Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал мөрөөдлөө биелүүлж, Чандманийн амны Хийморийн овоо орчимд зэрлэг амьтны эко гарц байгуулах гэж буй аж. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан энэ талаар хуваалцаад, нийслэлийн ерөнхий архитектор Б.Батцолмонгийн гарын үсэг бүхий ажлын зураг хавсаргажээ. Төлөвлөгөө ёсоор болбол Богдхан уулын ар бэлд, Зайсан толгойн баруун талд дархан цаазат газар нутгийг Туул голтой холбосон нүхэн гарц байгуулах аж. Ингэснээр нийслэлийн ногоон бүс, тэр дундаа Богдхан уулын ойн сан, Туул голын сав газарт нутагладаг зэрлэг амьтад чөлөөтэй нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх, аюулгүй амьдрах боломж бүрдэх юм гэнэ.
Богдхан уулын Хамгаалалтын захиргааныхан энэ мэтчилэн мөрөөдөл, “мөрийн хөтөлбөр”-төө багтаасан ажлуудаа хэрэгжүүлээд тун чиг завгүй байгаа бололтой. Соёмботой уулан дээрх чулуун тэмдэг, монгол бичгийг сэргээн будлаа л гэх. Манзуширын аманд ариун цэврийн байгууламж бариулж эхэлсэн сураг ч дуулдлаа. Тусгай хамгаалалттай бүсэд дуу ихтэй мотоцикл, суррон унаж, амгалан тайван байдал алдагдуулагчидтай хуулийн хүрээнд тэмцдэг болж.
Адаг сүүлд нь амьтанд зориулж гарц, гарам хүртэл байгуулахаар болсноо зарлалаа. Хачирхалтай нь, тус захиргааныхан байгаль, зэрлэг амьтад, хотын оршин суугчдад хамгийн бодитой аюул заналхийлэл учруулж, эрсдэл дагуулж буй төмөр хашаануудыг буулгах, цэгцлэх чиглэлд дорвитой анхаарахгүй нү дэн балай, чихэн дүлий мэт царайлсаар өнөөдрийг хүрсэн. Харин одоо амьтдыг чөлөөтэй зорчуулах шинэ “зам” гаргах гэнэ. Энэ нь хамгаалалтын захиргааны даргынх нь мөрөөдөл юм байх. Богдхан уул орчмын бүсэд амьдардаг иргэд, нутагладаг амьтад, тогтсон маршрут, тохижуулсан хэсгүүдийн дагуу амарч, алхдаг хүмүүсийн амгалан тайван байдлыг дээд зэргээр алдагдуулдаг зүйл нь угтаа стандартын бус, эзэнтэй, эзэнгүй хашаа шүү дээ. Өдгөө Улаанбаатар хотод нүхэн гарц байгуулахаас илүү тулгамдсан асуудал нь уул болгоны амыг хааж барьсан төмөр, торон хашаанууд юм.
