт ёс үүссэн” гэжээ.
Блэйкийн “Хууль зүйн толь бичиг”-т энэхүү суурь зарчмыг “Хууль нь ёс суртахуунаас салангид байж үл чадна. Учир нь хууль өөртөө зүй ёсны шаардлага буюу эрхийг зайлшгүй агуулдаг бөгөөд тэр нь ямагт ёс суртахууны шаардлага хангасан, шударга ёстой нийцсэн байдаг” хэмээн тодорхойлсон байдаг юм.
-Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, хууль эрх зүй нь сайн хөгжсөн улс орнуудад энэ үзэгдлийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Хүний нэр төр, алдар хүндийн эсрэг, цаашлаад нийгэмд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлэх гэмт хэргийн гаралтад нөлөөлөх цахим орчин дахь вижилантизм Doxxing (хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй ил болгох, тараах), Cyber harassment (цахим орчинд дарамт үзүүлэх, мөрдөн мөшгих) болон Incitement to violence (хүчирхийлэлд өдөөн хатгах) гэсэн гурван үндсэн хэлбэрээр илэрдэг. Doxxing, Cyber harassment-ийн хэлбэрт хүний нэр төр, алдар хүндийн эсрэг гүтгэлэг болон доромжлолын вижилант үйлдэл түгээмэл байдаг. Олон улсад энэ төрлийн гэмт явдалтай тэмцэж буй хууль зүйн онол практикийг харьцуулан судалж, үндэсний хууль тогтоомжийн шинэчлэлийг эрчимжүүлэхээс өөр арга байхгүй. Англо-Саксоны эрх зүйн тогтолцоотой Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн зохицуулалтаас товч харьцуулан дурдъя. Цахим орчин дахь вижилант үйлдлийн эсрэг энэ улсууд эрүүгийн болон иргэний эрх зүй, түүнчлэн мэдээллийн сүлжээ, харилцааны платформд хариуцлага хүлээлгэх гэсэн гурван чиглэлийн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Их Британи л гэхэд парламентаасаа баталсан Defamation Act, Malicious Communication Act, Communication Act, Protection from Harassment Act, Order Act, Data Protection Act зэрэг хуулиар зохицуулж байна. Тус улсын эрх зүйн тогтолцооны онцлог нь парламентаас баталсан хуулиудаас (Statutory Law) гадна шүүхийн прецедентүүд буюу кэйс хуулиудаар (Case Law/Common Law) нийгмийн харилцааг зохицуулдаг тул зөвхөн парламентаас баталсан дээрх хуулиудаар хязгаарлагдахгүй гэсэн үг. Жишээ нь, Онлайн аюулгүй байдлын тухай хуулийг баталснаар livestreaming зэрэг онлайн үйлчилгээгээр дамжин гарах ёс суртахуунгүй, хортой контентод хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлжээ. Мөн Malicious Communications Act-аар платформ дээрх хууль бус контентыг түргэн шуурхай хянаж, устгуулах замаар хүнийг гутаасан, нэр хүндэд халдсан livestreaming-ийн үйлдлээс нийгмийг хамгаалах урьдчилан сэргийлэх механизмыг бүрдүүлсэн байгаа юм. Уг хуулиар хувь хүн цахим харилцаа холбоо, эсхүл бусад эд зүйл илгээхдээ, садар самуун, эсвэл маш бүдүүлэг, агуулга, үг, хэл, илэрхийлэлтэй, нийтийн ёс суртахууны хэм хэмжээнээс давсан үйлдлийг хүлээн авагчийн сэтгэл санааны зовлон шаналал, айдас, түгшүүр төрүүлэх, хямралд хүргэх субъектив санаа зорилготойгоор үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хоёр жил хүртэл хорих, эсвэл торгох ял оноохоор хуульчилсан байна. Protection from Harassment Act-аар цахим орчин дахь вижилант үйлдлийн хэлбэр болох дарамтлах, гүтгэлэг бүхий мэдээлэл, пост давтамжтайгаар тавьж хүлээн авагчийг сэтгэл санааны дарамтад оруулах, эсвэл ийнхүү дарамтад орохыг нь мэдсэн байх боломжтойгоор давтан санаатайгаар үйлдсэн бол зургаан сар хүртэл хорих буюу торгох ял шийтгэх гэмт хэрэгт тооцжээ.
