Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, төрийн оролцоог хумих чиглэлд томоохон реформуудыг “тунхаглаж”, эрх баригчид ар араасаа сүржин мэдэгдэл хийх ч бодит байдалд нөхөрлөл, компани байгуулахын тулд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн явцаас эхлээд олон хүнд сурталтай нүүр тулж буй юм. Л.Оюун-Эрдэнийн “Шил” ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, захиргааны байгууллагуудын ил тод байдлыг хангах, аливаа хүнд суртлыг арилгахын тулд бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгоно хэмээж байв.
Удаах Ерөнхий сайд Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэлээд зүтгүүлсэн удаатай. Эдгээрээс улбаалсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн, Зөвшөөрлийн, Цахим хөгжлийг дэмжих тухай хуулиуд өнөө хүчин төгөлдөр үйлчилж буй.
Харин одоогийн Засгийн газрын тэргүүн Н.Учрал “УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, чөлөөлөлтийн бодлогоо ажил хэрэг болгоно. Бизнес эрхлэх эрх чөлөө, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм журам гаргахыг таслан зогсооно. Төрийн бүх шатанд бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буй шийдвэрүүдийг цуцалж, “No surprise” зарчим буюу төр гэнэтийн бэлэг барьж, бизнесийн орчинд садаа тотгор үүсгэхийг хориглоно” гэсэн нь сайхан амлалт ч үүнийг хэрэгжүүлэгч захиргааны ажилтнууд нь хүнд сурталтай, дур, үзэмжээрээ хууль тайлбарладаг, үндэслэлгүй шийдвэр гаргадаг хэвээр байх юм бол гоё нэртэй санаачилга, хуулиуд шилний цаанаас чихэр долоолгохтой адил болж дуусах нь.
Манай улсад ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компани, ашгийн төлөө бусыг нь холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулдаг. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог онцлогтой. Тэгэхээр хуулийн этгээд үүсэхээс хасагдах, татан буугдах хүртэлх бүхий л үйл явц улсын бүртгэлээр дамждаг гэсэн үг. Улсын бүртгэлийн ерөнхий, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, Иргэний хуулиар уг харилцааг зохицуулдаг. Гэхдээ хуулийн этгээд байгуулах, бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн бүртгэл үүсгэхэд хуулиас гадуур хэтийдсэн хүнд суртал үүсгэж байна хэмээн эх сурвалжууд мэдээлэв.
“Сноу хилл консалтанси” хуулийн фирмийн партнер Б.Нямцэрэн “Хөрөнгө оруулалтын чиглэлээр сүүлийн 15 жил хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Төрөөс ‘Чөлөөлье’ санаачилга гаргаж, бизнесийн эрх чөлөөг хангах, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих талаар дуугарч байгаа нь сайн ч бодит амьдралд эдгээр хуулийн хэрэгжилт маш хангалтгүй. Үүний хамгийн наад захын жишээ нь хуулийн этгээдийн улсын бүртгэл. Тухайлбал, Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах” гэж журам байгаа. Бусад үйл ажиллагаатай холбоотой журмуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нь бий. Одоогоос 10 жилийн өмнө нөхцөл байдал харьцангуй давгүй байсан ч сүүлийн хэдэн жилээс Улсын бүртгэлтэй холбоотой бэрхшээлүүд эрс нэмэгдсэн гэж хэлнэ. Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн цөөн хэдэн асуудлаас болоод нийт баримт бичгийн шаардлагыг бүхэлд нь чангаруулж байна гэж харж байгаа. Төр цахим шилжилт, цахим гарын үсгийг нэвтрүүлсэн гэж сурталчилдаг ч амьдралд энэ нь огт хэрэгждэггүй. Жишээ нь, компанийн хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэхийн тулд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг шаарддаг. ТУЗ нь нийтлэгээрээ 5-7 гишүүнтэй, тэдгээр нь дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг тул нэг дор цуглаж, цаасан дээр гарын үсэг зурах боломжгүй шүү дээ.