Уг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрч лөлтийн яам, Богдхан уулын Хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газрынхан өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс дархан цаазат уулын бүс дэх төмөр хашаануудтай “тэмцэж” эхэлсэн. Хотын ногоон бү сэд стандартгүй, замбараагүй, хууль зөрчин барьсан хашаануудыг буулгах хууль, эрх зүйн боломж бүрдлээ хэмээн дээрх байгууллагынхан сүр дуулиантай зарлаж, салбарын сайд нь Бага тэнгэрийн амнаас энэ талаар лайв хийж “попорч” байсан юм. Харамсалтай нь, тэд үүнийхээ хэмжээнд үр дүнтэй, далайцтай ажиллаж чадсангүй. Ёс төдий, дүр үзүүлсэн ажлууд хийсээр жил тойров. Албаныхныг ийнхүү алгуурлаж, дургүйд хүчгүй загнаж байх зуурт Богдхан уулын амнууд дахь төмөр хашаанууд улам уртассаар, дархан цаазат бүс дэх барилга, байгууламж олширсоор. Хотынхны хамгийн их очдог Зайсан, Их, Бага тэнгэр, Хүрэл тогоотын аманд гэхэд ганцхан жилийн дотор олон барилга шинээр босчихсон, сараалжин хашаа хаа сайгүй татчихсан байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Богдхан уулын Зайсангийн амны хэсэг газрыг нийслэлээс амралт, зугаалгын бүс болгож тохижуулсан. Тийшээ нэвтрэхийн тулд иргэд автомашинаа зориулалтын зогсоолд зайдуу байршуулж, ойн зах, модны сүүдэр бараадан амарцгаадаг. Дугуй цагаан, Тэнгэр хад гэхчлэн явган алхалтын маршрутууд руу тэндээс хэд хэдэн чиглэлээр очицгоодог юм. Урин дулааны улиралд тус бүс амрагч, алхагчдын хөлд дарагдаж, гадаадын цэцэрлэгт хүрээлэн шиг л байх болсон. Үүнтэй зэрэгцээд тусгай хамгаалалттай бүсэд аялал жуулчлалын нэрээр үйл ажиллагаа явуулдаг ресторан, амралтын газрууд ч шинээр бий болж, хашаа хайсаар эзэмшлээ хязгаарлах нь ихсэв. Энэ хэсэгт гэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн байгууллагынхны тарьсан мод, бутыг хамгаалж байна гээд тусгаарлалтын, уртаас урт ногоон торон хашаа татчихсан. Амралтын бүсийн баруун дээд талд “Хан голомт” хэмээх тансаг зэрэглэлийн хотхон Богд уулын энгэрийг мод, устай нь, иргэдийн алхдаг байсан жимийг хүртэл хашаалаад авчихсан байгаа. Хашаа нь том, өндөр гэж жигтэй. Амьтан байтугай хүн аргыг нь олж давахад бэрх. Цаахан талд нь “Агаарлая” нэртэй амралтын газар мөн л ойн захад төвхнөөд, уулын энгэрт чиптэй нэвтрэх хаалт хийчихсэн. Энэ болгон иргэдийн чөлөөтэй, аюулгүй зорчих боломж нөхцөл, тав тухыг алдагдуулж, нийтийн эзэмшлийн гэх орон зайг хумьж байна. Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг ч хязгаарлаж, гэмтэж бэртэх эрсдэлийг үлэмж нэмэгдүүлсээр. Ан амьтад өргөст тор, төмөрт өлгөгдөн, сүлбүүлж үхсэн зураг, дүрс бичлэг байсхийгээд л нийгмийн сүлжээнд тархаж, олон нийтийг эвгүйцүүлдэг нь манай хотын ногоон бүс эзэнтэй, эзэнгүй төмөр хашаагаар дүүрсний илрэл юм.
Зайсангийн амаар жишээлэхэд л ийм байна. Цаашилбал Богдхан уулын аль байршил сайтай, үзэсгэлэнт тогтоцтой, төв сууринтай ойр амнууд бүгд л хүн алхах сул чөлөөтэй газаргүй болтлоо барилга, байгууламж, төмөр хашаанд эзлэгдчихсэн. Энэ асуудалд дорвитой анхаарахгүй, чигтэй арга хэмжээ авахгүй бол нийслэлчүүдийн амьдрах орчин, аюулгүй байдал тартагтаа тулах нь. Хотын ногоон бүс ч эзгүйрч мэдэх нь.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) зэрэг олон улсын байгууллагынхны оролцоо, дэмжлэгтэйгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Зам, тээврийн яамныхан хамтран Төмөр болон хурдны авто замын хориг хашаа, ерөнхий шаардлага (7042:2024) стандартыг уржнан баталсан ч Монголын хөдөөд үүнийг огт дагаж мөрдөхгүй байгаа. Тэгвэл үүний дараа жил нь нийслэлийн Байгаль орчны газраас баталсан Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага стандартын хэрэгжилт ч туйлын хангалтгүй байна.
