Улаанбаатарын зуны үдэш хэзээд нэг л нууцлаг, сэтгэл татам. Бороо орвол бүр ярих юм биш. Паркийн өргөн чөлөөнд “Баянмонгол” чуулгын “Хүрээ дагшаа” жазз концертын дуу их хотын хэмнэлийг “эвдэн” хадах шиг болов. “Аавдаа”, “Орь залуу нас”, “Дэнжийн ногоо”, “Аяны шувууд”-ыг дуулаагүй, урьд өмнө сонсоогүй хүн ховор биз ээ. 57 жилийн түүхтэй, монголчуудын сэтгэлийн хөг эгшгийн бэлгэ тэмдэг “Баянмонгол”-ын хүрээ хөгжим гэх утгыг илэрхийлэх нэртэй эл тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Зун цаашилж, намар наашилсан энэ үе бидэнд холдон одох, хагацах зориг, аливааг эхлүүлэх тэмүүллийг сэрүүн салхиараа сануулдаг шиг. Яг л ийм, дээрээс нь нартай бороо шаагьсан өдөр үзэгчид жазз урсгалын сонгомол бүтээлүүдээр “амьсгалсан” юм. Тоглолтын дундуур эргэн тойрноо ажвал хүн бүрийн хөл хөгжмийн хэмнэлийг даган дохиж, хуруугаараа ширээгээ ялимгүй товшин, аязыг даган найгацгаах аж. Бөмбөрцөг хэлбэрийн тайзнаа чуулгынхан цомхон бүрэлдэхүүнээрээ цуглажээ.
“Хөх торгон цамцыг байвал хө
Хөвөнг нь тавилгүй хөвсийгөөд байна хөөрхий еэ
Хөгшин чамайгаа гэсээр байвал хө
Хөрслөг залуучууд хөшилдөөд байна аа хө хөөрхий еэ”
хэмээх “Хөх торгон цамц”-аар нээж, концертын турш цөөнгүй ардын дуу тоглосныг дурдах нь зүй. Морин хуурч Б.Энххүү ХБНГУын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Петер Райтерын найруулга бүхий “12 жилийн магтаал”-ыг гоцолсон нь ардын “оркестр” хэмээх ойлголтын биелэл байв. Тэрбээр 2022 онд Монгол Улсад айлчлан, Төрийн соёрхолт “Баянмонгол” чуулгатай хамтран ажиллахдаа энэхүү бүтээлийг бүрэлдэхүүн болон морин хуур хөгжимд зориулан шинээр найруулсан түүхтэй гэнэ. Б.Энххүү хөгжимдөх үеэр тэнгэр бүрхэж, үе үехэн бороо дусалж байснаа учиргүй их “асгарсан” юм. Ингээд үзэгчдийн суудлын хойд хэсгийн нөмөр газар луу нийтээрээ “нүүсэн” нь бараг л оносон. Бороотойд ийн тоглосон нь их баригдмал бус, чөлөөтэй, романтик орчин бүрдүүлсэн болов уу. Тоглолтын хөтөлбөр нэлээд хэдэн уран бүтээлээс бүрдэх ч борооноос үүдэн цөөнгүй “амттай” хэсэг нь хасагдсан юм билээ. Монгол Улсын консерваторын жазз дуулаачийн ангийн оюутнууд болох Г.Үйлэн, Э.Маралжингуа, дуучин Наагий (Н.Наранбаатар), гоцлооч, саксофонч А.Отгонбаатар нарын ур чадварыг энд онцлох хэрэгтэй. Тоглолт “Халуун элгэн нутаг”-аар өндөрлөсөн юм. Хүрээ хөгжмүүдийг эгшиглүүлэхэд “Хар сувд”-ын задгай талбайн орчин яг тохирсон ч цаашид тайзны гэрэлтүүлэгтээ анхаарахыг уламжлах нь зөв.