Улсын бүртгэгчдийн асуудалд үзэмжээрээ хандах нь бүр хэрээс хэтэрсэн. Хуулийг хэрэгжүүлэх шатанд институтийн чадавх үнэхээр дутагдаж байна. Хуулиа буруу тайлбарлахаас гадна аливаа заалтын хууль зүйн агуулга, зорилгыг огт ойлгодоггүй. Бид үйлчлүүлэгч компанийнхаа бүртгэлийг хийлгэхээр очиход бүртгэгч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн агуулгыг буруу тайлбарлаж, бүртгэхээс татгалзсан. Ингээд дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргахад улсын бүртгэгчийнхээ гаргасан шийдвэрийг хаацайлж, хамгаалсан хариу өгсөн. Үүнээс болоод Захиргааны хэргийн шүүхэд компанийн бүртгэл хийхийг даалгах, уг заалтыг хууль зүйн үүднээс зөв тайлбарлахыг шаардсан агуулгатай нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр явж байтал гурван сарын дараа нөгөө талаас “Эвлэрье” гэж байгаа юм. Үйлчлүүлэгчийнхээ цаг хугацааг хэмнэх үүднээс бид тухайн саналыг зөвшөөрсөн, үгүй бол эцсийг нь үзэх байсан юм. Мэргэжлийн хуульчдад ингэж хандаж байгаа юм чинь эрх зүйн мэдлэг хомс иргэдийг юу ч гэж хуурч, бичиг баримтыг нь дураараа буцааж байхыг үгүйсгэхгүй.
Асуудлаа шийдүүлэхийн тулд шүүхээр явах шаардлага тулгардаг нь гадаадын хөрөнгө оруулагчдад маш буруу мессеж өгдөгийг дурдах нь зүй. Тиймээс бүртгэлийн чиг үүргийг мэргэжлийн холбоод руу шилжүүлэх хэрэгтэй. Бүртгэгчдийн хийж буй энэ ажлыг хуульчдад шилжүүлэх, Монголын Хуульчдын холбооны дэргэд бүртгэл эрхэлсэн хуульчдыг бий болгох асуудлыг ярьж байгаа юм билээ. Хэрэв ингэж чадвал бүртгэл тойрсон хүнд суртал, бэрхшээл тодорхой хэмжээгээр буурна гэж харж байна” гэлээ.
Харин өмгөөллийн “Хэруга партнерс”-ын өмгөөлөгч Х.Чинбатаас энэ талаар тодруулахад “Монгол Улс бизнесийн орчноо сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор олон хууль баталж, бодлого боловсруулж байна. Гэвч бодит хүндрэл нь ихэнхдээ хуульд бус, түүнийг хэрэгжүүлэх процесст байгааг олж хардаггүй. Улсын бүртгэлийн тогтолцоо нь иргэн, аж ахуйн нэгжид ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой, хурдан бөгөөд нэг мөр хэрэгждэг байх ёстой. Харамсалтай нь, өнөөдөр бүртгэлийн шаардлага, тайлбар, шийдвэр нь албан хаагчийн хандлага, тухайн нэгжээс хэт хамаарах тохиолдол цөөнгүй. Үүний улмаас цаг хугацаа, зардал нэмэгдэж, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын итгэл буурдаг. Хөрөнгө оруулагчид зөвхөн хууль тогтоомжийг бус, түүнийг хэрхэн хэрэгжүүлдэг процессыг хамгийн түрүүнд үнэлдэг нь нууц биш. Тиймээс бүртгэлийн үйл ажиллагааг илүү энгийн, ойлгомжтой, цахимжсан, ил тод, нэг стандарттай болгох нь шинэ хууль батлахаас дутахгүй чухал шинэчлэл. Бизнес эрхлэхэд саад болж буй хамгийн том бэрхшээл нь хууль биш, харин хэт төвөгтэй процесс гэж хэлнэ.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль, эрх зүйн орчноо байнга шинэчилж, хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж байгаагаа илэрхийлдэг. Ялангуяа улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээ нь илүү ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой, олон улсын жишигт нийцсэн байх шаардлагатай. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагч компанийн үүсгэн байгуулалт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, эцсийн өмчлөгчийн бүртгэл, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, итгэмжлэл, гадаад баримт бичгийн баталгаажуулалт зэрэг асуудлаар олон шат дамжлага, харилцан адилгүй тайлбар, тодорхой бус шаардлагатай тулгарч байна. Нэг асуудалд өөр өөр бүртгэгч янз янзын шаардлага тавьдаг байдал нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулдаг. Бизнесийн орчны өрсөлдөх чадварыг зөвхөн татварын хөнгөлөлт, шинэ хууль, хөрөнгө оруулалтын гэрээгээр хэмжих боломжгүй. Харин компанийн бүртгэлийг хэдэн өдөрт, тодорхой шалгуураар, ямар нэгэн эрсдэлгүйгээр шийдвэрлэж чадаж байгаа нь тухайн улсын хөрөнгө оруулалтын бодит үнэлгээ болдог. Иймд Улсын бүртгэлийн үйл ажиллагааг илүү процесс төвтэйгээр шинэчилж, бүртгэлийн шаардлагыг нэг мөр болгож, хэрэглэх боломжтой стандартыг бий болгох, цахим үйлчилгээг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан англи хэлээрх албан ёсны заавар, жишиг баримт бичиг, нэгдсэн гарын авлагатай болох нь цаг үеийн зайлшгүй хэрэгцээ болоо байна л даа. Хөрөнгө оруулагчид хууль нь сайн байна гэж биш, энэ улсад ажил хэрэг хурдан, ойлгомжтой бүтдэг шүү гэж хоорондоо ярьж, үнэлдэг. Монгол Улс бүс нутгийн хөрөнгө оруулалтын өрсөлдөөнд давуу байр суурь эзлэхийг хүсэж байгаа бол хууль тогтоомжоо боловсронгуй болгохын зэрэгцээ түүнийг хэрэгжүүлдэг бүртгэлийн процессыг илүү энгийн, ил тод, тогтвортой болгоход анхаарах шаардлагатай” хэмээсэн юм.
Түүнчлэн “Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр тэдэнд эрх зүйн тодорхой боломжуудыг олгодог. Гэвч бодит амьдралд энэ шаардлагыг хэрэгжүүлэх, нотлох, улсын бүртгэлд бүртгүүлэх явц нь дэндүү хүндрэлтэй. Ялангуяа хөрөнгө оруулалт ямар хэлбэрээр хийгдсэнийг нотлох, хөрөнгийг үнэлэх, мөнгөн хөрөнгө болон шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх зэрэг асуудалд нэгдсэн, ойлгомжтой стандарт дутмаг. Ингэснээр нэг ижил нөхцөл байдалд өөр өөр шаардлага тавигдах, бүртгэл удаашрах, хөрөнгө оруулагчдын зардал нэмэгдэх эрсдэл үүсдэг” гэв.
Улсын бүртгэл дэх албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Хуульчид шаардлагын дагуу материалаа бүрдүүлээгүй хэр нь бүртгэгчдийг буруутгадаг. Гэхдээ үйл ажиллагаандаа мөрдөж буй журам, шийдвэрийг хууль тогтоогчид л баталж байгаа шүү дээ. Тийм байж төрийн байгууллагуудыг элдвээр хэлдэг” гэсэн билээ.
Төрийн үйлчилгээ нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжлийг хангах орчныг бүрдүүлэх, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэдэг. Төрийн үйлчилгээг иргэнд ойртуулна гэдэг нь тухайн Засгийн газар, захиргааны байгууллагууд иргэдийнхээ эрэлт хэрэгцээг харгалзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг судалж, сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг хэлдэг гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Энэ нь төрийн байгууллагуудаас иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх, нээлттэй ил тод ажиллах, төвлөрлийг сааруулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн санал гомдлыг цаг алдалгүй шийдэх зэрэг олон хүчин зүйлийг өөрчлөх шаардлагыг бий болгож байна.
УБЕГ нь улсын бүртгэлийн хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт, бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Судлаач М.Майцэцэгийн судалгааны дүгнэлтэд “УБЕГ-ын зорилтод иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай чанартай үзүүлнэ гэж тусгасан ч процессын хэрэгжилтэд чанарыг хангах нь дутагдалтай байна” гэсэн. Төрөөс бизнесийн орчныг чөлөөлөх сүржин шинэчлэл, хууль тогтоомжуудыг хэчнээн баталлаа ч анхан шатны бүртгэлийн үйл ажиллагааг амьдралд нийцсэн, цахимжсан, үзэмжгүй нэг стандарттай хэрэгжүүлдэг болгохгүй бол хөрөнгө оруулалтыг татах амлалтууд лөөлөө болж дуусах нь байна даа.
Д.Хэрлэн