Уг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрч лөлтийн яам, нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, нийслэлийн ЗДТГ-ынханд стандартын бус хашааг татан буулгах, цэгцлэх, газраа зориулалт бусаар ашиглан барилга, байгууламж барьсан, нийтийн эзэмшилд халдсан зөрчлүүдэд арга хэмжээ авах эрх, үүрэг нь бий. Тэд хүч гаргаж тэмцэхгүй л байгаа болохоос үүнийг шийдэх нөлөө, эрх мэдэл хангалттай байгаа. Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нарын гарын үсэг, тушаал, шийдвэрээр тусгай хамгаалалттай, дархан цаазат бүсэд иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар олгодгийг бид мэднэ. Тэр ч бүү хэл, тусгай хамгаалалттай бүсийн нөөц, даацыг харгалзан газар олголтыг хязгаарлах эрх сайд нарт байдаг. Харин нийслэлийн удирдлагууд бол нийтийн эзэмшилд халдсан, хууль зөрчин барьсан барилга, байгууламж, хашаа, хашлагыг буулгуулах, газрыг тодорхой зорилго, зориулалтаар чөлөөлүүлэх эрх мэдэлтэй. Гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, хотын өнгө үзэмжийг гутаасан гэх нэрээр нийслэлийнхэн ТҮЦ-тэй хэрхэн тэмцэж, жижиглэн худалдаа эрхлэгчдэд эр бяраа үзүүллээ дээ. Энэ бол сайд, дарга нарт ямар их эрх мэдэл байдгийн нотолгоо юм. Тэд дархан цаазат уулын бүсэд барьсан хашаануудыг буулгаж хүчрэхгүй байгаа юм биш, мөнгө, эрх мэдэлд найр тавьж буйн илрэл гэлтэй.

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал “Стандарт баталлаа гээд энд байгаа хашаануудыг хамгаалалтын захиргааныхан дур мэдэн буулгах боломжгүй. Эрх зүй, төсөв санхүү, захирамж, шийдвэрийн дэмжлэг хэрэгтэй. Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглалтын хяналт бараг байхгүй болсон” гэж хэлсэн нь ч шалтаг юм. Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа бол хариуцсан нутаг дэвсгэрийнхээ экосистемийг хамгаалах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах үндсэн үүрэгтэй, салбарын яамны шууд харьяанд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага шүү дээ. Тэд бодохоос, санаа зовохоос хэтрэхгүй байна гэдэг нь чиг үүргийнхээ хүрээнд яамтайгаа уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байна л гэсэн үг. Эзэнгүй хашаануудыг татан буулгах болохоороо “Зэрлэг амьтдад ээлгүй, стандартын бус хашааг нураалаа” хэмээн уралдан мэдээлдэг атлаа хариуцлага, хууль, стандартын хэрэгжилт ярихаар ийн хойш суудаг байж болохгүй.
Ирэх намар Улаанбаатар хотод болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл гээд манай улсын байгаль орчны салбарынхан шат шатандаа бужигнаантай, толгой өөдгүй ажиллаж байна. Хотоо өнгө үзэмжтэй харагдуулна гээд уулан дээрх чулуун бичээсийг хүртэл өнгөлж арчилж байх жишээний. Угтаа бол дархан цаазат уулан дахь төмөр хашаануудыг цэгцэлж чадвал тэр л жинхэнэ үлгэрлэл, манлайлал, олон улсын томоохон арга хэмжээ угтсан кампанит ажил болох юм.
Байгаль, зэрлэг амьтны төлөөх бодитой үйл хэрэгт тооцогдох нь ч гарцаагүй. Даанч манайхан цаг үе, бодит хэрэгцээ шаардлагаа мэдэрч, тулгамдсан асуудлаа эрэмбэлж чаддаггүй нь хөөрхийлөлтэй.
Н.Мишээл