1972 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын санаачилгаар Улсын симфони найрал хөгжим, радиогийн дэргэдэх “Баянмонгол” чуулга, хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулгын “Соёл-Эрдэнэ” хамтлаг болон бусад дуучныг нэгтгэн “Улсын филармони”-ийг байгуулснаар Монгол Улсад анхны “Big band” буюу “Жазз найрал хөгжим” үүссэн билээ. “Баянмонгол” анх Монголын радиогийн харьяа “Дагшаа” хөгжмийн хамтлаг байсан гэдэг. “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” гэх хамтлаг байгуулагдсанаас хойш Монголд жазз эрчимтэй хөгжиж, мэргэжлийн уран бүтээлүүдийг ард түмэнд толилуулах намын даалгавартай байсан хэмээдэг билээ. Энэ чуулгын анхны дуучин нь “Цэцэгт нугын эрвээхэй”, “Навчин дээрх шүүдэр”, “Дөрвөн улирал, хоёр амраг”, “Үртэй хүн жаргалтай” зэрэг дууны “автор” Л.Оюунчимэг. Бүр тодруулбал, чуулга байгуулах санаачилгыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж гаргаж, хүмүүсээ цуглуулан 1967 онд тухайн үеийн “Мэдээлэл, радио, телевиз улсын хороо”-ны дэргэдэх “Цахилгаан хөгжмийн чуулга”-ыг байгуулаад, 1968 онд Польш улсад Радио, телевизийн дэргэд жазз, оркестртоо гурван сар гаруй хугацаанд мэргэжлийн дадлага хийлгэсэн гэдэг. Ингээд буцаж ирээд 1969 оны долоодугаар сарын 10-нд Үндэсний телевизээр анх шинэ эстрад концерт сонирхуулж, Монголын ард түмэнд танигдсан ийм түүхтэй.
Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа агсан нэгэн ярилцлагадаа “Монголын эстрад урлагт “СоёлЭрдэнэ”, “Баянмонгол” хоёр л байлаа шүү дээ. Сүүлд “Өргөө”, “Айзам” гарч ирсэн” хэмээсэн удаатай. Чуулгатай цэл залуу 21 настайгаасаа амьдралаа холбосон, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Баянмонгол” чуулгын удирдаач Б.Ганбат агсан “Баянмонгол” чуулгын гавьяаг бол яриад баршгүй их ээ. Энэ чуулгыг Монголын эстрад урлагийн дээд сургууль гэж болох юм. Яагаад гэхээр эндээс Монголын эстрад урлагийн алдартай удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучид төрсөн. Бүгдийг нь нэрлэвэл дуусахгүй. Энэ хүмүүсийн 60, 70 онд зохиосон дуунууд одоо ч ард түмний дуулах дуртай, хит дуунууд хэвээр. Тийм сайхан хүмүүс энэ чуулгаас л төрсөн. Дуучдаас мэдээж Гавьяат жүжигчин Б.Дамчаа гуай, “Таксийн цоохор”- ын З.Цэнд-Аюуш, “Аяны шувууд”-ын Х.Төмөр, Т.Рэнцэнханд, “том” Л.Оюунчимэг, Х.Галхүү, “жижиг” Н.Оюунчимэг, М.Янжиндулам, Б.Нандинцэцэг, Д.Эрдэнэцэцэг, Ж.Уранчимэг, Ч.Алтанцэцэг гээд олон сайхан дуучин байна. Мөн Гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан зэрэг олон сайхан алдартай дуучин “Баянмонгол” чуулгаас ажил, амьдралынхаа гарааг эхэлж байсан. Удирдаач гэхэд Т.Чимэддорж, Н.Уртнасан, Б.Нямдорж, аргил гитарчин Ж.Батсайхан гээд сайхан хүн их бий. Тэгээд миний бие Б.Ганбат. Одоо залуу үе С.Саруул-Од гэж удирдаач төрөн гарсан ийм сайхан чуулга” хэмээж байж.
Мэргэжил талаасаа удирдаач хүн хөгжмийн онол, нот унших, хөгжмийн зэмсэг судлал, зохиомж, гоо зүй гэх таван боловсролыг эзэмшсэн байх ёстой гэдэг. Удирдаач гэхээр зөвхөн гоё хөгжим тоглуулаад байж байдаг хүн биш билээ. “Баянмонгол” чуулгын удирдаач С.Саруул-Од хөгжимчдөө сайн мэддэг, тэднийг урамшуулж, тоглолтоо амь халуун авч явах зан ааштай хүн аж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Бидний хувьд сонгодог жазз чиглэлээр тоглодог. Энэ нь Монголын сонсогчдод арай илүү ойр. Цаашид Монголын жазз хөгжмийн чиглэл шат шатаар ахиж дэлхийн түвшинд очно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Харин одоо манайд сонгодог жаззыг улам их тоглуулах, тогтсон урын сангаа шинэчлэх ажилд ханцуй шамлах нь зүйтэй, “Баянмонгол”-ынхоон.
Д.Сэлэнгэ