ХБНГУ-д вижилант үйлдлийг хязгаарлах хууль зүйн үндэс нь Германы Үндсэн хууль юм. Уг хуулийн 1.1 дэх заалтад хүний нэр төрийг зөвхөн хүн гэдэг утгаар нь үнэмлэхүй халдашгүй эрх хэмээн хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хүний нэр төр юугаар ч хязгаарлагдахгүй эрхэм чанар гэсэн үг. Тус хуулийн тавдугаар зүйлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тунхаглан заасан. Харин Үндсэн хуулийнхаа 5.2-т уг эрх чөлөө нь нийтлэг хүчин төгөлдөр хууль, бага насны хүүхэд, залуучуудыг хамгаалах зорилготой болон хувь хүний алдар хүндийг хамгаалах эрхээр шууд хязгаарлагдах боломжтой гэжээ. Үндсэн хуулийн үзэл санаа, тодорхой заалтад нийцүүлэн цахим орчин дахь вижилант үйлдлийг Эрүүгийн болон сүлжээний хэрэгжилтийн зэрэг хуулиар, тухайлбал, Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлд доромжлох, 186 дугаар зүйлд гүтгэлэг, 187 дугаар зүйлд санаатайгаар хор хохирол учруулах зорилготой гүтгэлэг, 238 дугаар зүйлд мөрдөн мөшгих зэрэг гэмт хэргийг хуульчилсан байна. Жишээлбэл, Германы Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлд хэрэв доромжлох үйлдлийг олон нийтийн газар, цуглаан дээр, агуулга тараах аргаар, эсхүл халдлага үйлдэх хэлбэрээр үйлдсэн бол хоёр жил хүртэлх хугацаагаар хорих, эсхүл торгох ял шийтгэнэ.
Уг хуулийн 11 дүгээр зүйлд нэр томьёо агуулгын тайлбар нь байдаг. Түүний 11.3-т “Энэ хэсэгт “агуулга” гэдэг нь бичмэл хэлбэрээр, дуу болон дүрс бичлэгийн хэрэгслээр, мэдээлэл тээвэрлэгч дээр, зураг, эсвэл бусад биет хэлбэртэй агуулгад багтсан, түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан ямар нэгэн хадгалалтын системээс үл хамааран дамжуулж буй зүйлийг хэлнэ” гэж заажээ.
-Бид энэ үзэгдэлд анхаарал хандуулж, хууль, эрх зүйн зохицуулалтаа сайжруулах шаардлагатай болжээ.
-Тийм ээ. Засаг төрийн үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай, хүртээмжтэй, үр бүтээлтэй байхын зэрэгцээ хууль сахиулах, шударга ёсыг тогтоох орчныг сэргээн шинэчлэхгүй бол цаашид вижилантизм улам газар авах аюултай. Орчин гэдэгт нийгмийн удирдлагыг хэрэгжүүлэх засаг төрийн үйл ажиллагаа нь өргөн хүрээг хамрах бөгөөд зөвхөн энэ сэдэвт асуудлын хүрээнд хууль тогтоомжийн шинэчлэл, хууль зүйн болон хууль сахиулах салбарын мэргэжилтнүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадахуйн зарчимд суурилсан боловсон хүчний бодлого журмыг шинэчлэх, түүнийг тууштай дагаж мөрдөх, үүнтэй холбоотой бусад дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт зүйлийг тодотгож байгаа юм.
Вижилант үйлдэл нэмэгдэх тусам нийгэм дэх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншил, нийгмийн дэг журам зөрчигдөж нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуунд хорт үр дагавартай.